etoim.mn
photos/00ade1dcd83157b2d040b19f6478defa.jpg

“Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежментийг Монгол Улсын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ХХК, Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” компанид шилжүүллээ.

Менежментийг шилжүүлэх ёслолын үеэр талууд “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигчид 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр үлдсэн ажлаа бүрэн дуусгаж нисэх буудлыг ашиглалтад оруулах юм.

Япон Улсын менежмент, үйлчилгээний соёл шинэ нисэх онгоцны буудалд нэвтэрч, нислэгийн болон зорчигчдын тоо нэмэгдэн, аялал жуулчлал хөгжиж энэ хэрээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.

Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албаны бусад хүн оролцов.  

Өнгөрсөн онд Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ шинэ нисэх онгоцны буудал барих төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах талаар ярилцаж, онцгой анхаарч ажилласныг Ерөнхий сайд хэлэв. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх менежментийн гэрээ нь иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих, Япон Улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг нутагшуулах давуу талтай тэмдэглэж, хоёр улсын харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааны нэг шинэ хуудас эхэлснийг онцлов.

Мөн энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон төр, хувийн хэвшлийн байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.   

“Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежмент эхэлж байгаа нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам батжиж байгаагийн илрэл гэж Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато хэлэв.

Одоогийн “Чингис хаан“ нисэх буудал жилд нэг сая зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 22 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай. Цаашид өргөтгөл хийн зорчигчдийн тоог таван сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.

Менежментийг эхлүүлэх ёслолын үеэр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр шалгах нислэг гүйцэтгэн Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудалд амжилттай газардсан тухай рапортыг агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа  Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэв.

Мөн өдөр шинэ нисэх буудалд үйл ажиллагаа явуулах төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх