etoim.mn
photos/f45ab399-d078-42b1-a346-8c2620b08dd0.jpg

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаж, ээлжит бус чуулганыг өнөөдөр нээлээ. Ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд  чуулган 66 өдөр үргэлжилж, 24 удаа 117 цаг хуралдаж 118 асуудлыг хэлэлцэж шийджээ. Байнгын болон дэд хороо 183 асуудлыг хэлэлцжээ. Хаврын чуулганаар 99 хууль 44 тогтоол баталсан нь намрын чуулганаас 50 хувиар илүү байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ... Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа.  

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан.  

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой үүрэг чиглэлүүд өгснийг зориуд цохон тэмдэглэе. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулж байна.  

Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. 

           Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал, дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье. 

Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ. 

Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  

Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье.

Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг УИХ-ын Байнгын хороо хэлэцэж, чиглэлээ гаргах ёстой гэдгийг тэмдэглэж байна. 

    Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх