etoim.mn
photos/НИТХ_b.jpg

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан: "Буянт-Ухаа 972 айлын орон сууцаа хүлээн авах ажлыг яаравчлах хэрэгтэй. Гэхдээ 972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 43 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ” гэв. 

НОСК-ын захирал Б.Сүхбаатар: “Газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсон” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн учраас энэ удаад найман чиглэлээр хуваарилж өгөх нь зөв гэсэн юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргалаа.

Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ

Мөн Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм.  Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Ингэхдээ Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна. Нөгөөтэйгүүр орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой юм. Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн есөн дүүрэгт төвлөрөөд байгаа түрээсийн орон сууцанд хамрагдахтай холбоотой өргөдлүүдийг нэгдсэн системд бүртгэх боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх, иргэдийг түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдсан. Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж буй юм.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.7]

2019-07-05 11:20:51