etoim.mn
photos/tbh.jpg

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2019.07.02) хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүд зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ажлын хэсгийн зарим гишүүд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн үг бүр утга, агуулга илэрхийлдэг учир төслийн зүйл, заалтын үг, найруулгыг Үндсэн хуульд нийцүүлэн бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн тэрбээр, төслийн 51.3 дахь хэсэг Дээд шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн гэх зэрэг шалгуур тавьсныг тодруулахын зэрэгцээ Шүүгчийн хариуцлагын зөвлөл шүүгчийг чөлөөлөх шийдвэр гаргана гэснийг хасах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн улстөрийн мэргэшилтэй байна гэснийг хассан шалтгааныг лавлаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тойргийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтаар баг, хорооны Засаг даргыг сонгодог зарчмыг иргэд дэмжсээр байхад төсөлд “баг, хорооны засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга шууд томилохоор” тусгасныг тодруулж байлаа.

Үндсэн хуулийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан хариултдаа, 2016 оны Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 15 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг 7 аймгаар явж уулзалт, судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар баг, хорооны засаг даргыг сонгох нь буруу гэж судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь үзсэн байна. Иймд төсөлд тусгасан. Мөн саяхан хөдөө орон нутгаар уулзалт хийгээд ирсэн гишүүдийн 80 хувь нь дээрх асуудлыг иргэд дэмжиж байна хэмээн ярьсан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг “чөлөөлнө” гэж байхгүй тул бид алдаагаа олж хараад уг өгүүлбэрийг төслөөс хассан гэж байлаа.

Улсын дээд шүүхийн шүүгчид мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэсэн шалгуур тавьсан бөгөөд одооны Үндсэн хуульд 10 жил гэж заасан байдаг. Улсын дээд шүүх нь онолын шүүх буюу хуулийн тайлбар хийдэг газар учраас прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн профессор гээд хуулийн мэргэжлийн өөр өөр хүмүүсээр бүрдүүлдэг олон улсын жишиг байдаг. Үүнийг нээж өгч байгаа гэж Дэд ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нэмэлт хариултыг өгөв. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн, улстөрийн өндөр мэргэшилтэй гэж заасан байдаг ч хууль зүйн мэргэжлийн бус хүмүүсийг олноор томилсноор цэцийн тайлбарын үндэслэл муу, дулимаг гардаг. Иймд Үндсэн хуулийн түвшний улс төрийн харилцааг ойлгодог, хууль зүйн өндөр мэргэжлийн тайлбар гаргах гэдэг агуулгаар төслийн заалтыг оруулж ирсэн гэж байлаа.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн, 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх санал дэмжигдсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн 39.1-ийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах, 60.2-т заасан “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтсон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх