etoim.mn
photos/Who-Will-Win-The-2019-FIFA-Womens-World-Cup.jpg

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”

Францад явагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээний хасагдах шатны “гал гарсан” тоглолтууд эхлээд байна. Плей-оффын эхний тоглолтод Германы бүсгүйчүүд Нигерийн багийг 3:0 харьцаагаар буулган авч шөвгөрлөө. Нэгэн үе эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт ноёлж, 2003, 2007 оны ДАШТ-д түрүүлж байсан Германы багийн “алтан үеийнхэн” нь зодог тайлснаас хойш , дэлхийн аваргаас медаль хүртэлгүй 10 гаруй жилийг өнгөрчээ. Гэвч энэ удаагийн ДАШТ -д шинэ залуучууд нь туршлага сууж, медалийн төлөө өрсөлдөх хүчтэй баг дахин бий болсон нь харагдана. Одоогоор тэд дөрөв тоглоод дөрөв хожоод байгаа бөгөөд хаалгандаа нэг ч бөмбөг алдаагүй байгаа. Герман бүсгүйчүүд одоо шөвгийн наймд Швед-Канадын аль хожсонтой тоглоно.

Медалийн төлөө, бүүр аварга болох ч боломжтой хоёр баг 16-д буюу дэндүү эрт учраа таарсан нь Норвег- Австрали. 1995 оны дэлхийн аварга болж байсан Норвегийн шигшээд өнөө цагийн эмэгтэй хөлбөмбөгийн шинэ од Ада Хегерберг нь тоглоогүй хэдий ч Скандинавын шаргал үст бүсгүйчүүд шилдэг гаймд шалгарч шөвгөрлөө. Тоглолтын агуулга, багийн ажиллагаа бол тун сайн байна даа. Австралийн бүсгүйчүүд хүчтэй багуудын тоонд ордог ч медаль авах багт нэрлэгдэж байсан удаагүй. Харин сүүлийн хоёр жилд АНУ-ын шигшээг нэг буй хожиж, “Үндэстний цом” тэмцээнд түрүүлсэн, мөн багийн ахлагч , лидер Сэм Керр нь тун өнгөтэй байсан болохоор энэ жил хээхэн хүлээлт үүсгээд байсан юм. За тэгээд ийм хоёр багийн тоглолт ямар болох ёстой билээ яг л тийм боллоо. Норвег тоглолтын салхийг хагалж, 1:0 -ээр хошуучилж явсан ч тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Австраличууд булангийн цохилтоос тоог тэнцүүлж амжсан юм. “Франц-2019” -д хэдийн 5 гоол оруулаад байгаа Керр энэ тоглолтод бас л гоол оруулсан ч “отон тоглолт” гээд тооцоогүй. Нэмэлт цагт норвегичүүд илүүрхсэн. Хоёр ч удаа бөмбөг Австралийн хаалганы шон, хөндлөвчийг онож, хаалгач нь багаа нэг бус удаа аварсан.Уулга алдуулсан 120 минут өндөрлөж, бүх зүйл торгуулийн цохилтоор шийдэгдэх болов. Хэзээний хий багатай норвег бүсгүйчүүд бүх цохилтоо амжилттай гүйцэтгэсэн бол, Австралийн багийн ахлагч Керр анхны цохилтыг “тэнгэр” рүү илгээж, араас нь дахиад нэг тоглогч хаалгаснаар 4:1-ээр Норвег хожин, шөвгийн наймд үлдэж , Англитай учраа таарлаа. Англичүүд 2017 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаа энэ жил доор хаяж батлах, тэгээд медалийн өнгөө хувиргах, болж өгвөл аварга ч болох том зорилготой Францад ирсэн. Нэртэй хөлбөмбөгч, Английн эрэгтэйчүүдийн шигшээ баг, “Манчестер Юнайтед”, “Эвертон” багуудад тоглож явсан Фил Нэвиллийн удирдсан “Гурван арслант” бүсгүйчүүд , хэсгийн тоглолтод нэг ч хожигдолгүй нэгээр шалгарч, 16-д Камеруны “Номхоршгүй эрслэнгүүдийг” 3:0-ээр номхотгов.

“Хар тив”-ийн эмэгтэйчүүдийн баг 16-аас ахиж байсан түүхгүй бөгөөд энэ удаагийн тэмцээн ч ийнхүү Африкийн төлөөлөлгүй цааш үргэлжлэх боллоо. Гэхдээ Англи-Камеруны бас дуулиан шуугиан дүүрэн өндөрлөсөн. “Номхрох” дургүй камерунчууд талбайн шүүгчийн болон Видео шүүлтийн шийдвэрт удаа дараа гомдоллож, уйлж нэг үзэж, уурлаж нэг үзэж, бүүр тоглолтыг орхихыг нэг бус удаа оролдсон.

16-д хоорондоо таарсан, бас л дээгүүр “зодоглох” багийн тоонд орсон хоёр баг болох Франц-Бразилийн багийн тоглолт ч эн тэнцүү болсон. ДАШТ-ээс медаль зүүж үзээгүй Франц бүсгүйчүүд энэ удаа нутаг дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй давуу талаа ашиглаж, аварга болох төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой. Багийн бүрэлдэхүүн туршлага ихтэй шилдэг тоглогч олонтой. Эмэгтэйчүүдийн “Аваргуудын лиг”-ийн сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байгаа “Лион” багийн долоон тоглогч Францын шигээд байгаа. Дээр нь хамгаалалтын “хана хэрэм” болсон, 187 см өндөр, “Эмэгтэй Ван Дейк” гэмээр Вэнди Ренардыг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрбээр төвийн хамгаалагч хэдий ч хэдийнээ 3 гоол оруулаад байгаа.

Харин Бразилийн шигшээгийн хувьд ДАШТ-ий хамгийн “настай” багийн жагсаалтад зөвхөн АНУ-ын дараа бичигдэж байгаа. Багийн ахлагч , гол лидер Марта нь 33 , хаалгач Барбара 30, хамгаалагч Тамиреш 31, Моника 32, хагас хамгаалагч Тайша 30, Формига 41, довтлогч Кристиане 34 настай гээд бүх шилдэг тоглогчид нь 30 гараад явчихсан баг л даа. Хэдий туршлагатай ч , хурд, хүчний тал дээр яалт ч үгүй асуудалтай. Дараагийн ДАШТ-д бараг дээр дурдсан бүх тоглогчид тоглохгүй биз. Тиймээс ч сүүлчийн боломжоо ашиглаад аварга болох гээд бүх л хүчээ шавхаж буй.

Эн тэнцүүхэн болсон энэ тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн. Ахмад тоглогчид олонтой болохоор асуудлыг үндсэн цагт шийдэх гээд хамаг солилцоогоо үндсэн цагт Бразилийн дасгалжуулагч хийчихсэн нь том алдаа болсон болов уу. Нэмэлт цагт хийх эрхтэй ганц сэлгээг ч гэсэн Кристиане гэмтэл аваад эрт хийхээс аргагүй болсон. Нэмэлт цагт үндсэндээ Бразилийн “бензин” дууссан гэхэд болноо. Цагтаа цалгиж явсан Марта аргагүй насанд дарагдаж ээ. Эрчүүдийхээс ч дутахгүй ур чадвар, техник, хууралт нь ер харагдахаа байж. Гэхдээ нэмэлт цаг дуусахаас өмнө Бразилийн Дебиньро гоол оруулах, улмаар ялалт ч авчрах маш том боломжийг алдсан. Ингээд “чи хийхгүй бол би хийе” гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй хууль үйлчилж, Францын ахлагч Анри хожлын гоолыг оруулж, багаа шөвгийн наймд хөтөллөө. Талбайн эздийн дараагийн учраа АНУ-Испанийн аль хожсон нь байх болно.

Ийнхүү шөвгийн наймд одоогоор Швед, АНУ, Франц, Англи, Норвег, Германы багууд үлдээд байна. Өнөөдөр Итали-БНХАУ, Холланд-Японы багууд тоглоно.

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх