etoim.mn
photos/hw77p.jpg

Энэ оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 10 орчим хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 45 хувиар өссөн тоон дүн гарчээ. Нийслэл хотод хоногт дунджаар гурван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг гэсэн тоон үзүүлэлт байдаг. Гэхдээ энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо.

Хэдийгээр иргэдээс ирүүлж байгаа дуудлага мэдээллийн ачаар хохирогчдын тоо багасч байгаа боловч үүний цаана хэчнээн эмэгтэйчүүд энэ зовлонг бие мах бодоороо эдэлж байгааг таахад бэрх.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэнхдээ үдэш оройн цагаар үйлдэгддэг гэнэ. Тиймээс өнгөрсөн баасан гариг буюу /2019.06.21/-нд Нийслэлийн БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэст очиж, шөнийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг бэлтгэхийг зорилоо.  

Тус хэлтэсд энэ төрлийн гэмт хэргийн гаралтын талаар бид тухайн өдрийн хариуцлагатай жижүүр, төмөр зам дахь цагдаагийн хэсгийн дарга, хошууч Э.Мөнхбатаас тодруулахад: Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг хоногт 10-12 удаа зарим тохиолдолд 15 бүртгэгддэг байсан. Гэхдээ сүүлийн үед энэ тоо 8-10 зарим тохиолдолд 4-5 болж буурсан гэсэн юм.  

Хүн ам ихээр төвлөрсөн дүүргүүдтэй харьцуулахад бага гардаг боловч тэглээ гээд тайвширч болохгүй тоо. Мөн уг хэргийн гаралт багасаж байгаагийн гол шалтгаан нь нэгдүгээрт иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дуудлага мэдээлэл өгөх нь нэмэгдэж байгаатай холбоотой. Хоёрдугаарт материалжуулалтыг сайн хийж шуурхай арга хэмжээ авч байгаатай холбоотой аж.

Бүх зүйл сайнтай, муутай. Энэ төрлийн гэмт хэрэг нь өөрөө давтагдах байдлаар илэрдэг. Учир нь хүчирхийлэгч эхний удаад гэр бүлийн хүндээ гар хүрэхэд хохирогчид ихэнхдээ дуугүй өнгөрдөг. Ингээд уухаа болих байх, зүгээр л түр зууур ингэж байгаа байх гэж бодон цаг хугацаа өнгөрөхөөр тайвшрах байх гэж хий дэмий горьдлого тавин хүлээсээр л ... Энэ мэтээр өөрсдийн хүүхэд шиг бодолдоо итгэсэн хохирогчид энэ талаар хэдэн жилийн турш нуух тохиолдолд ч байдаг гэнэ. 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хүн бүрийн мэддэгээр нийгмийн нэгээхэн хэсэг боловч далд хэлбэрээр оршин тогтнодог. Түүнийг илчилнэ гэдэг тийм ч амар биш. Айна, ичнэ, санаа зовно. Хамгийн харамсалтай нь илчлэхгүй л бол айдас, түгшүүр хэзээ ч арилахгүй. 

Үдшийн 23:30 цагийн байдлаар тус хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн талаар гурван дуудлага иржээ. Тэдгээрийн нэг болох хохирогч Д.О цагдаагийн байгууллагад хүчирхийлэлд өртсөн талаараа мэдүүлэг өгч байгаатай бид таарсан юм. Тэрээр сүүлийн сар орчмын хугацаанд сэтгэлзүйн хувьд маш их дарамттай байсан бөгөөд өнөөдөр арга буюу хууль хүчний байгууллагад хандаж байгаа нь энэ.

Хүчирхийлэл гэхээр л зөвхөн зодуулж нүдүүлэх биш гэдгийг хүн бүр мэддэг болсон. Хэдийгээр хохирогчийг зодож нүдэхгүй ч гэсэн түүнийг гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах, мөрдөн мөшгих зэрэг үйлдлүүд орох бөгөөд энэ нь сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн ангилалд багтдаг.  

Иргэн Д.О яг л энэ шалтгаанаар цагдаад ханджээ.  Хэдий түүнд хэцүү байгаа ч өөрсдийн хойч үе болсон залуустаа анхааруулж бас сургамж болгох зорилгоор бидэнд өөрт тохиолдсон зүйлээ ярихыг зөвшөөрсөн юм. 

Түүнийг Д.О гэдэг. Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг тэрээр насаараа соёл урлагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ. Бусдын л адил залуу халуун насандаа хайр сэтгэлээр ханьтайгаа нийлж дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болоод тэднийгээ тусд нь гарган үр ачын зулай үнэрлэж яваа нэгэн. Гэтэл сүүлийн сар орчмын хугацаанд түүний нөхөр болох А.Л нь найз нөхөдтэйгөө нийлэн шалтгаангүйгээр архи уух болж. Тэгэх бүрийдээ эхнэрээ элдвээр хэлж тайван суулгахаа байжээ. Хэдийнэ жаран насыг ардаа орхиж, дал хэвийсэн түүний хувьд  чухам юу болоод байгаа талаар ойлгохын тулд бас нөхрөө чухам юунд эмзэглэж байгаа талаар мэдэх гэж хэрэндээ л хичээж. Аргаа бараад энэ дарамтыг тэсэхийн тулд өөртөө түргэн дуудаж, даралтны эм бичүүлж авчээ. Гэхдээ нэг л өдөр зүгээр болох байх гэж хүлээсэн ч байдал бахь байдгаараа. Эцэс сүүлдээ түүний нөхөр сүхээр хаалгаа эвдэн гэртээ оржээ.

Тухайн үед Д.О гэртээ байгаагүй ч, хэрэв тэр үед гэртээ байсан бол надад юу тохиолдох байсныг мэдэхгүй байна хэмээн айсандаа  гар хөлөө чичрүүлэн суухыг харах үнэхээр хэцүү байлаа. Хэдий түүнд хэцүү байсан ч энэ талаар хүүхдүүддээ хэлээгүй гэнэ. Учир нь нас биед хүрсэн хүүхдүүд нь ээжийгээ өмөөрөөд яаж ч магадгүй гэж бодсон хэрэг. Гай нь таараад надаас болоод хүүхдүүд минь хэрэгтэн болчихвол яана гэж хэлэх түүний үг "үхтэл үр харам" гэдэг үгийг өөрийн эрхгүй санагдуулсан юм.

Тэрээр үргэлжлүүлэн: "Хүүхдүүддээ эвийг нь олоод учирлаад хэллээ гэж бодъё. Төрүүлсэн эх нь юм болохоор ээжийгээ гэртээ аваачих л байх. Энэ талаар эхлээд худууд маань дараа нь эргэн тойрны таньж мэддэг хүмүүс мэдээд юу гэх бол гэж бодож өдийг хүрлээ. Хамгийн гол нь надаас болоод хүү маань сэтгэл санааны хувьд хүнд дарамтанд орвол яана. Өөрийнхөө сайн сайхны төлөө үр хүүхдүүдээ зовоодог эцэг эх гэж нэг ч байхгүй шүү дээ" гээд хоолой зангируулан хэлсэн юм.

Түүний нөхөр болох А.Л-г тухайн үед эрүүлжүүлсэн бөгөөд хуулиараа бол маргааш нь суллах юм байна. Мөн Д.О гэртээ харихаас айж байгаа бөгөөд нөхрийгөө маргааш гараад бас яах бол гэхээс айж байна. Ямар ч байсан цагдаад тэмдэглүүлсэн болохоор гайгүй байх гэлээ. Түрүүн хэлсэнчлэн Д.О гэртээ очиж чадахгүй бас хүүхдүүддээ хэлэх боломжгүй учраас түр хамгаалах байранд очих уу гэж асуухад тэрээр:  Уг нь бол гэр бүлийн хүчирхийллээс болоод хохирсон хүмүүсийг хэд хоног байрлуулдаг тусгай газар байдаг юм билээ. Гэхдээ тэнд нь зай хүрэлцдэггүй юм шиг байсан. Өөр олон л эмэгтэйчүүд байгаа байлгүй. Миний оронд ганц ч болов эмэгтэй тайван хоног дээ. Эгч нь найзындаа хононо гэх нь тэр. Хэцүү үед түшээд авах найз байгаа нь яамай даа. 

Нийслэл хотын хэмжээнд нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байр, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байр, Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон” түр хамгаалах байр гээд гурван түр хамгаалах байр байдаг.

Мөн тэрээр үргэлжлүүлэн: Гайтай энэ архинаас болоод дөнгөж цэцэглэж байгаа амьдралаа үгүй хийж салж байгаа залуучууд бас тэдэнд зааж зөвлөх ёстой ахмад, дунд үеийнхэн олон байна. Ичмээр байгаа ч гэсэн эгч нь тэдний тоог нэмэх гээд л сууж байна.

Өөрийн гэсэн мэдлэг боловсролтой, тогтсон амьдралтай өдий насны хүн ийм шалтгаанаар харанхуй шөнө цагдаагийн газарт сууж байгаадаа санаа зовж л байна. Тэглээ ч гэсэн та нарт яриа өгөхийг зөвшөөрсөн нь залуучуудыгаа ирээдүйд битгий харамсаасай бас юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ухаараасай гэж хүссэнийх. Нийгэм нь өөрөө болохгүй юм л даа. Хуулиндаа шөнө архи зарахыг хориглоно гэсэн ч шөнөөр илүү их архи уусан залуучууд байна гэж мэдээгээр гардаг. Бас архинд орж байгаа хүмүүсийн нас залуужиж байна. Арга ч үгүй биз. Ажлын байр байхгүй байна гэж байхад архины үйлдвэрүүд нэмэгдээд дээрээс нь сайхан сайхан залуучууд архи сурталчлаад байгаа юм чинь. Гэхдээ та нар архийг биш, архи та нарыг уудаг гэдгийг санаж явах хэрэгтэй шүү. Хүний сайхан үрийг жаргаана гэж авч суучхаад зовоогоод байж болохгүй шүү дээ. Хэрэв энэ маягаараа яваад байвал нэг л өдөр эрчүүд нь шоронд эмэгтэйчүүд нь эмнэлэгт, хүүхдүүд нь харж хандах хүнгүй үлдсэн байх вий гэж санаа зовж сууна. Тийм учраас залуус та нар минь сонголтоо зөв хийж, төр Засаг минь энэ архиныхаа эсрэг яаралтай арга хэмжээ аваасай гэж хүсч байгаагаа бид бүхнээр дамжуулан уламжлахыг хүссэн юм.

Хууль бус тоглоомын газрыг илрүүллээ

Шөнийн 00 цаг өнгөрч байхад  тус дүүрэгт хууль бус автомат тоглоомын газар илрүүлсэн талаар дуудлага ирлээ. Тус дуудлагын дагуу гарах хэсгийн цагдаа нартай хамт  бид ч бас хамт хэргийн газарт очлоо.

Бид Баянгол дүүргийн гуравдугаар хороо 3/36 дугаар байранд очлоо. Тэнд Баягол дүүргийн нэгдүгээр хэлтэс, төмөр замын цагдаагийн хэсгээс “Хяналт, шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсаны үр дүнд тус газрыг илрүүлжээ.

Гаднаасаа харахад энгийн нэг хувцасны дэлгүүр шиг харагдах боловч цонхныхоо дээд талт мөн арын цонхонд камер суурилуулсан байсан бөгөөд орцоор орох хаалгыг битүүлэн гадаа хаалганд давхар төмөр хаалт байрлуулжээ. Мөн цонхыг дотор талаас нь үзэгдэх орчинг хязгаарлаж хар тень  битүү наасан байлаа. Хажуугийнх нь паб биш үү гэж лавлахад автомат тоглоомын газар байгуулж тоглуулах нь хууль зөрчиж байгаа учраас ихэнхдээ энэ мэт үйл ажиллагаа явуулахаа больсон энгийн газрыг сонгодог аж. 

Хаалгаар дотогшоо ороход тамхины эхүүн үнэр ханхалж дуун дээр гардаг шиг цэнхэр манан суунаглан байх нь тэр. Үүд хэсэгтээ нэг автомат тоглоомын машин байрлуулсан бөгөөд цаахан талд нь хяналтын дэлгэц байв. Цаад өрөөнүүд рүү ороход 3-4 тоглоомын машин байрлуулсан байсан бөгөөд нэг V.I.P маягийн өрөө байх нь тэр.

Дотор тухайн газрын эзэн болох иргэн н.Ж өөрийн дүү нар гэх 4-5 залуугаас гадна нэг Өвөр-Монгол иргэнтэй хамт байсан юм. Иргэн н.Ж ихэд бухимдсан байдалтай цагдаа нараас та нар яагаад манайд орж ирсэн юм? би энд хүмүүсийг тоглуулаагүй байсан. Намайг зүгээр эд нарыг хадгаллаа гээд манай юмнуудыг хурааж байгаа юм уу? гэх мэтээр асуултуудаа ар араас нь давтсаар л.

Түүний дүү нарын хувьд ахтайгаа хамт хоол идэж ирээд удаагүй байна гэсэн бол Өвөр-Монгол иргэн тус газар байрлуулсан автомат тоглоомуудын тохируулагч хийж байсан байж болзошгүй байдалтай байсан юм. Түүний хувьд нэр ус нь тодорхойгүй бөгөөд цагдаагийн алба хаагчдад манай улсад ирээд удаагүй мөн одоогоор байрлаж байгаа айлдаа бичиг баримтаа үлдээсэн гэсэн тайлбарыг өгчээ.

Иргэн н.Ж-ын байн байн эсэргүүцэх өнгө аясаар өмнөх асуултуудаа давтсаар байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нарт хандан та нарт ингэх эрх, хуулийн акц байхгүй. Хуулиараа ярина, өмгөөлөгчөө уулзуулна  гэх мэтээр өөрийн байр суурийг илэрхийлсээр байлаа. Тухайн үед алба хаагчид “Та энд тоглоомын машин суурилуулсан байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл. Таныг энд хүмүүсийг тоглуулсан эсэхийг бид нар шалгалтаар тогтоох болно” гээ хариулаад хяналт, шалгалтын ажлаа үргэлжлүүлсэн юм. 

Ажаад байхад овор хэмжээгээр томыг эс тооцвол бага насны хүүхэд тоглодог тоглоом шиг л харагдах юм. Яагаад 90ээд оны сүүлээр сига, сони гэдэг тоглоомд ногоон карт уншуулж байгаад л онгоц, танк, машин уралдуулдаг байгаагүй юу? Яг л тэр тоглоом шиг харагдах юм. Гэхдээ хүүхэд шиг сохор азанд найдаад иймэрхүү тоглоомоор хайран сайхан залуус минь тоглож байгаа гэж бодохоор өмнөөс нь ичих ч шиг, бас өрөвдөх ч шиг.  

Эдгээр иргэдэд ямар хуулиар ямар хариуцлага оногдуулах болон тус газрын эд зүйлсийг хэрэх талаар хошууч Э.Мөнхбатаас лавлахад: Энэ тохиолдолд хуулинд  “зөрчил үйлдэхэд ашиглагдаж байгаа эд зүйл, техник хэрэгслийг хурааж аван хэргийг хянаж шийдвэрлэсний дараа буцаан олгоно” гэсэн заалт байдаг. Одоогоор бид тус газрын үйл ажиллагааг зогсоон эд зүйлсийг нь хурааж аван хэргийг материалжуулж прокурорт шилжүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн хууль бус автомат тоглоомын газар тоглож байгаа иргэнд ямар нэг хариуцлага ногдуулах зүйл заалт байхгүй. Харин тоглох байраар хангаж, хууль бус тоглоомыг зохион байгуулж буруутай нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага ногдуулах журамтайг нэмж хэллээ.

Уг газрын талаар иргэд анх мэдээлэл өгсөн бөгөөд алба хаагчид их удаан ажиглажээ. Учир нь иймэрхүү газар нэлээн нууцлалтай байдаг бөгөөд зөвхөн тоглохоор ирсэн хүмүүс л ордог. Гэхдээ дотор байгаа хүмүүс тоглох гэж байгаа болон сонжих гэж байгаа хүмүүс яаж ялгадаг нь ёстой сонин. Алба хаагчид багагүй хугацаанд тус газрыг хяналтдаа байлгаж байсан бөгөөд өнөөдөр санамсаргүйгээр дотроос нь хүн гарч ирэх үед нь зөрж орсон нь энэ юм байна. 

Цагдаагийн алба хаагчид тухайн газарт байрлуулсан тоглоомуудыг нэг бүрчлэн шалгаж салгах арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэ үеэр иргэн н.Ж автомат тоглоомуудаа урд хөршөөс авч ирсэн бөгөөд дөнгөж суурилуулж байсан. Хүмүүс тоглуулаагүй юмаа бэлдэж байсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд цагдаагийн алба хаагчид түүнээс хяналтын камеруудын талаар асуухад бүрэн суурилуулж амжаагүй  байна гэсэн юм.

Гэсэн хэдий ч шалгалтын явцад хяналтын камеруудыг бүрэн суурилуулсан бөгөөд камерын бичлэг бүхий хард дискийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийсэн байсан нь тогтоогдож алба хаагчид шалгалтын ажлаа үргэлжлүүлсэн юм.

 

Хуулийн дагуу алба хаагчид тухайн тоглоомуудыг салган хураах явцдаа тухайн тоглоомуудын тохируулагч байж болзошгүй Өвөр-монгол иргэнээс зарим зүйлийг тодруулах гэсэн боловч “Ахаа би үнийг мэдэкү. Би чадаку” гэсэн тайлбарыг учир нь ойлгогдохгүй ганц хоёр Хятад үгийн хамт ар араас нь хэлсээр л. Түүнчлэн тэрээр ямар нэг бичиг баримтгүй байсан бөгөөд алба хаагчид түүнээс яаралтай байрлаж байгаа айлтайгаа холбогдон бичиг баримтаа авч ирэх шаардлага тавьсан юм.  

Цаг нэлээн оройтсон учир бид хэлтсийн байр руу явж алба хаагчид тус газарт үргэлжлүүлэн шалгалтын ажлаа хийгээд үлдсэн юм.

Өнөөдөр баасан гариг, шоудахад таарсан өдөр

Шөнийн 02:00 цаг: Өнөөдөр баасан гариг. Энэ өдрийг Монголчууд бид навс тэмдэглэдэг гэсэн бичигдээгүй хуультай болчихсон. Гэтэл Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн байранд ирэхэд нам гүм байсан нь  жаахан сонирхол татаж байлаа. Учир байдлыг лавлахад ачааллын цаг хараахан болоогүй бөгөөд 03:00 цаг өнгөрөөгөөд ачааллаж эхэлдэг гэнэ. Учир нь шөнийн цэнгээний газрууд болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг баар, ресторанууд 04:00 цагт хаалгаа барьдаг бөгөөд энэ үеэс л ачаалал ихэсдэг хэмээн тайлбарласан юм.

Биднийг очиход тус хэлтэст эрүүлжүүлэхэд байгаа хүмүүсийн тоо цөөн байсан ч маргааш нь тус хэлтсээр дөч гаруй хүн үйлчлүүлсэн болохыг мэдсэн юм. 

Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст өдөртөө 15-20 хүн эрүүлжүүлэх байранд зочилдог бөгөөд тэдгээрээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн шалтгаанаар 6-7 хүн ирдэг аж. Харин бусад нь архидан согтуурсан болон танхайрсан хэргээр эрүүлжүүлэх байранд хонодог юм байна.

Түүнчлэн тус газар зочлогчдын насжилт залуужиж байгаа бөгөөд дунд эргэм насны хүмүүс ихэнхдээ гэр бүлийн хүчирхийллээр ирдэг бол залуучууд архидан согтуурсан, танхайрсан хэргээр ирдэг гэсэн юм. Энэ бол ганцхан дүүргийн, ганцхан хэлтсийн, ганц шөнийн мэдээ бөгөөд энэ тоог нийслэлийн хэмжээнд авч үзвэл бас арай өөр тоо гарна.

Энэ оны оны эхний зургаан сарын байдлаар нийслэл хотод гэмт хэргийн шинжтэй 197544 дуудлага бүртгэгдсэнээс хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 27231 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зөрчил гаргасан 51 мянга гаруй хүнийг нийт 2 тэрбум 691 сая төгрөгөөр торгож,  2536 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн эдгээр иргэдийн 2107 буюу 88 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баригдсан нь нэгийг бодуулахад хүргэж байгаа юм.

Хамгийн аймшигтай нь тэдгээр баривчлах шийтгэл оногдуулсан 2536 хүний 20.2 хувь нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа буюу 2-36 удаагийн давтамжтайгаар үйлдэж байсан бөгөөд 92 гаруй хувь нь эрүүлжүүлэхэд байсан бол 26.8 хувь нь  хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулж, үлдсэн 5,8 хувь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байжээ.

Хэдийгээр тэднийг  хорооны хамтарсан багийн хяналтад  байлгаж байсан боловч ийнхүү дахин хэрэг үйлджээ.

Мөн тэдний хэрэг үйлдэх болсон шалтгааныг ангилж үзэхэд нийт хэрэгтнүүдийн 1445 буюу 65,8 хувь нь эхнэр хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдэд хүч хэрэглэсэн, хүний эрх чөлөөнд халдаж бусдыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон мөн  бусадтай харилцахыг хязгаарлаж мөрдөн мөшгөсөн, гэр орны эд хогшлоо зарж архидан согтуурсан, хүүхдээ үл хайхарсан гэсэн шалтгаануудаар иржээ.  

Энэ мэтээр бор дарсыг хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэх байрны байнгын үйлчлүүлэгч болсон 412 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулахын зэрэгцээ холбогдох байгууллагуудаас ухуулага, нөлөөллийн арга хэмжээ авдаг ч тэд дахин дахин хүчирхийлэл үйлдсээр л ...

Хүчирхийлэл үйлдэх болсон шалтгаан нь өнөөх л архи. Бор дарс гэдэг бусдын амьдралыг үгүй хийдэг ч өөрөө бол мөнхөд оршин тогтнодог. Гэтэл хүмүүс хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлдөө автан үүнийг мартдаг.

Энгийн жишээ хэлэхэд: Сүүлийн гурван жилийн байдлаар 622 хүний эрдэнэт амь идээний дээж гэх бор дарсыг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алджээ. Харин өнгөрөгч 2018 онд 215 хүн нас барсан бол энэ оны эхний таван сарын байдлаар энэ тоо 218 болж гурван нэгжээр өссөн байна.  

Дээр хэлсэнчлэн хайран сайхан залуус архинд толгойгоо мэдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнийг бас шууд залуучуудын буруу гэх хэлэхэд тохиромжгүй. Гендээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг хаа хаанаа хариуцлагагүй байгаагаас үүдэн энэ бүх хүчирхийлэл, гэмт хэргүүд гарч байгаа.

Хуулиндаа ҮДШИЙН 00:00 ЦАГААС ХОЙШ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГ ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО гэж заасан 2005 онд батлагдсан НИТХ-ын тогтоолоор АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХУВААРИЙГ 00.00 ЦАГ БАЙСНЫГ 04.00 ЦАГ болгож өөрчилсөн. Нэг үгээр бол дэлгүүрт архи зарж болохгүй ч баар, цэгээний газарт 00:00 цагаас өмнө архи бөөндөж аваад 04:00 цаг хүртэл ууж болно гэсэн үг.

Хэдийгээр цагдаагийн алба хаагчид ээлжит хяналт шалгалтынхаа үеэр 00:00 цагаас хойш бааранд архи ууж байгаа хүнд шаардлага тавьхад 00:00 цагаас өмнө авсан хэмээн тайлбарлана. Худалдаж авсан тооцооны баримт нь байгаа болохоор согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүн ч тэр, худалдсан байгууллага нь ч тэр хуулиа зөрчөөгүй гэсэн үг. Эцсийн эцэст зөрүүтэй хуулийн золиосонд та бид хохирч байна.

Эцэст нь “Хөөрхий дөө муу вогзалынхан” гэдэг шиг “Хөөрхий дөө муу цагдаа нар” согтуу залуусаа эрүүлжүүлэхэд зөөнө. Азтай нэг нь энэ мэтээр төрийн хамгаалалтад ордог ч азгүй нэг нь эмнэлэг бараадан эд эрхтэн, амь насаараа хохирно. Үнэхээр харамсалтай дүр зураг.

Тиймээс хууль журам баталдаг хүмүүс нь энэ мэт зөрчилдөөнтэй хуулиа эргэн харж эх орныхоо ирээдүй болсон залуусыг архинд бус ажилд даруулах нь зүйтэй болов уу? Ядаж л эх орон минь хөгжинө. Үр хүүхэд тань санаа амар амьдрах болов уу.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх