etoim.mn
photos/1525058444_tunu.jpg

АТГ-аас эрүүл мэндийн 6 байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулж байна.

Авлигатай тэмцэх газраас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа болон үүсгэж болзошгүй эрсдэл тэдгээрийн шалтгаан хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор  авлигын эрсдэлийн үнэлгээ хийсэн талаар өнөөдөр мэдээллэлээ.

Тус үнэлгээнд улсын нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар гэх мэт төрийн өмчит эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагыг хамруулжээ. 

Тус үнэлгээг АТГ болон энэ төрлийн судалгаа шинэжилгээ хийдэг ТББ-уудтай хамтран хийсэн бөгөөд тэд эдгээр эмнэлгүүдийн үйл ажиллагаа болон үйлчилгээнд байгаа хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. Тэдгээрээс дурдвал: Нийслэлийн “Өргөө” амаржих газар иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлж түүнээс олсон орлогыг хууль бусаар зарцуулсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал: тус эмнэлэгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/67 дугаар тушаалын 2.7 дахь заалтад “төлбөртэй үйлчилгээнээс олсон орлогын 20 хувийг тухайн эмчид, 3 хувийг сувилагчид олгоно” гэх заалтын дагуу тус эмнэлэг 2018 оны эхний есөн сард үр хөндөлтөөс 127,630,000.00 төгрөгийн орлого олсоноос амбулторийн эрхлэгчдээ 12,109,900.00 төгрөг, эх барих нэг эмчид 14,038,950.00 төгрөг мөн нэг сувилагчид 5,040,000.00 төгрөг олгосон байжээ.

Үүнээс гадна эмнэлэгийн эмч нар давхар ажил эрхэлж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзсэн байна. Мөн эмнэлэгийн зориулалтын зогсоолыг төлбөртэй зогсоол болгон нэмэлтээр санхүүгийн эх үүсгэвэр бий болгож байсан зэрэг үйлдлүүд нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэсэн хуулийг  зөрчиж байгаа зэрэг зөрчлүүдийг онцолсон юм.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү: Улсын эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй болон хөнгөлөттэй үйлчилдэг гэх шалтгаанаар ихэнх иргэд төрийн өмчит эмнэнэгээр үйлчлүүлэхийг хүсдэг. Үүнээс үүдэн тухайн эмнэлэгээр үйлчлүүэх гэсэн иргэдийн асар их дугаарлалт үүсч байгаа нь авлига авах, өгөх нөхцөл байдал бий болгож байна.

Иймэрхүү маягаар хэзээ хүрэх нь мэдэгдэхгүй их очер дараалалд орсон хүн бүр л түрүүлээд үзүүлчих юмсан гэх тэмүүлэлтэй болдог. Үүнээс л асуудал үүсч байгаа юм. Гэхдээ үүнд зөвхөн эмнэлгийг буруутгах боломжгүй. Бүр тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа юм. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын бүх хүнд хамаатай, амь насны асуудал яригддаг зүйл учраас тэгш хүртээмжтэй болгох ёстой.

Онч шийдэл” нийгэмд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир: Нийслэлийн “Өргөө” амаржих газарт явуулсан судалгааны явцаас харахад иргэд сайн дураараа бэлэг өгч байна уу, эмч нар бэлэг өгөхөөөс аргагүй нөхцөл байдалд оруулж байна уу гэдгийг гаднаас нь хараад ойлгохооргүй болсон байна. “Авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчил хоёрын гол ялгаа нь тухайн эмчлүүлэгчийг мөнгө өгөхүйц нөхцөл байдалд оруулж байна уу? эсвэл сайн дураараа өгч байна уу? гэдэгт оршиж байгаа юм. Хэдийгээр ялгаатай боловч эмнэлэгийн ажилтны хувьд энэ үйлдэл нь эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл болдог. Энэ мэт ёс зүйн зөрчил их байгаа нь эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэл их байна гэсэн дүгнэлт гаргахад нөлөөлсөн.

Гэхдээ энэхүү бэлэг өгч авах үйлдлийг судалгааны хэд хэдэн аргыг ашиглан судалж үзэхэд  нь эмнэлгийн ажилтнууд шаарддаг гэхээс илүү үйлчлүүлэгчдээс өгдөг уламжлалт зан үйл маягийн зүйл тогтсон байсан. Жишээлбэл эх барихын эмчийн өвчтөн төрсөнийхөө дараа хүүхдээ эх барьсан эмчийн гарыг цайлгадаг. Тэгэхгүй бол болохгүй гэсэн үзэл бодол бүр тогтчихсон. Энэ нь тухайн эмчийг эвгүй байдал хийгээд ёс зүйн зөрчилд оруулж байгаа юм.

Тиймээс тухайн эмнэлгийн үйлчилгээ нь төрөөс иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээ учраас хаа хаанаа бэлэг өгдөг болон авдаг гэсэн тогтчихсон ёсыг эвдэх хэрэгтэй.

Нөгөө талаас шан харамж өгч байж эмнэлэгийн үйлчилгээ авч байгаа тохиолдол таньд ажиглагдсан уу?

Тэр бол гэмт хэрэг. Бид гэмт  хэрэг илрүүлэх үйл ажиллагаа хийгээгүй. Бид зөвхөн авилгын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг судалдаг. Энэ нь авилга авсан эсвэл өгсөн гэсэн үг бас биш. Зүгээр л авилга өгч авах эсвэл ашиг сонирхлын зөрчилт үйл ажиллагаа явах орон зай байна гэсэн үг. Энэ орон зайг багасгах хаах тал дээр анхаарч ажиллах  ёстой юм байна гэсэн дүгнэлт гаргасан.

Зарим тохиолдолд судалгаанд хамрагдсан иргэдийн дунд тийм нөхцөл байсан гэсэн хариулт өгсөн хүмүүс байгаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал П.Мөнхсайхан:  “Манай эмнэлэгээр өдөрт 1000 орчим сардаа 25 мянга гаруй хүн ямар нэг байдлаар үйлчлүүлдэг. Тэдэнд шөнийн ээлжтэйгээ нийлээд 8 эмч, 16 сувилагч үйлчилдэг. Үүнээс үзэхэд нэг эмчид ноогдох үйлчлүүлэгчдийн тоо хэт өндөр. Үүнээс гадна эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүй. Шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн хангахуйц төсөв манайд байдаггүй.

Мөн эмч ажилчдад бэлэг өгдөг асуудал олон жилийн турш яригдаж байгаа зүйл. Манай эмнэлэгийн хувь  чанар, дотоод хяналтын алба энэ тал дээр байнга хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд эмч ажилчид үйлчлүүлэгчээс бэлэг авахтай холбоотой гомдол санал багассан" гэсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх