etoim.mn
photos/60279400_2749846691754987_5895734326280060928_n-810x500.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцсэн ч санал хураагаагүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслөөх Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзаж, ярилцсан талаарх мэдээллийг намын бүлэгт танилцуулжээ.

Төслийн хэлэлцүүлгийн шатанд бага зэрэг өөрчлөлт оруулах асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр оруулах боломжтой, оруулах боломжтой зүйлүүдийг судалж байгаа юм байна.

Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлөөс тодорхой саналуудыг хэлж байгаа бөгөөд энэхүү саналуудыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд оруулах боломжуудыг ажлын хэсэг болон хууль санаачлагчид ажиллаж байгаа гэдгийг бүлгийн дарга онцолжээ.

- Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй ойлголцолд хүрсэн үү?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн асуудал өөрөө том учраас бүх гишүүд санал нэгдэнэ гэдэг хэцүү. Үндсэн хуульд ийм, тийм асуудал тусгамаар байна гэдэг санал их байсан. Үндсэн хуулийн журмын дэгээр 33 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг. Тийм учраас гишүүдийн саналыг бүгдийг багтаах боломжгүй.  Харин хэлэлцэх эсэхийг шийдсэний дараагаар саналыг нь авах, бага зэрэг өөрчлөлт оруулж болно. 

Ерөнхийлөгчтэй амралтын өдрүүдээр уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс санал хэлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярилцана гэсэн. АН-ын зөвлөлийнхөнтэй мөн уулзсан. Мөн л хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярилцаж болно гэж байгаа. Одоо ч яриа хэлэлцээ үргэлжилж байна. АН-тай тохиролцоонд хүрсэн гэхэд эрт байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ гүйцэтгэж асуулт тавьсан. Жишээлбэл, Дархан, Эрдэнэтийнхэн аймгийг хот болгох үүрэг даалгавар өгсөн. Үүнийг ажлын хэсэг ярилцаад улсын болон орон нутгийн чанартай хот бий болгох боломжийг нээж өгсөн. Харин гишүүд сонгогчдыг төлөөлөх эрхээ эдэлж асуулт тавьж байсан. 67 гишүүн гарын үсэг зурсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл цаашид хэлэлцэгдээд явна. УИХ-ын дийлэнх гишүүд хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. 

- УИХ дахь МАН дотроо ойлголцож чадаагүй байж бусад намтай хэлэлцээ хийх шаардлагатай юу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Манай 64 гишүүнээс 62 нь гарын үсэг зурсан. Бид ойлголтоо баталгаажуулах үүднээс дахиж ярилцсан.  

- Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ямар хуваариар явагдах вэ?

Үндсэн хуулийг хэлэлцэх журамтай. Хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа график илүү тодорхой болно. Одоогийн төлөвлөж байгаагаар наадмын дараа хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөнө. Үүний дараагаар гурав дахь хэлэлцүүлгийг хийх үү, ард түмний санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ. Ирэх долоо, найм, есдүгээр сар Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцсэн, санал асуулга явуулсан сарууд байх болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх