Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1542094678_olloo_mn_1481506117_olloo_mn_1478476043_46ea45b28cc1f565great.jpg

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 5-р сарын нийгэм, эдийн засгийн дундаж үзүүлэлтийг танилцуулжээ. Эрүүл мэнд, гэмт хэрэг, төсөв санхүү, худалдаа наймаа гэх мэт нийгэм, эдийн засгийн бүхий л статистикийг гаргадаас зарим тоон мэдээллийг онцлон хүргэж байна.

ДУНДАЖ ЦАЛИН

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 1 дүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (4.7%) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.1 (6.8%) мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 62.9 (9.7%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 83.5 (13.0%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.8 (32.6%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 144.2 (22.5%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 35.5 (5.5%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 107.3 (16.7%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 706.0 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 893.1 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 999.5 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 159.5 (16.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 37.6 (3.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ. 

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 5 сард 367.3 мянган хүнд 117.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 203.5 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 59.4 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.9 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны эцсээс 4.2 хувь, өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өслөө.

ЭРҮҮЛ МЭНД

Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сард 31.7 мянган эх амаржиж, 32.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 174 (0.6%)-өөр, амьд төрсөн хүүхэд 188 (0.6%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 5 дугаар сард 6835 эх амаржиж, 6899 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 157 (2.4%)-гоор, амьд төрсөн хүүхэд 176 (2.6%)-гаар нэмэгджээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 5 сард 443 болж, өмнөх оны мөн үеэс 4 (0.9%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 527 болж, өмнөх оны мөн үеэс 14 (2.6%)-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард 97 болж, өмнөх сараас 19 (24.4%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 116 болж, 22 (23.4%)-оор тус тус нэмэгджээ.

МӨНГӨ, САНХҮҮ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 5 дугаар сарын  эцэст 18.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 314.1 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.0 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 5 дугаар сарын эцэст 821.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 159.3 (16.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 119.8 (12.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 4-р сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 21.5 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.0 (22.1%) төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 28.4 хувийг цалингийн зээл, 11.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 9.9 хувийг хэрэглээний зээл, 7.1 хувийгтэтгэвэрийн зээл, 5.5 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 5 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 754.2 (61.8%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр өссөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргн

[43.231.113.1]

2019-06-14 12:40:42

энэ худлаа мэдээлэлээ болио үст газрыг татан буулга.ард түмнээ хуурахаа болио. нэртэйгэр нь авилга ихсэж дундаж цалин нэмэгдлээ гээч.