etoim.mn
photos/3e48079324768fadac340804bdfbea7f.jpg

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын 64 орчим гишүүн гарын үсэг зурсан бөгөөд Арчилсан намын гишүүд болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зураагүй гэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэхүү Дэгийн өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 10-аас өмнө батлахаар төлөвлөжээ. Тиймээс Дэгийн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шинэ дэгээр хэлэлцэх юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал,

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Энэ мэтчилэн гол гол өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг төсөл 2021 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанаас тодруулга авлаа. 

- Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой ямар заалт байгаа вэ? 

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмсэн, хассан зохицуулалт байхгүй. 55 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга байсан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. 

- УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригддаг байсан. Үүнтэй холбоотой заалт оруулж байгаа юу? 

Гишүүдийн тоон нэмээгүй. Хэвээрээ байгаа. 

- Цаг хугацааны хувьд хэзээ хэлэлцэж эхлэхээр байгаа вэ? 

Энэ өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримтална. Хэлэлцүүлэг хооронд ажлын 7 юм уу 9 хоног завсарлаад, иргэдийнхээ санаа бодлыг сонсох ажлыг хийх юм.  

Хэзээнээс эхэлж хэлэлцэж эхлэх вэ гэдгээс эхлээд ямар хугацаанд хэлэлцэж дуусгах вэ гэдэг цагалбар хуваарь гарна. Улсын баярын өмнө шуртхийгээд амжуулна гэсэн юм байхгүй. Тийм ойлголт байх ёсгүй. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх