Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e8640962-e2c6-4aa8-aa77-7e213488b582.jpg

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  өргөн барилаа.  

     Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан үг хэлэв.  Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачилга гарч байлаа.

       Энэ бүхний эцэст 2016-2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд судлан Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гарсан гэдгийг тэмдэглэв. 

    Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж Зөвлөлдөх санал асуулга болон олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч бүртгэн, ангилж, нэгтгэн судалж, төсөлд тусгасан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан хэмээн Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ онцлов. 

 

 

 

    Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн  ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.  

    Улсын Их Хурлын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн дамжин яригдсан нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг иргэдийн санаа бодол, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулж, Улсын Их Хурлын нэр бүхий 64 гишүүн хамтран Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа аж. 

 

    Уг төслийг хүлээн авсны дараа  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Зуны дунд цагаан морь сарын шинийн 3-ны балжиннямтай билигт сайн энэ өдөр өргөн барилаа. Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан. Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан.  Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад илгээж, саналыг нь авсан.

    Энэ ажил хоёр гаруй жил үргэлжилсэн, нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Иймд хариуцлагыг эрхэм болгож, хичээн зүтгэсэн Монгол Улсын гавьяат хуульч, Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдэд ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Энэ асуудалд хувийн болон намын өчүүхэн ч ашиг сонирхлоор хандаж болохгүй. Зөвхөн улс орноо, иргэн түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшилцлийг эрхэм болгож, улс төрийн нам, салбарын эрх ашгаас ангид байж, гагцхүү Монгол Улс, ард түмний  эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож ажиллахыг эрхэм гишүүдээсээ хүсье хэмээн онцолж байлаа.

    Мөн "Монголын ард түмэн, нам олон нийтийн төлөөлөл, Үндсэн хууль судлаачид, эрдэмтэн мэргэдийнхээ санал, дүгнэлт, үг зөвлөмжийг сайтар сонсч,  нухацтай судлан, тусгаж ажиллах ёстой гэж үзэж байна. 

 

 

 

    Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. 20 гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санал бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд  олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн,  ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна" гэлээ.  

    Тэрбээр "1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг болсон гэж үздэг. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй. Өнгөрсөн 27 жилд шинэ Үндсэн хууль маань үүргээ сайн гүйцэтгэсэн" хэмээн онцлоод, "Бид энэхүү хуулиар дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх асуудлыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн нийгмийн шаардлага юм" хэмээн тэмдэглэлээ. 

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмнээ хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж, эвлэрэл зөвшилцлийг эрхэм болгож, улс орны хөгжил, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриаллаа. Мөн УИХ-ын гишүүдэд хандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай, Монгол Улсын ирээдүйн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал үйлсэд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх