etoim.mn
photos/5ced23f002413.jpg

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаарх ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. ХХААХҮЯ-наас махны хомсдол, үнийн савалгааг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд гурил, хүнсний ногооны хангамж тогтвортой байхыг мэдээлэлдээ танилцуулсан. 

Мэдээлэлд, манай улсын хүн амын энэ оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 мянган тонн мах шаардлагатайг дурджээ. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна. Нийслэлийн хүн амыг махаар тогтвортой хангах зорилгоор, махны үйлдвэрүүдийн банкны зээлийн хүүг хөнгөлөх замаар нөөцийн махыг хямд худалдаж байна.  Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатрууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд дөрвөн мянган тонн мах бэлтгэснийг өнгөрсөн сарын 15-наас худалдаж эхэлсэн. Одоогоор, нөөцийн 58 хувийг борлуулаад байна. Нөөцийн мах зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Харин Монгол Улсын хүн амын энэ оны хэрэгцээт гурилын хэмжээ 225.6 мянган тонн, үүнээс нийслэлд 97.2 мянган тонн гурил шаардлагатай. Тиймээс дээрх хэмжээний гурил үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц буудайн нөөцийг дотоодын ургацаас бүрдүүлсэн байна. Дотоодын үйлдвэрүүдийн агуулахад байгаа гурилын болон буудайн үлдэгдэл, импортын нийлүүлэлтээс үзэхэд шинэ ургац хүртэл гурилын хангамж харьцангуй тогтвортой байх юм байна. 

Ноднин 13.1 мянган га талбайд төмс тарьж, 167.9  мянган тонн ургац хураажээ. Мөн хүнсний нарийн ногоог 8.6 мянган га талбайд тарьж 102.2 мянган тонн ургац авсан байна. Тариаланчдыг дэмжиж, эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоог НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын 50 хувийг хөнгөлсөн. Түүнчлэн хүлэмжийн тоног төхөөрөмж импортлох татварыг мөн чөлөөлжээ. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад, төмс хоёр хувиар, хүнсний нарийн ногоо 1.7-3.1 хувиар буурсан байна. Төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац гарах хүртэл тогтвортой байх боломжтой.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд, ноднин дулааны аргаар боловсруулсан их хэмжээний махыг экспортод гаргасан,  дотоодын зах зээлд махны үнэ нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байгаад бодлогын арга хэмжээ авахыг анхааруулав. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх