etoim.mn
photos/5ced2ce7da5d8.jpg

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл сонслоо. Манай улсад 271 мянган тонн хаягдал аккумулятор байгааг мэргэжлийн байгууллагын мэдээнд дурдсан байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ, аккумулятор дахин боловсруулах компаниуд хүнд металлын хаягдлаар Хонхор нуурыг хордуулж байгаа талаар иргэд, төрийн бус байгууллагаас өргөдөл ирүүлсний дагуу ӨБХ-ны гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнууд өнгөрсөн сарын 24-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Заламт гол” ХХК-ний ажилтай газар дээр нь танилцсан. Тус компани зөвшөөрөлгүй ажиллаж байсан нь тогтоогдсон. Өргөдлийн байнгын хороо 2018 оны 5 дугаар тогтоолоор “аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрын тусгай хэрэгцээнд авах” чиглэлийг Засгийн газарт өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт хугацаатай үүрэг өгнө гэлээ.

Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан танилцуулав. Тэрбээр, “Заламт гол” ХХК аюултай хог хаягдал болох аккумуляторыг дахин боловсруулахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй тул хуульд заасан үндэслэлээр ажлыг нь зогсоосон.

Манай улсад энэ сарын 13-ны байдлаар, 990,856 тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, үүрэн телефоны оператор компаниудын ажил, ашиглалтаас 271 мянган тонн орчим хаягдал аккумулятор үүсжээ. Гэвч дахин боловсруулах үйлдвэр байхгүйгээс зориулалтын бус газар хадгалах, ахуйн болон үйлдвэрийн хогийн цэгт хаяж байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байна. Тиймээс хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах бүсийг тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Түүнчлэн аккумулятор дахин боловсруулах үйлдвэр байгуулахад сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат, хог хаягдал тэр тусмаа аккумуляторын хаягдлыг өөр газар шилжүүлнэ гэдэг буруу, энэ нь дахин нэг газрыг бохирдуулна гэсэн үг. Иймд дахин боловсруулах технологи нутагшуулахад анхаарах нь зөв гэлээ. 

Газрын асуудлыг хэзээ шийдвэрлэхийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодруулав. НЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хариулахдаа, БОАЖЯ-наас хэд хэдэн газар санал болгосон ч орон нутаг, НИТХ-аар дэмжигдээгүй. Иймд өнөөдөр бүх газрын төлөөллийг оролцуулсан томоохон ажлын баг хуралдуулах шаардлага үүссэн гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгч, энэ оны намрын чуулганы үеэр тайлагнах хугацаатай үүрэг өгөхөөр тогтов.

УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоолын төслийг танилцууллаа. Тухайлбал,

  • Аюултай хог хаягдлын ландфилийн байгууламж, аюултай хог хаягдал цуглуулах цэг, дахин боловсруулах үйлдвэрийн газрын байршлыг нэгдсэн цогц байхаар тогтоох;
  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасан газарт ажиллаж байгаа  аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн судалгааг гаргаж, газрын хэмжээг үнэн зөв тогтоож, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг стандартад тогтоосон хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд яаралтай  авах;
  • Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх тухай, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн нутаг дэвсгэр дээр үүсэж байгаа аюултай хог хаягдлаа устгах, зайлуулах талаар нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8.2.1-д заасан “тээврийн хэрэгслийн  болон барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх,  дахин боловсрүүлах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” болон “Хар тугалганы хүхрийн хүчлийн аккумуляторыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлагын стандарт”-ыг баталж мөрдүүлэх;
  • “Заламт гол” ХХК, “Эйч Би Жи Си” ХХК /хуучнаар “Болор Аграмба” ХХК/-ийн болон аюултай хог хяагдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тогтоосон газарт үйлдвэрийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Хуучин аккумулятор задалж, хүхрийн хүчил болон хар тугалгыг ялган хайлуулах үйлдвэрлэлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй технологи, инновацийг дэмжих эрх зүйн орчинг бий болгох;
  • Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдолоор бохирдсон хөрсийг саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүрэг багтсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх