Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60930028_2801662826569055_7203324707091775488_n.jpg

УИХ-ын гишүүн гишүүн асан Д.Гантулгын орыг залгах хүн хэн байх гэдэг нь энэ оны 6-р сард шийдэгдэх учиртай. Сонгуулийн тухай хуулиар намууд нөхөн сонгуульд өрсөлдөх батламжаа авсан бол өчигдрөөс нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ.

Нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөхөөс гол гурван тоглогч олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тодруулбал: Д.Гантулгыг бүрэн эрхээсээ түдгэлзээгүй байхад Хэнтий аймгийг “орж гарч байсанМАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр... 2 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоот янз бүрийн байр суурь яригдаж байна. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой, ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Сонгогчдын итгэлийг даагаагүй гэдгээ мэдэж байгаа. Тийм учраас энэ сонгуулийг удаа дараа хойшлуулж байгаа.  Одоо ч гэсэн ирэх даваа гарагт энэ сонгуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тов зарлаж, өөрийн томилсон гишүүдээ сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар ажиллаж байгаа. 42-р тойргийн асуудал Цэцийн хэлэлцэх асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс ойлгож байгаа. Үндсэн хуулийн цэц даалгавраар ажиллаж байна гэж мэдэгдлээ.

Харин Хэнтийн аймгийн АН-аас Ж.Оюунбаатарын нэрийг  намын төв байгууллагадаа хүргүүллээ. Ж.Оюунбаатар нь 2012 оноос хойш Хэнтий аймагт Засаг даргаар ажиллах байсан бөгөөд тухайн үедээ чамгүй их бүтээн байгуулалтыг хийж, аймагтаа нэр сайтай нэгэн гэх юм. Тиймээс АН удирдлагын хүрээндээ ч тэр,  Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр тохирч, бэлтгэлийг нь базааж буй.

Ардчилсан намын шинэчилсэн дүрмээр намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр буюу даваа гарагт хуралдана.

Эрх баригч намаас хэнийг нэр дэвшүүлэх талаар хэд хэдэн хүний нэр яригдаад эхэлжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулжээ.  

Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа гэнэ. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулна гэх мэдээлэл байна. Удирдах зөвлөлөөс намын Бага хурлаа энэ сарын 28 буюу ирэх мягмар гарагт хуралдуулахаар товложээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэ сарын  эхээр сайд нартайгаа хамт Хэнтий аймагт ажиллаж, сумдуудаар нь тойрсон. Засгийн газрын хүрээнд шийдэж болох аж ахуйн шинжтэй олон ажлуудыг нь шийдэхээр болж, сайд нартаа чиглэл өгч явсан билээ. Энэ нь түүний рейтингийг өсгөхөд нөлөө үзүүлсэн байж болох юм.

Тэгвэл бусад өрсөлдөгч буюу улс төрийн намуудын нэр дэвшигчид ч тодорхой болоод байна. Тухайлбал Монголын консерватив намаас Н.Дашдаваа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын тэргүүн Ш.Төмөрсүх, Дэлхийн монголчуудын намын дарга Г.Тэмүүжин, Зон олны намын Хэнтий аймгийн ЗОН-ын хорооны дарга Б.Амарбаясгалан гэх мэт хүмүүс өрсөлдөхөөр байна.

Ямартай ч нэр дэвшигчид тодорч байх зуур товчхон дүгнэлт хийхэд... Хэрэв МАН-аас ялалт байгуулж Ерөнхий сайд УИХ-ын гишүүн болвол одоогийн Засгийн газар хууль бус болно. Учир нь Засгийн газар 100 хувь парламентаас бүрдэх болно.

Сөрөг хүчин буюу АН-аас ялалт байгуулвал тэд УИХ-д дахин албан ёсны бүлэгтэй болоод зогсохгүй ирэх оны сонгуульд нэлээдгүй эерэг үзүүлэлт үзүүлэх юм.

Харин МАХН-аас ялалт байгуулбал тэдний мөрөөдөл биелэлээ олж, МАХН парламентад суудлаа нэмнэ. Мөн Н.Энхбаяр УИХ-ын үйл ажиллагааг маш хүчтэйгээр шүүмжлэх нь мэдээжийн хэрэг юм.

Улс төрийн намуудын байдал товчхондоо ийм байна. Нөгөө талд Хэнтий аймагт нөхөн сонгууль болох уу гэдэг нь ихээхэн эргэлзээ үүсгээд байгаа юм.

Ирэх даваа гаригт УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих эсэхийг цэц хэлэлцэх юм. Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нөхөн сонгууль зохион байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүсэх билээ. Цэц маргааныг хэрхэн шийдэхээс хамаарч, Хэнтийн нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэнэ.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх