Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60603562_327739941177073_8614581738569465856_n.jpg

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Залуучуудын холбоо болон “Дарханы төлөө” ТББ хамтран тус аймгийн хүүхдийн паркийн газарт казино, зочид буудал барихаар Солонгосын компаниар зураг төсөл хийлгэсэн талаар мэдээлэл хийлээ.

Тус аймгийн паркийн талбай  44.5 га бөгөөд тус газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагуудын захирамжаар бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж эхэлсэн байна. Анх тус аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 2-ны  хурлаар хүүхдийн паркийн талбайгаас 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас гаргах шийдвэр гаргасан байна. Гэвч энэ нь хууль бус шийдвэр байсан бөгөөд тус шийдвэрийг эсэргүүцэн Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд ханджээ. Тэднийг энэ мэт хүүхэд зхлуучуудад зориулагдсан газраа бусдад алдахгүй гээд хууль хяналтын байгууллагаар явж байх зуур Дархан -Уул аймгийн ИТХ-аас өөрсдийн гаргасан хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд хуралдсан байна. Гэвч харамсалтай нь тус хурлаар орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргажээ.

Хамгийн гол нь паркийн эзэмшлийн 44.5 га газрын 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PNP” төсөл хэрэгжээд явж байгааг тус аймгийн иргэд саяханыг хүртэл мэдээгүй явж байжээ. Энэ талаар нэгэн иргэнээс мэдээлэл ирсэнээр тус аймгийн залуучуудын холбооноос асуудлыг тодруулахаар тандалт судалгаа явуулсан байна. Үүний үр дүнд “Darkhan PNP”  төслийн зураг төсөл хэдийнь бэлэн болчихсон бөгөөд төслийг БНСУ-ын Сөүл хотод байрладаг барилга архитетектур, зөвөлгөөний "YEHDALM" группээр маш өндөр үнэ төлж хийлгэсэн нь нотлогджээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд хэлэхдээ: “Бүхэл бүтэн казино, зочид буудал ажиллуулах эрхийг хэн нэгэн энгийн хүн биш, эрх мэдэлтэй нэгэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн хардлага төрүүлж байна. Мөн энд үзүүлж байгаа дээрх хоёр газрын зургийг харахад цаг хугацаа болон байршил нь яг давхцаж байгаа юм.

Энэ нь тэд энэ төслөө хэрэгжүүлэхээр аль хэдийн бэлдэж бөгөөд ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс бид энэ материалыг АТГ-т өгөх бөгөөд Дархан-Уул аймгийн удирдлагууд болон манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд холбоотой эсэх талаар тайлбар өгөхийг мэдэгдэхийг шаардаж байна. Мөн бид Дархан-Уул аймгийн удирдлагууд энэхүү хууль бус үйлдэлд холбоотой эсэхээ албан ёсоор мэдэгдэхийг шаардаж байна.

Түүнчлэн газрын наймаа гэгч  зүйл хуулийг гууль болгоод зогсохгүй батлагдаагүй хуулиар бамбай хийж ард иргэдийг хохироож байна. Ийм зүйл байж болохгүй гэлээ.

Мөн энэ талаар зөвхөн Дархан-уул аймгийн залуучуудын холбоо төдийгүй тус аймагт төрж өссөн хүүхэд залуучууд сэтгэл зовинож байгаа илэрхийлсэн юм.

У.Мөнхгайхамшиг: “Би дарханд өссөн. Намайг байга байхаас л Дарханы парк байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тоглоомнууд нь шинэчлэгдээгүй гэж хэлэхэд болно. Одоо хэр нь тоглоомуудтайгаа л байгаа. Аймгийн удирдлагууд улс орны ирээдүй болсон хүүхэд залуустаа зориулж, хамтраад нэг тоглоом ч нэмээгүй байж энэ талбай дээр казино, зочид буудал бариулах гэж байгаад харамсаж байна. Ядаж ганц номын сан барих гэж байсан бол бид эрвийх дэрвийхээрээ дэмжих байсан. Бид одооноос л эхэлж чадах чинээгээрээ өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол эцэс сүүлд нь хүүхэд залуучууд л хохироод үлдэнэ гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх