Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e2c33c84-cb95-449a-9d83-0e55ee7ce2aa-810x500.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар оролцов. Тус группийн гүйцэтгэх захирлууд, бусад албан тушаалтнууд багтсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байгаа юм.

“Дэлхийн банк групп”-ийн Гүйцэтгэх захирал Жорж А.Чавес-Преса Монгол Улсад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт, үр ашгийн байдалтай танилцахаар өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл Монгол Улсад ирээд байгааг уулзалтын эхэнд мэдээлээд, “Монгол Улсын макро эдийн засгийн байдал тогтворжиж байгаад баяртай байна. Монголын төр, засаг хувийн хэвшилтэйгээ хамтран ирээдүйнхээ төлөө их зүйл хийж байгааг бид харж байна. Хөгжлийн зөв амыг сонгосноор танай улс өндөр хөгжилтэй улс орон болж чадна гэдэгт бид итгэдэг” гэлээ.

Тэрбээр Монгол Улсын төр, засгаас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар сонсох хүсэлт тавьсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын хөгжлийн зорилтод байнга тулалцаа, дэмжлэг үзүүлж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв .

-Монгол Улсын Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна. Энэ нь засаглал, эдийн засаг, нийгэм гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлого юм.

Засаглалын шинэчлэл төр засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуулийн засаглалын тогтолцоо бүрдүүлэх, авлигыг хянах гэх мэт асуудлыг хамарч байгаа.

Манай улсын эдийн засаг өсөж байна. Гэхдээ дэлхийн зах зээлийн хандлага, үнэ ханшаас ихээхэн хамаардаг, зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт салбараар тэлэх бодлогыг эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд дэвшүүлэн ажиллаж байна. Төмөр зам барих, газрын тосны үйлдвэр байгуулах, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төслүүддээ онцгой анхаарч байгаа. Урд, хойд хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байж, “Эдийн засгийн коридор” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бид үздэг. Санхүү, банк, татварын эрх зүйн орчныг шинэчилж, хуулиуд батлан гаргаж байна.

Нийгмийн шинэчлэлийн хувьд ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, халамжийн биш бүтээмжийн нийгэм бүтээх нь бидний гол зорилго юм гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас манай улсын экспортын салбарыг дэмжин ажиллаж байгаад талархаж байгаагаа тэмдэглээд, жижиг, дунд үйлдвэрлэлийг, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурласан үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байгааг дуулгалаа. Тэрбээр жишээ болгож “Одоогоор ноолуурынхаа 20 хувийг л гадагш гаргаж байна. Хэрэв 100 хувь экспортолж чадвал 50.000 гаруй ажлын байр шинээр бий болгох боломжтой бөгөөд улсын эдийн засагт маш том дэмжлэг болно” гэлээ.

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Роман Качур, Апарна Субрамани, Ян Енминь, Клаус Хаппе нар “Дэлхийн банк групп”-ийн дэмжлэг ямар салбар, үйл ажиллагаанд илүү чухал гэж үзэж байгаа, төрийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, бизнесийн орчныг сайжруулах, хүний хөгжлийг хангах, дагуул хотуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, байгалийн баялаг ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ямар бодлого баримталж, хэрхэн үр дүнд хүрч байгаа талаар сонирхлоо.

Тэдний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар хариулт өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихэд онцгой анхаарал хандуулж, хууль, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа, эко хот байгуулах, их, дээд сургуулийн хотхоныг хотын ойр орчмын бүсэд байршуулах зэргээр ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч байгаагаа танилцууллаа.

Тэрбээр төмөр зам байгуулах, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгож, ядуурлыг арилгах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг “Дэлхийн банк групп”-ийнхэнд санал болголоо гэж УИХ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх