Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1534757878_chinzorig11.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. Энэ долоо хоногт байнгын хороод, ажлын хэсэг ирц бүрдээгүйгээс хойшилсон. Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Цахим бодлогын түр хорооны ирц бүрдээгүйгээс асуудлаа хэлэлцээгүй. Үүнтэй холбоотой гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, ирцээ бүрдүүлэх, эсвээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг хэллээ. 

Ингээд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ гишүүн Д.Тогтохсүрэн: Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарын орлогч нарийн цалингийн нэмэгдлийг тусгаагүй байгаа юм. Хамгийн сүүл 2014 цалинг 15 хувиар нэмэх шийдвэр гаргасан боловч одоог болтол нэмэгдэлээ аваагүй байгаа. Тиймээс одоо энэ тогтоолоор энэ цалингийн нэмэгдлийг нэмэх боломж бий юу. Нийтдээ 370 гаруй хүний тухай асуудал яригдаад байгаа юм.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг: Одоо ярьж байгаа асуудалтай энэ асуудалтай холбогдолгүй юм. Тухайн үед засаг дарга нарийн орлогч нарийн цалинг нэмэгдүүлэх асуудал орхигдуулсан байдаг. Тухайн үед буюу 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Засаг дарга нар орлогчгүй ажиллана гэсэн чиглэл барьж байсны улмаас ийм зүйл болсон. Өнгөрсөн онд Засгийн газар төрийн албан хаагчдийн цалинг нэмсэн. Тухайн үед Засаг даргийн орлогч нарийн цалинг нэмсэн. 2020 онд цалин нэмэх тооцоо байгаа бөгөөд тэр үед энэ асуудлыг шийднэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын харьяа байгууллагуудын цалинг нэмэх асуудал үлддэг гэсэн гомдол гардаг юм байна лээ. Үүнийг яаж зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг: Одоогийн байдлаар цалинг 2 субект тогтоож байгаа. Засгийн газар төрийн байгууллагуудын үйлчилгээний ажилчдын цалинг, УИХ-ын итгэлцүүр батлах замаар улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тогтоодог. УИХ-ын харъяа байгууллагуудын цалинг УИХ тогтоох учиртай.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн албан хаагчид тэр дундаа цагдаа, онцгой байдлын албаны алба хаагчдийн цалинг нэмэх шаардлагатай байгаа юм. 2020 онд цалин нэмнэ гэж ярьж байна. Тэр үедээ үйлчилгээний албан хаагчдын цалинг хэрхэн нэмэх вэ. Цагдаа, сувилагч, эмч, багш, онцгой байдлыг албаны ажилтнуудын цалинг хэрхэн нэмэх тооцоо гаргасан бэ?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг:  Засгийн газраас эдийн засгийн багахан өсөлтийг иргэддээ хүртээхийн тулд 2018 онд төрийн алба хаагчдын цалинтай холбоотой бодиттой арга хэмжээ авсан. Үүний үр дүд төрийн албан хаагчдын цалин 27 хувь, эмч нарийн цалин 30-аас дээш, багш нарийн цалин 30 хувь нэмэгдсэн. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг ажлын ачаалал, ур чадварт нь тохируулан нэмэх шийдвэрт хүрсэн. Цаашид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлд бодиттой арга хэмжээ авч ажиллах болно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэд хэд салбарын цалинг асар их нэмэгдүүлсэн. Гэтэл сүүлийн үед гарч байгаа үйл явдлуудаас харахад цалинг нэмсэн ч ажилд хандах хандлага эерэг өөрчлөлт гарсан уу гэдэг байна. Зарим хүмүүсийн цалинг маш зөрүүтэй нэмсэн. Гэтэл нөгөө талд нь хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг яах юм бэ?

Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэд асар ихээр нэмэгдэж байна. Гарт ирж байгаа цалин хэрэглээгээ дийлэхээ болилоо.

Ямар ч байсан өрх гэр бүлрүү мөнгө оруулах, дамжуулах бодлого буруугүй байсан юм биш үү. Үүнийг цааш нь үргэлжүүлэх боломж байна уу? Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал хөнгөлөлт гэх мэтээр...

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг:  Засгийн газар цалинг нэмэхдээ бага цалинтай иргэдийн цалинг нэмэх бодлого барьж байгаа. 2019 оны 1-р сараас төрийн бүх албан тушаалтны цалинг нэмсэн. Хоёрдугаарт цалингийн системийг өөрчилсөн.Ажлын байрны нөхцөл, ур чавлар, ачаалал гэх мэтээр харгалзаж цалинг олгож байна.

Мөн Засгийн газраас ээжүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхдээ хүүхдийн тоогоор нь 1,5 жилээр нийгмийн даатгал төлөх, 3 хүртлэх жил хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын 50 хувийг улсын төсвөөс төлөх гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Суурь үнэ өсч байгаа асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцэхээр бэлтгэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Салбар хоорондын цалингийн зөрүү ямархуу байгаа вэ? Тухайлбал хуулийн байгууллага болон багш, эмч нарийн цалин хоорондоо хэр ялгаатай вэ?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг:  Төрийн албан хаагчид ойролцоо цалинтай байна гэдэг бодлого баримтлах нь боломжгүй байгаа юм. Бүүр салбар хооронд гэлтгүй нэг мэргэжилтэй хүмүүс ч ялгаатай цалин авдаг байх ёстой гэсэн бодлогыг Засгийн газар баримталж байна. Тэр чиглэлд цалингийн системийг өөрчилсөн.

Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх