Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан Л.Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан түүнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналтай байна гэдгээ Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцолж байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг дэмжиж байна. УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу асуулга тавьдаг. Асуулгын хариуг цаг хугацаанд нь сонсгож байвал сайн байна. Дараалал оруулчихаад ач холбогдол нь алга болсон үед хэлэлцдэг.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон хуульзүйн салбартаа бэлтгэгдсэн, төрд дороос нь шат дараалалтай бэлтгэгдсэн залуу. Энэ хүнийг хэн нэгнийг дагаж ажилласан гэж боддог шиг битгий бодоосой. Таны санаачилсан Зөвлөлдөх ардчиллын санаачлагыг энэ хүн амьдралд хэрэгжүүлж ажилласан хүн. Улсын хэмжээнд Үндсэн хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, үнэтэй санал, материалыг бий болгож чадсан. С.Бямбацогт нарын санаалчилсан УИХ-ын Дэгийн хуулинд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлсэн чадсан. УИХ-ын А, Б танхимд 15 орны хэлээр синхрон хийх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Улс орны хэмжээнд хэмнэлтийн горимд шилжүүлэх үед энэ хүн УИХ-ын Тамгын газрыг цомхон бүтэцтэй болгож, хуулийг хэрэгжүүлж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ. Энэ бүх ажлыг Л.Өлзийсайхан дарга үргэлжлүүлэн авч явж, сайн ажиллаарай гэж хэлэх байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ц.Цолмон дарга шиг санаачлагтай хүнийг орхихгүй. Зохих газарт нь томилж ажиллуулах хэрэгтэй” гэсэн бол гишүүн С.Бямбацогт “Ц.Цолмон дарга туршлагатай, хууль боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, УИХ-ын гишүүдэд мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч ирсэн. Чадварлаг боловсон хүчнээ Монголын төр анхаарах ёстой гэж хэлмээр байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх