etoim.mn
photos/olloo_mn_1524534127_c7099085a83f7ecdc4cd11dc7afe967b70dc2199.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймловоос... 

Оюутолгойд АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагджээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох ёстой байв. Гэвч Байнгын хорооны гишүүд санал гаргаж, мэдээллийг хойшлууллаа. Учир нь, ажлын хэсгийн дүгнэтээс гадна аудитын дүгнэлт, АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр өчигдөр гишүүдэд тараагджээ. Тиймээс бүх материалтай цогцоор нь танилцаж үзэх шаардлага гэдэг үндэслэлээр хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.

Б.Чойжилсүрэн: Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэмшлийн нэрээ шилжүүлсэн 

Харин Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд түүнийг улираан томилох саналыг гишүүд гаргасан юм. 

Уг асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нэр бүхий УИХ-ын гишүүд хэд хэдэн аймагт ажиллалаа. Ингэхэд иргэд уул уурхайн үйл ажиллагаа тэр дундаа тусгай хамгаалалттай газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар учирлаж байна. Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост тосон бумбын нуруунд таны хамаарал бүхий компани үйл ажиллагаа явуулж байгааг уламжилж өгөөч гэсэн юм. Та энэ талаар мэдээлэл өгнө  үү” хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Би тус компанийн 50 хувийг эзэмшиж байгаад нэр шилжүүлсэн. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус компанийн залуустай уулзах хүсэлт илгээгээд байна” гэлээ. 

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн 91.7 хувийн саналаар байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг улираан сонголоо.

Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томилохыг дэмжив

Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, Д.Занданбатыг томилох асуудлаар гишүүд асуулт тавьж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхий аудитор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад яагаад томилох асуудлыг оруулж ирж байна вэ? "Эрдэнэт"-ийг төрийн  аудит шалгахгүй байна. "Эрдэнэт" үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахдаг. Үйл ажиллагаатай нь холбоотой аудит хийж, олон нийтэд ил болгож, буруутай этгээдүүдийг гаргаж чадах уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ерөнхий аудитораар ажиллаж байгаад түдгэлзсэн Д.Хүрэлбаатар ёсзүйн хариуцлага хүлээж, албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Нэр дэвшигч Д.Занданбат: Хуулийн хүрээнд ажиллаж, тодорхой гаргасан зөвлөмжийг ил болгодог. Хэрвээ томилогдвол Улсын үйлдвэрийн газарт хийсэн тохиолдолд хуулийн дагуу  танд мэдээлэл хүргүүлнэ.  Шударга, үнэн ажиллах сэтгэл байгаа. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөх санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувийн саналаар Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудитороор чөлөөлөхийг дэмжив. 

Харин Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томилохыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжив.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх