etoim.mn
photos/IMG_9743-1_b.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид мах, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, зоорь агуулах зэрэг сэдвээр 10 орчим илтгэл тавьж, үдээс хойшх болсон хэлэлцүүлэгт оролцсон нийт төлөөлөгчид илтгэлтэй холбогдуулан санал шүүмжлэлээ хэлэв. Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, дараа нь “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг албан ёсоор хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Өнөөдрийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуй эрхлэгчдийн төлөөллүүд мах, хүнсний ногооны хангамж, бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тогтолцоонд тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэж, тодорхой шийдлүүдийг дэвшүүллээ.

Монгол хүний хүнсэнд мах, махан бүтээгдэхүүн голлох байр суурь эзэлдэг. Манай бэлчээрийн монгол малын махны чанар, шим тэжээллэг байдал, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийхээ хувьд үнэт чанарт нь эргэлзэх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ талаар профессор Б.Энхтуяагийн илтгэлд бас тодорхой дурдагдлаа.

Мөн Махны холбооны тэргүүн Б.Очирбат гуайн илтгэлд дурдсанаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг боловсруулагдаагүй, хууль хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа талаар шүүмжлэлтэй илтгэл танилцууллаа. Түүнчлэн салбар хоорондын уялдаа муу байгаа тухай, нөөцийн махны борлуулалт, хуваарилалт, хүрэлцээ, хүртээмжид тавих хяналт, шалгалт тогтмол хийгддэггүй зэрэг багагүй шүүмжлэл гарч байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханы танилцуулснаар хүнсний үйлдвэрлэлд стандарт дутуу, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай дэд бүтэц байхгүй, мэдээлэл харилцан солилцох тогтолцоо бүрдээгүй, оруулж ирж байгаа вакцины чанар… зэрэг шүүмжлэлтэй олон асуудал хэллээ. Яг үйлдвэрлэгчдээс, хүнсний салбарт ажиллаж байгаа жирийн бизнесмэнүүд мөн мэргэжлийн хяналтын асуудлаар тодорхой шүүмжлэл хэлсэн тул холбогдох байгууллагынхан санал, шүүмжлэлийг тэмдэглэж авсан байх гэдэгт итгэлтэй байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэлд мөн химийн гаралтай ургамал хамгааллын бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа тухай хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа. Энэ асуудалд хил, гаалийнхан холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй.

Монгол Улсын зөвлөх агрономич Ц.Оюунгэрэлийн илтгэлд хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, нийслэл болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөтгөн дэмжих, дотооддоо үйлдвэрлэдэггүй зарим хүнсний ногооны үрийг гааль, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг саналууд дурдагдлаа. Би хэлэлцүүлгийг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.

Харин хэлэлцүүлгийн дараа юу хийх вэ гэдэг асуудлыг бид тогтож ярих ёстой юм. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд хамгийн анхны хэлэлцүүлгээ Хүнсний аюулгүй байдлын асуудлаар хийж байсан. Яг энэ танхимд хүнсний асуудлыг ярьж байсан боловч харамсалтай нь ямар ч үр дүн гарсангүй. Тиймээс, цаашид яах вэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнсний асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудлаар гарах зөвлөмжид та бүхний үнэтэй саналууд тусгагдах ёстой. Энэ салбарт ажиллаж байсны хувьд хүнсний болон мах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаа. Энэ хүрээнд бэлтгэсэн төсөл, ТЭЗҮ-үүд бий. Илтгэлдээ дурдсанчлан 380 мянга орчим тонн хүнсний ногоо байхад монголчуудын хэрэглээ хангагдана. Бүсчилсэн байдлаар үзэх юм бол Улаанбаатар хотод 1.2-1.3 сая хүн байгаа тул гол зах зээлээ гэж үзэх хэрэгтэй. Ирэх жил болох хүнсчдийн 90 жилийн ойгоор баярын хурал хийж, шагнал гардуулахаас илүүтэй хүнсний хангамжаа дотооддоо 100 хувь үйлдвэрлэх, үүгээр зогсохгүй хүнсний бүтээгдэхүүн экспортлосон дүнтэй хурал хийгээсэй гэж хүсэх байна.

Хүнсний асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байгаа нь нэг том алхам юм. Одоо бидэнд нэгдсэн статистик, нэгдсэн тоо баримт хэрэгтэй. Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгч “гурван газар нэг асуудлаар гурван өөр тоо баримт дурддаг” гэж хэллээ. Энэ үнэн. Бид малынхаа тоог, махныхаа үйлдвэрийг мэдэх, мэдэхгүйн хооронд байна. Махны экспорт ч ялгаагүй. Экспорт байгаа, үгүйн засвар байна. Гэтэл 1.4 тэрбум хүнтэй урд хөршид бүх статистик нь нэг мѳр болсон байна. Энэ бол манайд бүртгэлийн нэгдсэн бодлого байхгүйн  шинж.

Тиймээс Монголын хүнсчдийн холбоо, энэ холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэгдсэн их хурал хуралдуулах асуудалд анхаарал хандуулж, тоо баримт, тодорхой саналаа гаргах шаардлагатай” гээд хөдөө аж ахуйн бирж, хүнсний салбар дахь бизнес эрхлэгчдийн зээлийн хөрөнгө зэрэг хэд, хэдэн асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүнсний асуудлыг хөндөн ярьж буйд талархал илэрхийлээд Хүнсчдийн ээлжит бус онц хурлыг ирэх сард хуралдуулах шийдвэр, товоо зарлана гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх