Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ohid.png

Яг одоо "Охидын түүх" ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл хийж байна. Төрийн байгууллагуудын төлөөлөл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэргийн ял, шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээж байна. 

Сүүлийн үед бага насны хүүхдийг тэр тусмаа охидын биед халдсан хэргүүд ар араасаа гарч нийгмийг багагүй бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг чухам яаж хэрхэн шийдвэрлэх талаар Охидын түүх ТББ-аас  “Охидын хүчирхийлэлд цэг тавъя” хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

"Охидын түүх" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан: "Сүүлийн үед манай улсад хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо хэрээс хэтэрч байна. Охин хүүхэдтэй эцэг эхчүүд айдаст автаж байгаа бол хүүхдүүд юунд итгэж найдахаа мэдэхгүй байна. Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, хөдөлж эхэлсэнд баяртай байна. Гэхдээ зөвхөн ярилцаад өнгөрөх биш гагцхүү нэгдсэн нэг шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Тиймээс бид дараах 3 зүйлийг уриалж бас шаардаж байна. Үүнд:

1. Хуулийг тэр дундаа эрүүгийн чангатгах хэрэгтэй байна. Одоо хэрэгжиж байгаа тус хуулийн 12.5-д  18 нас хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрснийг мэдсэн ч бэлгийн харилцаанд орсон нь нотлогдвол түүнийг 540.000-5.400.000 төгрөгөөр торгож, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ хууль өмнө нь 9-36 сая төгрөгөөр торгож, 3-5 жил хорих ялтай байсан. Зөвхөн эндээс харахад л хэрэгтэнд өгч байгаа ялын хэмжээ хэтэрхий хөнгөдсөнийг харж болно. Тийм учраас холбогдох байгууллагууд дээрх  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, чангатгахыг шаардаж байна.

2. Хохирогчдын сэтгэл санааны нөхөн төлбөрЭнэ асуудалд манай улсад огт яригддаггүй. Гагцхүү хохирогч хүүхдүүд биед нь хохирол учирсаныг шүүхээр тогтоосны дараа нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Гэтэл ххүчирхийлэгч шоронд орсон боловч төлбөрийн чадваргүй үед биеийн эмчилгээний нөхөн төлбөрийг авч чаддаггүй. Ганц бие эрхтний хохирлоос гадна хүүхдүүдийн сэтгэл зүйн хохиролыг хэн ч авч хэлэлцэхгүй байна. Гэтэл хамгийн багадаа хохирогч хүүхэд 2-3 жилийн давтамжтайгаар сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байж сая нэг шарх нь аних шатандаа ордог ч манай улсад ийм зүйл огт байхгүй. Тиймээс сэтгэл санааны хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийг ТӨР өгөх ёстой гэж үзэж байна.

3. Урьдчилсан сэргийлэх ажлыг түлхүү хийх: Бид хэрэг гарсны дараа ярих биш, тухайн хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Ингэхдээ хүүхдүүдийг өөрсдийг нь оролцуулах хэрэгтэй. Учир нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 64.8 хувь нь найздаа эхэлж хэлдэг бол 34 хувь нь эцэг эхдээ, багш, нийгмийн ажилтанд 3-8 хувь нь ярьдаг гэсэн судалгааг  Хүний эрхийн үндэсний комисс гаргасан. Тиймээс бид үе тэнгийн хүүхдүүдэд нь нөлөөлөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй байна.

Энэ үеэр бид түүнээс хэдэн зүйл тодруулсан юм.

Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өссөн гэж байна. Энэ тал дээр танай байгууллагаас хийсэн судалгаа бий юу?

Саяхан прокурорын байгууллагаас гаргасан судалгаанд энэ төрлийн гэмт хэргийн тоо болон бусад холбогдох мэдээллүүд нь их тодорхой гарсан байсан. Одоогоор баттай тоо баримт хэлэх боломжгүй байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн цаад шалтгаан болон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа орчин нь архидалт болон ажилгүйдэл, ядууралтай холбоотой болох нь тогтоогдсон.

Мөн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэнхдээ бага насандаа өөрсдөө хүчирхийлэлд өртсөн байдаг нь тогтоогдсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хойд аавдаа 72 цагийн турш тамлуулсан хүүхэд байна. Тэр хойд аав нь өөрөө багадаа мөн л хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон.

Энэ нь хүүхдийн суурь хүмүүжил доголдолтой байгааг л харуулж байгаа юм. 2016-2017 онд гарсан тоон баримтаас хархад 260 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байсан бол өнгөрсөн онд 300 гаруй хүүхэд өртсөн байна. Харин 2019 он гарахад энэ төрлийн гэмт хэрэг 70 гаруй бүртгэгдсэн байсан.

Танай байгууллага энэ чиглэлээр хамгийн сүүлд чухам ямар ажил хийсэн бэ?

Хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэмжээнд  800 орчим сургууль, 21 аймаг, 9 дүүрэгт "Охидын зөвлөл" байгуулахаар болсон. Энэ ажил маань 62 хувьтай явж байна.

Үнэндээ өмнө нь цаазын ялтай байхад ч хүчирхийлэл гарч байсан. Хүний сэрэл, дон хоёр хэзээ ч засагддаггүй гэсэн судалгаа байдаг.

Удахгүй СХД-т хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа тухайд жаахан тайлбар өгөхгүй юу?

Миний хувьд гэмт хэрэгтнүүдийг цаазлах болон шийтгэнэ гэхээс илүүтэйгээр хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх боловсрол олгох ёстой гэж боддог. Гэмт хэрэг хийлээ гээд бүгдийг цаазлаад байх нь бас өрөөсгөл. Хүүхдүүдэд өөрсдийнх нь оролцоотойгоор урьдчилан сэргийлэх арга барилыг заах хэрэгтэй.  Түрүүн хэлсэнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 64 хувь нь энэ талаараа өөрсдийн дотны найздаа эхлээд хэлсэн байдаг.

СХД-т хийгдэх ажил маань хүүхдүүдэд хувь хүний хүмүүжилд хэрэг болох бүхий л сургалтыг явуулахын зэрэгцээ тэдэнд хэн нэгэнд итгэх итгэлийг төрүүлэх явдал. Магадгүй сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртсөн хүүхэд байвал явцын дунд энэ талаараа бидэнд хэлэх болно. Тухайн үед нь бид холбогдох байгууллагуудад хандаж тус мэдээллийг нь хүргэх болно.

Энэ хөтөлбөрт зөвхөн СХД-ын хүүхдүүд хамрагдах юм уу?

Тийм ээ. Эхний ээлжинд тус дүүргийн хүүхдүүд хамрагдаж байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ төрлийн төслийг бүрэн санхүүжүүлэх боломж бидэнд байхгүй. Харин ТЭСО корпорац манай төслийг ивээн тэтгэхээр болж бид хоёр жилийн хугацаатай төслөө хэрэгжүүлэхээр болсон.

Мэдээж өөр дүүргийн хүүхдүүд хамрагдахыг хүсвэл бид аль болох боломжоороо хүлээж авах болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх