etoim.mn
photos/bcdbb120-03fe-4c19-867b-30a005f9b7ae.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод буй юм. Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уул уурхайн компаниудаас авах ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах заалтыг хассан эсэхийг тодрууллаа. Мөн төв, суурин газруудын цэвэрлэх байгууламжуудад тавих шаардлагыг нэмсэн эсэхийг асуув. Төв суурин газруудын цэвэрлэх байгууламжууд бохир усаа шууд гол руу цутгадаг гэдгийг цохон тэмдэглээд үүнийг зогсоох хэрэгтэй хэмээсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүн Б.Саранчимэг мал аж ахуй, газар тариалангаас ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалт туссан байсныг хассан гэдгийг цохон тэмдэглээд, “Ус бохирдуулсан уу уурхайн компаниудад давуу байдал олгоогүй” гэв. Мөн ажлын багаас ус бохирдуулсны төлбөрийн 50 хувийг цэвэрлэх байгууламжийн засвар, арчлалтад ашиглах зохицуулалт тусгасныг дурдлаа.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа гишүүн ус бохирдуулсны төлбөрөөс улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрдгийг тодрууллаа. Өнгөрсөн онд ус ашигласны төлбөрөөс төсөвт 46.6 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд үүнээс 42 тэрбумыг нь уул уурхайн компаниуд бүрдүүлсэн гэдгийг ажлын багийн гишүүд хэлэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь дэмжиж, хуулийг батлав. Хууль энэ оны зургаадугаар сарын 01-нээс хэрэгжинэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх