etoim.mn
photos/5315ecb91a6ff9bde76840df08454e1c.jpeg

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд НҮБХХ, НЗДТГ хооронд 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээний томоохон асуудлуудад анхаарлаа хандуулж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байдаг Та бүхэнд талархал илэрхийлье. Хамгийн олон тулгамдсан асуудал нийгмийн салбарт байдаг. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаас гадна хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд их байна. Дөрвөн жилийн хугацаа хэт богино ч нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд маш хурдацтай ажиллах шаардлага бидний өмнө бий. Миний бие нийслэл дэх Жендерийн дэд хороог даргалдаг. Жендерийн асуудал нь хөгжлийн бодлогын цөм нь болж байдаг. Бид үүн дээр маш сайн судалгаа, тооцоотой дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Танай байгууллагаас жендерт чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид энэ ажлууд дээр уялдаа холбоогоо хангаж чадвал хоорондын хамтын ажиллагаа улам өргөжинө гэж үзэж байна” хэмээлээ. 

НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр маань НЗДТГ-тай урт хугацаанд хамтран ажиллаж байна. Монгол Улсын хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ийм учраас тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг  эрчимжүүлэх замаар хэрхэн тогтвортой хөгжлийг бий болгох вэ гэдэгт чухал ач холбогдол өгч байгаа. Тогтвортой хөгжлийн зураглал дээрээ 2030 оны зорилтдоо хүрэхэд хэрхэн ямар арга хэмжээг авч болох болон бусад нийслэлийн байгууллагуудтай хамтран, 2016 оны суурь үзүүлэлт дээр үндэслээд 2020, 2025 он гэсэн шатлалаар хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдээр нь тодорхойлж гаргасан. Таны хэлсэнчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл зэрэг тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь хамруулсан хөгжлийг хэрхэн орхигдуулахгүй байх зарчмыг баримталсан. Энэ баримт бичигт тулгуурлан бодлогын чиглэлээ тодорхойлсон байх гэж бодож байна. Шийдвэр гаргах түвшинд бодлого боловсруулагчид хамгийн түрүүнд тэргүүлэх чиглэлээ хэрхэн тодорхойлох вэ гэдэгт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, бодлогын зөвлөмж үзүүлэх маягаар судалгаагаа боловсруулсан” хэмээв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх