Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны  хэлэлцүүлгийг хийж байна.  

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 102 тусгай хамгаалалттай газар буюу  байгалийн цогцолбор болон дархан цаазат газарт 365 байгаль хамгаалагч хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тогтоосон. Үүний дагуу хоёр байгаль хамгаалагч хариуцах талбайг нэг хүн хариуцаж байгаа бөгөөд 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутагдалтай байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн, талхлагдсан, 300 гаруй зүйлийн амьтан ургамал устаж үгүй болох аюул тулгараад байна. Олон зуун гол горхи ширгээд байгаа гэдгийг ойлгож байгаа. Тусгай хамгаалалтад авсны дараа дээрх асуудлуудтай холбоотой ямар арга хэмжээ авч, хамгаалах вэ? Тусгай хамгаалалтад авсан газар дээр ажиллаж, амьдарч байгаа ард иргэд, бэлчээрлэж байгаа малынхаа асуудлыг хэрхэн шийдэв вэ? Жишээ нь Ховд аймгийн Алтай, Үенч гэхэд нийт газар нутгийн 50 хувийг тусгай хамгаалалтад авсан байна. Тэгэхээр үүнийг дагасан бодлогууд, зохион байгуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?  

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:  Энэ удаад 22 газрыг тусгай хамгаалалтад авах асуудал оруулж ирж байна. Өнөөдрийн тусгай хамгаалалттай газар нутагт 365 байгаль хамгаалагч ажиллаж байна. Одоогоор 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу байна. Сүүлийн гурван жилийн хугацаан хяналт сайжирсан гэх мэдээллийг яамнаас өгч байна. С.Бямбацогт гишүүний хэлж байгаатай холбоотойгоор цаашдаа байгаль хамгаалагчдыг орон тоо төсвийг баталж өгөх, байгаль орчны яаманд оруулж ирж байгаа саналынх нь дагуу боломжтой хөрөнгө мөнгийг тусгаж өгөх шаардлага гарч ирнэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бэлчээр хүрэлцэхээ байсан учир газар нутгийн маргаан үүсч байна. Малчид хаана өвөлжиж, хаваржих вэ? Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаа вэ? Эрдэнэт-Овоотын төмөр зам гэж асуудал байна. Аймаг, сум, ард иргэд нь мэдэхгүй байхад концессийн гэрээ гээд өгчихсөн гэсэн асуудал байна. Энэ асуудал тусгай хамгаалалтын нутгаар трас нь дамжих юм билээ. УИХ-аар ч энэ асуудал ороогүй. Үүнд хариулт өгөөч? 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 22 газрын хоёр газарт нь төмөр замын асуудал орсон. 2010 онд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгаар дамжих байсан.  Зарим газар нутгийг хасч өгөөч гэсэн. Хэрвээ давхцлыг нь арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гаргаж ирж гэсэн. 2010 онд зураг төслийг нь барьж, ашиглаж, хүлээлгэж өгөхөөр концессийн гэрээ хийгдсэн. Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа. 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: 2010 онд Төмрөөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагдчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессийн энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан. 

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат: Байгалийн цогцолборт  газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ Идэр, Булнайн нурууг авахад ард иргэдэд хүндрэл учрахгүй. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Туул голыг хэзээ хамгаалалтад авах вэ? Туул голоо хамгаалах нь нийслэлчүүдийн асуудал болоод ард түмэн босоход бэлэн байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Туул голд хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж болно. Туулын бохирдол Тэрэлжээсээ эхэлсэн. Тэрэлжилд аялал жуучлалын бүсийн зөвшөөрөл олгосон байдаг. Тэнд модон жорлон хийж байна. Улаанбаатар хотын Гачуурт тосгоноос эхлээд гол дээр хог, үнсээ хаядаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохирдол дийлэнх хувийг эзэлж байна. Улаанбаатар хотоос доош орших Төв аймгийн  Алтанбулаг, Өндөрширээт, Заамар сумд асар өндөр хордлогод байна. Өнөөдөр Туул голыг гаталсан малын арьс нь өмөрч унаж байна. Тэр малын махыг ард иргэд идэж байна. Бид Туул голоос ундаалсан малын мах, ногоог идэхийг хориглож чадаагүй байгаа. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирнэ. 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр: Туул голын ай савд байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргасан. Зөрчилтэй аж ахуйн нэгжийг цуцлах үйл ажиллагаа явуулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх