etoim.mn
photos/5cb6ddee3a7b7.jpg

Монгол Улс “Ази, Номхон далайн орны дээд боловсролын эрдмийн зэрэг харилцан зөвшөөрөх тухай ЮНЕСКО-гийн бүс нутгийн конвенц"-д нэгдэн орсон тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээллээ.

Тус конвенцид манай улс анх 1991 онд нэгдэн оржээ. Уг конвeнцийг 2011 онд Токио хотноо шинэчлэн найруулж, дахин баталсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 399 дүгээр тогтоолоор дахин баталсан эл конвенцид нэгдэх шийдвэр гаргасныг, ЮНЕСКО батламжилжээ. Энэ хүрээнд манай улс дээрх конвенцийг тавдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болсон байна.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Манай иргэд гадаадад суралцахаар очиход мэргэжлийн дипломыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал тулгардаг. Тус конвенцид нэгдсэнээр, Ази, номхон далайн орнууд, тэр дундаа Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн хөгжингүй орнуудад Монгол Улсын дээд боловсролыг хүлээн зөвшөөрөх юм.  Ийнхүү манай иргэд гадаад улсад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг шилжих  хөдөлгөөнд чухал хаалга нээгдлээ. Гэхдээ ирэх сараас шууд хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд Токиод баталсан энэхүү конвенцийн дүрэм, журам, зааврыг дотоодын сургалтын агуулга, стандартад нэвтрүүлнэ” гэв. 

Мөн тэрээр, конвецийн үйлчлэл төр, төрийн бус өмчийн сургуульд ялгамжгүй байна. Гэхдээ магадлан итгэмжлэгдээгүй 14 сургууль хамрагдахгүй. Үүнийг дагаад сургуулиуд сургалтын чанараа сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай болж байгааг тэмдэглэлээ.

ЮНЕСКО "Ази, Номхон далайн орны дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай" конвенцийг анх 1983 онд Бангког хотод баталсан байдаг аж. Орчин үед, дээд боловсрол олгодог төрийн болон хувийн хэвшлийн байгууллага олноор бий болсон төдийгүй мэдээлэл, харилцааны технологи үсрэнгүй хөгжсөнөөр, нээлттэй болон зайн сургалт олширч, шилжилт хөдөлгөөн болон өөр улсад суралцах явдал ихэссэн зэрэгтэй холбогдуулан конвенцийг 2011 онд Токио хотноо дахин баталсан. Тус конвенцид бүс нутгийн таван улс нэгдэн орсноор 2018 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөх болжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх