Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fda275f7-ac37-4ea9-96a5-6a83c1a0f608.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.29/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд үүнд ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинд чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан гэдэгт найдаж байна. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ. 

Элчин сайд И.К.Азизов хоёр улсын төр, засгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн өндөр, дээд хэмжээний уулзалтууд хийсний дүнд хоёр орны хамтын ажиллагаанд ахиц гарсныг тэмдэглэлээ. Тухайлбал, худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм гэв. Тэрбээр, уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо зохион байгуулагдах Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулан өгөв. 

Уулзалтын үеэр талууд Халх голын байлдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай, мөн энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын гишүүдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх