etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын дарга  захирамж гаргаснаар энэ сарын 18-28-ны хооронд ээлжит бусаар  чуулахаар байсан ч товлосон хугацаанаасаа нэг хоногийн өмнө хаасан юм. Ээлжит бус  чуулган хуралдсан өдөр бүхэн дуулиантай байлаа. Татварын багц хууль, Тендерийн хууль, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль гээд олон нийтийн анхаарал татсан хуулиудыг ээлжит бусаар хэлэлцэн шийдэв. Чуулганаар батлагдсан хуулиудыг тоймлон хүргэе.

Тендерийн хуулийг батлав

Энэ удаад Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баталлаа.  Энэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө.

ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо

Ерөнхийлөгчөөс ЗХЖШ-ын даргад генерал А.Ганбатын  нэрийг дэвшүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо.

Татварын өрийг үр хүүдэд нь өвлүүлэхгүй

Татварын шинэ хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг удаа хялбаршуулсан журмаар тайлан гаргаж, 1 хувийн, 50-300 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 2 удаа тайлан гаргаж, мөн 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно. Үндсэндээ эдгээр аж ахуйн нэгж 1 хувийн татвартай болж байна гэсэн үг. 

Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын дарамт мэдэгдэхүйц багасаж, татвар төлөх, тайлагнахтай холбоотой зардал нь буурч, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжих боломж бий болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн албан татвар ногдуулах орлогын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болголоо. 3-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох татварыг 15 хувиар буурууллаа.

Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Түүнчлэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр аливаа өр, зээлтэй хүн нас барвал түүний хамаарал бүхий этгээдээр төлүүлэх тухай заалт оруулж ирсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр  “Нас барсан буюу нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчдад шилжинэ” гэх заалт одоогийн мөрдөж буй хуульд байжээ. Гэтэл Иргэний хуульд, өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээлнэ гэж заасан байдаг байна.  Ээлжит бус чуулганаар баталсан Татварын багц хуульд, татварын өр буюу хариуцлагын асуудлыг үр хүүдэд нь өвлүүлэхгүй гэж үзээд одоо мөрдөж байгаа заалтыг илүү тодорхой болгожээ. Ингэхдээ нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний төлөх өрийг түүнтэй холбоотой өв залгамжлагчдад үүссэн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжүүлэх бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй гэж заажээ.

Нөөц ашигласны төлбөр 5 хувь болгов

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм. Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон. Ингэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан юм. Харин ээлжит бус чуулганаар нийгэмд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

ҮАБЗ шүүх, хяналтын байгууллагын удирдлагуудыг солино

Ээлжит бус чуулганы сүүлчийн  өдрүүдэд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүх, хяналтын байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох асуудлыг хэлэлцсэн.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулснаар улсын ерөнхий прокурор, шүүх, АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх нь ҮАБЗ-ийн гурван гишүүний саналаар болохоор боллоо.  Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн орчин бүрдлээ.

С.Зоригийн хэрэг дахин анхаарлын төвд орлоо

Чуулганы сүүлээр төр, нийгмийн нэрт  зүтгэлтэн С.Зоригийн амь насанд халдсан гурван хүнд ял оноосон нь эрүүдэн шүүлт байсан гэж зарласан төдийгүй лхагва гарагийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг үзүүлсэн нь ээлжит бус чуулганыг “том сэдвүүд”-ийн нэг байлаа.

Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэднээс уучлалт гуйгаад байгаа билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх