etoim.mn
photos/5a7a7e068899907022018121814.png

Монголчууд нэгэн цаг үед сүлжээний бизнесээр өвчилж, зарим нэг нь хөлжиж байхад зарим нь хоосорч байв.

    Өдгөө сүлжээний бизнес улам төгөлдөржиж, цахим хэлбэрт шилжиж буй. 

Их хэмжээний хохирол учрах эрсдэлээс сэргийлэх үүднээс сүлжээний бизнес, цахим луйврын талаар бид Сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамбатай ярилцлаа.

 Сүлжээний бизнесийн талаар товчхон тайлбарлахгүй юу. Энэ бизнесийг зарим хэсэг нь луйвар гэж харж байхад нэг хэсэг нь амархялбараар мөнгөтөй болох арга гэж итгэсээр байна? 

“Сүлжээний бизнес” гэдэг тодорхойлолт өөрөө хар ярианы нэршил юм. Дэлхий дээр зөвхөн Монголд л хэрэглэдэг, дандаа залилан луйварт л хэрэглэдэг.Өөрөөр хэлбэл, нэгнээ элсүүлж, сүүлд нь нэгдсэн хүнийхээ мөнгийг түрүүлж элссэн хүмүүс нь авч, залилж, луйвардсанаас дампуурч алга болдог бизнес.Тэгэхээр сүлжээний бизнес гэх хэллэг нь зөвхөн залилан луйварт л хэрэглэгддэг.

Сүлжээний бизнес бол луйвар юм. Тийм ч учраас Монгол Улс 2001 онд хуулиар хориглосон байдаг. Шинжлэх ухааны нэр томъёо нь “Шууд худалдаа, шууд борлуулалт” юм шүү дээ. Шууд худалдаанд сүлжээний маркетингийг л ашигладаг болохоос сүлжээний бизнес гэж огт хэлж ярьдаггүй. Энэ хоёр тэнгэр, газар шиг асар их ялгаатай.Жишээлбэл, шууд худалдааны компани нь олон улсын худалдааны гэрээ конвенци болон тив дэлхийн чанар стандартуудаар баталгаажин дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, тивүүдийн шууд худалдааны нийгэмлэг, тухайн улсын шууд худалдааны нийгэмлэг гээд маш олон газарт харьяалагддаг. Бодит үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүнд дээр суурилдаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилдаггүй, аливаа өвчин эмгэгт сайн гэж эмчээр сурталчлуулдаггүй, буух эзэн буцах хаяг, хариуцах эзэнтэй байдаг бол сүлжээний бизнес гэх залилан луйварын ард буух эзэн буцах хаяг гэж огт байдаггүй байх жишээний.

Хүмүүс ямар нийгмийн үед, юуны улмаас сүлжээний бизнес рүү хошуурдаг юм бол? 

Ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан, эдийн засгийн хямралтай, хөдөлмөрийн үнэлэмж багатай, хууль байвч хяналтгүй, хуулийг хэрэгжүүлдэггүй, мэдлэг чадваргүй хууль хяналтын байгууллагуудтай, амар хялбар замаар бэлэнчлэх сэтгэлгээтэй иргэд олонтой нийгэмд. Ер нь яг манайх шиг дээгүүрээ ч,  доогуураа ч учир нь олдохоо байсан зах зээл дээр гэсэн үг.  Хуулийн цоорхойг мэддэг хүмүүс үндэстэн дамнаж бүлэглэн үгсэн хуйвалдаж, шуналын сэдэлтэйгээр нарийн зохион байгуулалттай, санаатайгаар луйвар хийдэг. Хүмүүс үүнд автдагийн гол шалтгаан нь ядуурал.

- Сүлжээний бизнесийн хор хохиролд хэмжээ, хязгаар гэж байна уу?

 Пирамид хэлбэрийн, хуулиар хориотой, залилан луйварт орсон хүмүүс өөрт байгаа бүх хөрөнгөө алдах нь бий. Байр, машины гэрчилгээ, алт мөнгөн эдлэлүүдээ банк эсвэл ломбардад барьцаалж амь амьдралаараа дэнчин тавьж энэ бизнест элсдэг. 

    Энд нэг зүйлийг онцлоход хэн ч, хэзээ ч тухайн санал болгосон бизнест нь итгэж мөнгөө өгдөггүй. Харин энэ бизнесийг санал болгосон найздаа, танилдаа л итгэдэг. Тэгээд л мөнгөө ямар ч судалгаагүйгээр өгчихдөг. Ингээд зогсохгүй мөн л цааш танил найз нөхөд ах дүү хамаатан садангуудаа элсүүлэх сурталчилгааны ажилдаа ордог. Эргээд асуудал босоод ирэхээр эхэлж элссэн нь мөнгөө хэд дахин өсгөж аваад зугатсанаар гол буруутан нь сүүлийн элсэгч болоод зогсохгүй, араасаа элссэн олон хүнийг эдийн засгийн онц ноцтой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хамсаатан болгож орхидог. 

    Өнгөрсөн 2017 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 17.3.2.3-т заасан “Эд хөрөнгөө хураалгаад зогсохгүй 15-хүртэлх жилээр хорих ялтай. Энэ бизнест “нэр хугарсан” хүн эргээд нэр төрөө босгож авах боломж байхгүй. 

 Тиймээс зөвхөн мөнгөө ч биш, бүх үнэт зүйлээ алдах эрсдэлтэй. 

Сүлжээний бизнес санал болгосон найз нөхөддөө найр тавьж, итгээгүйнхээ төлөө дотны хүмүүстэйгээ үл ойлголцолд хүрэх вий гэсэн сэтгэлийн дарамт, шахаанд орж байгаа хүмүүс ч байна. Үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ?

Нэгэнт аль эрт, 2001 онд энэ бизнесийг хуулиар хориглочихсон учир иргэн өөрөө ямар нэгэн пирамид хэлбэрийн сүлжээний бизнесийг бүү сонирх,  бараа бүтээгдэхүүнүүдийг нь бүү ав, элсэх ч хэрэггүй. Хуулийг санаатайгаар зөрчөөд байгаа залилагчдыг давраагч нь сонирхогч Та юм шүү дээ. Нөгөөтэйгүүр, нэг сүлжээнээс нөгөө сүлжээрүү яг л царцаа шиг “үсэрдэг”,уулзах бүрт өөр, өөр сүлжээ танилцуулж явдаг мэргэшчихсэн сүлжээчид бий. Тийм хүмүүсээс хол байх хэрэгтэй. 

Тэдэнд өөрийн хувийн мэдээлэл болох регистрийн дугаараа бүү өг. Мөн өнгөрөгч шинэжилийн баяртай давхцуулан үйл ажиллагаа нь зогссон, нэлээн тооны хөрөнгө оруулалтын бизнес гэх пирамид хэлбэрийн сүлжээний залилангууд дахин ажиллаад эхэлсэн ба ихэнхи тохиолдолд мэдээлэлгүй, хөдөө орон нутгийн иргэдийг хохироох асуудал ихэссэн. Тиймээс хэн нэгэн танд сүлжээний бизнес  санал болговол мөнгөө өгөхөөсөө урьтаж бичиг баримт болон холбогдох бүх зүйлийг нь баримтжуулж авах хэрэгтэй. Эсвэл энэ салбарыг судалдаг, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай. 

- Юуны түрүүнд дараахь залилан, луйваруудаас болгоомжлоорой.

1. Т Onecoin, Onelife,

2. Т Их Баяндалай ХХК,

3. Т Хоох.mn, xoox Mongolia, NANO ECO гэх наалт,

4. Т Bitcoin,

5. Т Оросын Услада хаан,

6. Т Үүдэл эс BML буду Phyto Science,

7. Т QUESTRA WORLD,

8.Т ALIVEMAX,

9. Т Аtlanticgam,

10. Т ШИ РИУ АЙН,

11.Т FOHOW,

12.Т 3-Н SSS,

14.Т AMWAY,

15.Т GOLDEN STYLE ХХК,

16.Т FIVE WINDS ASSET MANAGEMENT,

17.т STAMFORD,

18.Т ISEIKO WORLD,

19.Т ALTYN NURLY GASYR,

20.Т Эхийн бонус,

21.Т ШИНЬ ШИ МИН ХХК,

22.Т RESONANCE CAPITAL,

23.Т PLATINCOIN,

24.т LUCK LIFE,

25.Т СОЛОМО МОНГОЛ,

26.Т БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО, 

27.Т Гадаадаас залгасан утасны дуудлага. Эдгээр нь бүгд пирамид тогтолцоотой залилан луйврууд юм.

- Монгол Улсын хууль, журамд сүлжээний бизнесийг хэрхэн зохицуулсан байдаг юм бэ.  Цаашид хуульчлах шаардлагатай юу? 

Ямар ч орны хамгийн их онцгойлон анхаардаг үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөтэй 4 том хүчин зүйлд нэгдүгээрт хар тамхи, хоёрдугаарт, садар самуун, гуравдугаарт казино, дөрөвдүгээрт пирамид тогтолцоотой сүлжээний луйвар ордог.

Үүнээс гадна Хэрэглэгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тодруулбал “Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэх ёстой.  Дэлхийн олон улс оронд, тухайлбал, АНУ, Англи, Франц, Герман, Өмнөд Африк,  Португал, Хятад, ОХУ зэрэг 30 гаруй улсууд пирамид тогтолцооны луйврыг хуулиар хориглосон байна. Ихэвчлэн эдгээр улс орны “Хэрэглэгчийг хамгаалах” хуульд дээрх заалтыг тусгасан байдаг юм. 

Мөн ХЗДХЯ, ЭМЯ, Монголбанк, СЗХ, ЦЕГ, МХЕГ, ШӨХТГ хамтраад Монгол Улсад сүлжээний бизнес эрхлэгчийн амьдардаг болон бизнесээ сурталчилж буй харьяа газрынхаа Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газарт заавал бүртгүүлж байх журам, шийдвэр гаргах хэрэгтэй. 

- Цагдаа, хууль хяналтын байгууллага сүлжээний бизнесийн эсрэг ажиллаж чадаж байна гэж боддог уу?

Цэвэр мөнгө, санхүүд тулгуурласан залилан, луйврын асуудлуудыг Монголбанк, СЗХ хянаж ЦЕГ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллах ёстой.

Бараагаар өнгөлөн далдалсан залилан луйвруудын асуудлуудыг МХЕГ, ШӨХТГхянаж ЦЕГ-тайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллах ёстой.

Татварын Ерөнхий Газар нь татвар төлдөггүй сүлжээний луйварчдыг хянаж, илрүүлж мөн л ЦЕГ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллах ёстой. Тэгвэл өнөөдөр бодит байдал дээр дан ганц ЦЕГ үүнтэй тэмцэж, үр дүн маш өндөртэй, сайн ажиллаж байна. Бусад нь үүнд огт анхаардаггүй. 

- Цахим мөнгө буюу биткойн олон улсад дэлгэрч, улмаар энэ төрлийн гүйлгээнээс зарим улс татгалзаж байна?

Дэлхийн томоохон эдийн засагчид, бизнесийн магнатууд, банкирууд, нэлээд олон орон Биткойныг анхнаас нь пирамид тогтолцоотой Понзын систем гэж үзсээр ирсэн. Өнөөдөр ч тийм. Ингэж үзэхээс аргагүй аргагүй хэд, хэдэн шалтгаантай. Яагаад гэхээр, буух эзэн буцах хаяггүй, хариуцлага хүлээх ардаа ямар нэгэн баталгаажих эзэнгүй, хий хоосон технологид суурилсан учраас. 

Аливаа орны тусгаар тогтнолын гол баталгаа нь тухайн орны мөнгөн тэмдэгт байдаг. Мөнгөн тэмдэгтийн ард алт, алтны ард банк бий. Банкны ард засаг захиргаа нь хууль дүрмээрээ баталгаажин, иргэдийн хаана байснаас үл хамааран ямар нэгэн зүйлээс хараат бусаар хөдөлмөрийг хөлс арилжааны хэрэглэгдэхүүн болгосон үнэт цаас байдаг. 

Тэгвэл Биткойн болон бусад цахим мөнгө нь тухайн мөнгөн дэвсгэртийг устгах зорилготойгоор ирээдүйн төлбөр тооцооны хэрэглэгдэхүүн болно хэмээн бусдын итгэл үнэмшил дээр дөрөөлөн гарч ирсэн. Мөн л буух эзэн, буцах хаяггүй, хариуцлага хүлээх эзэнгүй хоосон тоо юм.

Ингээд зогсохгүй олон хүнийг дэлхий нийтээр нь уриалан дуудаж, турхирч хамруулснаар ханш нь хөөсөрч, нэг зоос 20.000 ам.долларт хүрч байсныг санаж байгаа байх. 

Тэр хөөс нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр хагарснаар эргээд ханш нь асар хурдтай унаж, одоо 6500-тай байна. Шинжээчид эдийн засагчид ч гэсэн цаашид унана гэдгийг анхааруулсаар байгаа. Саяхан болж өнгөрсөнДавосын эдийн засгийн форумд оролцогчид Биткойныг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн бол дөнгөж өчигдөр Их Британийн банкнаас эхлэн Австралийн банкууд, Шинэ Зеландуудч хүлээн зөвшөөрөхгүйгээ тус, тус мэдэгдлээ.

Харин Монголбанк өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сарын 4-нд өгсөн мэдэгдэлдээ, “Эрсдэл өндөртэй. Монгол Улсад төлбөрийн хэрэгсэл болох боломжгүй. Анхаарч сэрэмжлээрэй” гэсэн бол СЗХ “Эрсдэлтэй, эрсдэлээ өөрсдөө даагаарай” гэж тус, тус мэдэгдсэн. Гэвч иргэд одоо ч гэсэн мөнгөө барин гүйсээр л байна. 

Цахим мөнгө хэзээ ч ирээдүйн төлбөр тооцооны хэрэгсэл болох боломжгүй. Хаа  байгаа интернэт байтугай утасных нь сүлжээгүй газрын малчин яаж үүнд нь хамрагдах билээ, боломжгүй шүү дээ.

Биткойноос ганц авах юм нь блокчэйн технологи нь. Энэ технологийг Монгол Улсын төрийн байгуулагуудын дотоод сүлжээ, бүртгэлийн систем, банк санхүүгийн систем гээд мэдээллийн технологид ашиглавал асар их үр дүнтэй. Бас асар их мөнгө хэмнээд зогсохгүйтөрийн бүх байгууллага ил тод байх боломж нь бодитоор нээгдэнэ. 

Харин мөнгөн дээр ашиглаад ирээдүйгүй нь өнгөрөгч хугацаанд хэдэнтэй хакердуулснаас бэлээхэн харж болно.

Магадгүй, ирээдүйн төлбөрийн хэрэгсэл боллоо гэж бодоход улс болгон өөрийн цахим мөнгийг Засгийн газар, Их хурлаараа батлаад гүйлгээнд гаргаж олонд хүргэхдээ Хятад шиг биткойн болон бусад цахим мөнгийг хориглож хааж байж л нэвтрүүлж таарна шүү дээ.

Тэгэхээр энэ мэт хийсвэр зүйлд итгэхээ больж, бодит байдалдаа зөв үнэлэмж дүгнэлт өгч сохороор бус олон талаас нь судалж,нягталж сурах шаардлагатай.  Үнэгүй зүйл үнэгүй чигээрээ дуусах нь гарцаагүй.

- Сүүлийн үед Фейсбүүк постны комент хэсэгт, “Санхүүжилт хэрэгтэй байна уу.  Бид таньд тусалъя” гэсэн зар ихээхэнхарагдах боллоо. Энэ талаар судалсан зүйл Таньд байна уу?

Тиймээ, одоогоос гурван жилийн өмнөөс мэр сэр үзэгддэг байсан Google-орчуулгаар утгын алдаатай, монгол хэлрүү орчуулсан “Мөнгө зээлүүлнэ” гэх зарууд сүүлийн үед вирус болтлоо олширсон. Энэ бол бас л нэг санхүүгийн залилан,луйвар юм байгаа юм. Монголд өнгөрсөн жил ийм зард итгээд 20.000 ам.доллараа залилуулсан жишээг ЦЕГ-ын ХМА-наас анхааруулж сэрэмжлүүлсээр байсныг санаж байгаа байх. Яагаад ингэж олшроод байна гэхээр, монгол иргэдээс залилуулж байгаа хүн олон гарч байгаа учраас хандалт нь ихсээд байгаа юм шүү дээ. Сэрэмжлэх хэрэгтэй. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх