Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/54799702_368392060557175_6580193203767476224_n.jpg

Тусгай олимпын зуны 15 дугаар наадам Абу Даби хотноо болж байна. Ширээний теннисний төрөлд манай улсаас У.Нинжбадам, Б.Амарболд нар оролцож байгаа билээ. Тэд ганцаарчилсан, хосын болон дэмжин тоглогчтой гэх төрлүүдэд оролцож өдөр бүр тэмцээнтэй байна.

Манай хоёр тамирчин ганцаарчилсан төрлүүдээ дуусгаж, хос мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Монголын баг багтсан гурван дауны хам шинжтэй тамирчдын хоёр нь тэд. Хурд, ухаан шаарддаг энэхүү спортын төрөлд ийнхүү бахдам амжилт үзүүлсэн тэд бол баатрууд юм. Тэд өнөөдөр, маргааш хосын төрөлд хүч үзнэ. Түүний дараа Б.Амарболд дэмжин тоглогч М.Буян-Эрдэнийн хамтаар дэмжин тоглогчтой төрөлд өрсөлдөнө.

Б.Амарболдын хувьд 130 дугаар сургуульд байгуулагдсан тусгай ангид суралцдаг. Тэрбээр ширээний теннисээр гурван жил хичээллэсэн бөгөөд олон улсын тэмцээнүүдээс найман медаль хүртээд байсан юм. Тэдний дотор алтан медаль ч бий. Гэвч Б.Амарболд “Надад алтан медаль байгаа. Гэхдээ би олимпоос алтан медаль хүртэж байж л жинхэнэ аварга болно” хэмээн ярьсаар Тусгай олимпыг зорьж ирсэн. Тэрбээр манай улсын багт багтсан тамирчдаас насаар хамгийн бага нь. 14 настай.

Б.Амарболдыг анх төрөхөд ээж нь дауны синдромтой гэдгийг нь мэдээгүй байна. Харин долоон сартайдаа ханиад хүрээд сэхээнд ортлоо хүндэрсэн хүүг нь дауны синдромтой хэмээн ЭХЭМҮТ-ийн эмч дуулгажээ. Юу юугүй үхнэ гэсэн эмчийн үг, дээр нь сэхээний өрөөнөөс бурхны орныг зорих хүүхдийнхээ араас гашуудах ээжүүдийн шаналал нийлээд М.Батжаргал эгчийг хүнд байдалд оруулсан байна. Б.Амарболдын аав эмч мэргэжилтэй учраас хүүгийнхээ талаар сонсоод энэ талаар судалж, мэдээлэл олж эхнэртэйгээ хуваалцсанаар байдал арай дээрджээ. Хүү ч сэхээний орноос бурхны оронг зорьсонгүй. Харин ч одоо сургуульд явж, теннисээр хичээллэн аав, ээжийнхээ хайрыг бадрааж байна. Энэ удаагийн Тусгай олимпын наадамд түүний аав, ээж өөрсдөө замын зардлаа гарган дагалдан ирээд буй. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, хөгжүүлж яваа энэ гэр бүлээс үлгэр дууриал болгон авах зүйл ихтэй.

Хамгийн анх Б.Амарболдыг гурван настай байхад аав, ээж хоёр нь зориуд явж Шанхайд болсон тусгай олимпыг үзжээ. Тэр үед хүүгээ спортоор хичээллүүлж болох юм байна санаа авч, 2012 онд лагерь дээрээ теннисний ширээтэй, байшин барьж өгсөн байна. Анх томчуудыг теннис тоглохыг хараад суудаг байсан хүү одоо бол ана мана үздэг болсон талаар ээж нь ярьсан юм. Б.Амарболдод ширээний теннис заасан багш нь 25 дугаар сургуулийн биен тамирын багш Гансүх юм.

У.Нинжбадамын хувьд ширээний теннисээр чамгүй олон жил хичээллэж буй туршлагатай тамирчин билээ. Түүний хувьд Монголын оюуны бэрхшээлтэй хүмүүст маш том, өргөн замыг нээж өгсөн. Хамгийн анх Монгол Улс 2013 онд БНСУ-д болсон Тусгай олимпын өвлийн наадамд хоёр тамирчнаа илгээсний нэг нь У.Нинжбадам. Түүний анхлан алхсан энэхүү замаар манай улсын олон тамирчин алхаж, энэ удаагийн Тусгай олимпын наадамд найман төрөлд өрсөлдөх 28 тамирчин Абу Дабид ирээд байгаа билээ.

У.Нинжбадам маань ганцхан ширээний теннисээр хичээллээд зогсохгүй хөнгөн атлетик, усан сэлэлтээр хичээллэдэг спортлог охин билээ.

Манай улсад одоо дауны синдромтой эсэхийг нь ураг байхад нь шинжилдэг болсон. Гэвч хэдхэн жилийн өмнө шинжилж чадахгүй, бүр огт мэдэхгүйгээс дөнгөж төрсөн ээжид “Таны төрүүлсэн хүүхэд дауны синдромтой. Хэзээ ч үхэж магадгүй. Ер нь удахгүй болов уу” хэмээн пал хийдэг хэлдэг байсан үе бий. Нинжээ тийм үед төрсөн. Түүний үе тэнгийнхэн ч мөн адил. Гэвч Нинжээ багаасаа спортоор хичээллэж, хурдан хөдөлгөөнтэй, чийрэг болж өссөн нь олон хүнд амьдрах итгэл төрүүлсэн билээ. Хүүхдээ хэзээ мөнх бусыг үзүүлэх бол гэх айдастай алхдаг ээжүүдэд итгэл өгч, бусдаас өөр гэдгээ мэдэхгүй ч гэртээ үргэлж хоригдож байдаг дауны синдромтой хүүхдүүдэд гэрээсээ гарах боломжийг олгосон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх