etoim.mn
photos/olloo_mn_1491274860_8b19d09c08d503f1great.jpg

Хаврын улиралтай зэрэгцэн хачигт халдварын тохиолдол эхлээд байна. Тухайлбал, 2019 он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нэг нь хачигт энцефалитаар оношлогджээ. Анхааруулахад, Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар буюу хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз бүртгэгдсэн юм.

Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Мөн Монгол орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Дээрх гурван төрлийн өвчнөөс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.

Хачгаар дамжих халдвараас хамгаалахын тулд

  • Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх