Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1550732770_spirli.gif

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд хатагтай Габриела Спирли Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга, хатагтай Мариа Каррабио Гүчеттигийн баяр хүргэсэн мэндчилгээг гардуулав.  

УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Габриела Спирли, Үндэсний зөвлөлийн дарга хатагтай Мариа Каррабио Гүчетти нарт талархал илэрхийлэв.  

Тэрбээр Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай Европын орнууд болон Швейцарийн парламентаас суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.  

Хатагтай Габриела Спирли хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр Таны тавьсан хүсэлтийн талаар болон бусад асуудлаар илүү өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны арга, хэрэгслээ тодотгоно гэдэгт итгэлтэй байна. Бид Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөө, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.  

2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна.  

Хатагтай Габриела Спирли агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.  

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг судлан үзэхээ хатагтай Габриела Спирли илэрхийлэв.      

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх