Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0e418d_open-uri20190220-21813-1r1f9a8_x974.jpg

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. 

 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа Төрийн байгуулалтын байнгын хороо, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, парламент судлаачдадаа талархал илэрхийлье. 

Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.

Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, баримт нотолгоонд тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд үндэслэсэн хууль тогтоох мэтгэлцээн байж гэмээнэ хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. 

Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна. 

2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын даргын 43 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь судалгаа, нотолгоонд суурилсан байх зарчмыг хангах зорилгоор улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судлан, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсэг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалд захирагдах ёстой бөгөөд дэгийн зохицуулалтыг сайжруулахдаа гадаад орнуудын сайн туршлагаас суралцах явдал чухал хэмээн үзэж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх