Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/64c811_open-uri20190218-21813-1t0wd9f_x974.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой 4 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээллийн эхэнд танилцууллаа.

Мөн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн байгууллагатай хамтран судалгаа хийж, Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төслийг Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. 

"МАНАЙ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НОЦТОЙ БАЙДАЛД БАЙГАА"

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл 2017 онд гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Цахим бодлогын түр хороо байгуулагдсан даруйдаа дээрх мэдээллийн талаар холбогдох газруудаас лавласан байна.

Тагнуулын Ерөнхий Газраас уг лавлагааны хариу, тайлбар, мэдээллийг ирүүлээгүй бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тайлан ирүүлсэн байна. Тус тайланд Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлах, “Kaspersky Lab” компанийн Зүүн Ази болон Монгол Улсыг хариуцсан захирлаас 2017 оны 03 дугаар сард Монгол Улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртсөн талаарх мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ирүүлсэн талаар дурджээ. Энэ талаарх мэдээллийг “Kaspersky Lab” компаниас авахад тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлага үүссэн ба санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг манай талаас хүргүүлсэн аж. Уг үйл явдлаас гурван сарын дараа securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтууд “Монголын төрийн мэдээллийн систем халдлагад өртжээ” гэдэг мэдээллийг  олон улсад түгээсэн байна. 2014 оны цахим аюулгүй байдлын индексээр Монгол Улс 14 дүгээрт бичигдэж байсан бол дээрх мэдээлэл цацагдсан даруйд 103 дугаарт бичигдэх болсон талаар Н.Учрал гишүүн хэллээ. Энэ төрлийн мэдээлэл нь гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гээд эдийн засаг, санхүүгийн болон бусад салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг дурдав.

Манай улсын мэдээллийн аюулгүй байдал ноцтой байдалд байгаа талаар тэрбээр хэлээд 3.2 сая иргэний мэдээллийг төр хадгалж, хамгаалах бололцоо бүрдээгүй байгаа хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. 

Улсын бүртгэлийн тухай хуульд Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар буюу Үндэсний дата төвийн үйл ажиллагааг хуульчилсан. Үндэсний дата төв нь төрийн 1,000 гаруй байгууллага, Монгол Улсын иргэн бүрийн мэдээллийг төвлөрүүлэн хадгалж байгаа мэдээллийн сан хэдий ч төсөвт жилдээ 240 сая төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газар. Тус төв нь дээрх хэмжээний төсвийн орлогоо бүрдүүлэх зорилгоор төлбөр төлсөн хувийн байгууллагуудын мэдээллийг хадгалах, серверийг байршуулах үйлчилгээг үзүүлдэг. Төрийн ордонд хүссэн хэн бүхэн төлбөрөө төлөөд өрөө түрээслэхтэй утга нэг энэ байдлаар мэдээллийн сангийн үйл ажиллагаа үргэлжилвэл төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем хэрэгжих боломжгүй хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ. 

 

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем хэрэгжилтийг зогсоох шаардлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын даргад Цахим бодлогын түр хорооноос хүргүүлнэ гэв. Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд төрийн 27 байгууллагын мэдээлэл, 3.2 сая иргэний хувийн мэдээлэл байршиж, төрийн бүх байгууллага хурууны хээ уншигч төхөөрөмжөөр дамжуулан иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөсөн хэдий ч татварын байгууллагаас бусад байгууллага энэ төхөөрөмжийг нэвтрүүлээгүй.

Гэтэл арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, иргэний хувийн бүх мэдээллийг нээлттэй ашиглах нөхцөл бүрдсэн. Нөгөөтэйгүүр хувь хүний дахин давтагдахгүй биеийн өгөгдлийг иймэрхүү байдлаар хаа хамаагүй бүртгүүлэн, мэдээллийн сан үүсгэх нь өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг Цахим бодлогын түр хорооны дарга тэмдэглэж байв. 

Төр иргэний мэдээллийг бүрэн хариуцаж, хамгаалж чадахгүй тохиолдолд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаагаа тэрбээр хэллээ. Төрийн мэдээллийн сайтууд, төрийн цахим хаяг, цахим шуудан халдлагад өртсөн эсэх асуудал нь тодорхой албан тушаалтнуудын хариуцлагын асуудал мэтээр хандаж болохгүй хэмээн тэрбээр онцлоод “Цахим бодлогын түр хороо үүнд онцгой анхаарал хандуулж, чухал ач холбогдолтой хэмээн үзэж ажиллах болно” гэлээ. 

Мэдээллийн аюулгүй байдлын үзүүлэлтээр Монгол Улс өнөөдөр 103 дугаарт, 100 орныг хамруулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн эсэх” судалгаанд 99 дүгээр эрэмбэлэгдэж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээллээд “Маш чухал асуудлыг үл ойшоон хойш тавьчихаад төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэж байна гэх нь өндөр эрсдэл дагуулж байна. “Хур” системийг яаралтай зогсоож, мэдээллийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, бид бэлэн эсэхдээ хяналт тавих ёстой” гэсэн. 

Иймд Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос улсын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөлд дүн шинжилгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад, дээрх чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллах саналаа тус тус хүргүүлэх юм байна. 

Монгол Улс өнгөрсөн 29 жилийн хугацаанд төсвийн болон гаднын зээл, тусламжийн нийт 230 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг программ хангамжид зарцуулсан байдаг талаарх мэдээллийг Цахим бодлогын түр хорооны дарга сэтгүүлчдэд танилцуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ хөрөнгө оруулалтын зарцуулалт, үр дүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулах шаардлагатай гэдгийг тэрбээр хэлээд “Монгол Улс цахим шилжилт хийхэд бэлэн эсэх, мэдээллийг аюулгүй байдлын нөхцөлийн талаарх бодит мэдээллийг Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороонд танилцуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэлээ. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Улсын Их Хурлын 2018 оны 38 дугаар тогтоолоор Цахим бодлогын түр хороог байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны тавдугаар сард байгуулсан юм. 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх