etoim.mn
photos/12814183_10153584467664296_7428695456956299826_n.jpg

уншигч танд хүүхэд насандаа өвөртөлсөн өөрийн хүсэл тэмүүллээр эх орноо дэлхийд сурталчилж чадсан Монгол хүүхдүүдээ танилцуулж байна.

1.Бүргэдчин охин Н.Айшолпан

“13 настай бүргэдчин охин” нэрээр Дэлхийд алдаршсан Н.Айшолпан охин одоо 15 настай. Түүний хувьд The Eagle Huntress” хэмээх баримтад кинонд тоглосноор нэр алдар нь олон улсад түгсэн билээ. Анх 2013 онд Израйлийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аялалынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгч сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зургийг авсан нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж, улмаар АНУ-ын Нью-Йорк төвтэй “Олигвы”энтертайнментийнхэн охины тухай баримт киног хийж өнгөрсөн нэг сард дэлгэцэнд гаргасан юм.

Түүнчлэн 2014 оны 10 сард болсон “Хыран 2014” бүргэдийн баяр Баян-Өлгий аймгийн Бугат сумын нута “Саят толгой” хэмээн газарт зохион байгуулагдсан билээ. Харин тус баярын “Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин” шалгаруулах уралдаанд оролцож 72 бүргэдчинг манлайлж байсан юм. Тус наадмыг үзэхээр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг ч энэ удаа зөвхөн “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпаныг харахаар 450 гаруй жуулчин ирсэн юм. Тэдний нэг нь Холливудын нэрт жүжигчин “Галзуу хурд” цувралын  Мишель Родригез байсан юм.

2.“Монголын супер тархи” Э.Энмөнх

“Super brain” буюу “Brain” гэж нэрлэгддэг хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй тус нэвтрүүлэгт оролцсон анхны монгол хүн. Тус шоуны гол зорилго нь “Хүний тархи юу хийж чаддаг вэ” гэдгийг санаанд оромгүй даалгавруудыг гүйцэтгэснээр харуулдаг. Дүрэм ёсоор шоунд оролцох хүмүүст даалгаврыг нь 21 хоногийн өмнө өгдөг ч манай тамирчинд долоо хоногийн л өмнө өгсөн.

Тэгсэн ч явах замдаа, онгоцонд, очоод буудалдаа уйгагүй бэлдсээр дэлхийн шилдэг таван тамирчдаас бүрдсэн Х-team-д багтан Хятадын багийг ялж чадсан. Түүний хувьд ч гэсэн учраа таарсан Хятадын тамирчинг төвөггүй буулгаж авсан. Шоунд ялалт байгуулсны дараа монголын урдаа барьдаг бүх телевиз, сонингууд түүнээс ярилцлага авч, нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан нь нэг хэсэгтээ трэнд болсон. Э.Энхмөнх 52 ширхэг хөзрийг 22 секунд буюу нэг хөзрийг 0.42 секундэнд цээжилсэн хувийн рекордтой. Манай сайт түүнтэй ярилцлага хийснийг эндээс уншина уу.

3.НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн Монгол хүү

Өнгөрсөн оны дөрвөн сард  болсон Дауны хам шинжтэй хүмүүсийн IV их хурал Нью-Йорк хотноо болоход монгол хүүхэд анх удаа үг хэлсэн. Тэр бол Монгол дахь дауны хам шинжтэй олон хүүхдийн төлөөлөл Б.Дөлгөөн юм. Түүний хувьд дөрвөн настайдаа уншиж , бичиж сурсан бөгөөд одоо Англи хэлийг чамгүй сайн сурч байгаа аж.

Тэрээр НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандан “Намайг Дөлгөөн гэдэг, 20 настай. Би Монголоос ирсэн. Бүжиглэж, дуулж, хичээл хийх дуртай. Эмч надад дауны хам шинж гэсэн онош тавьсан ч энэ миний сул тал биш. Харин ч илүү олон хүн намайг хайрлаж, халамжлах боломж өгсөн. Би хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин надад өөр чадвар бий. Тэр бол хүмүүсийн намайг хайрлаж байгаа хайраар дамжуулан дэлхийн ертөнцийн буй бүхнийг хайрлаж, энэрэх сэтгэлийг бий болгож байгаа явдал. Би бол Монгол хүн. Монгол гэдэг бол ухаантай, нээлттэй, нөхөрсөг гэсэн үг юм шүү. Үүнийг дэлхийн хүмүүст түгээхээр би энд ирсэн юм” гэж хэлжээ. Түүний хэлсэн энэ үг нь Монгол гэдгийг монголиад, усан тэнэг гэдэг үүднээс ойлгодог хандлагыг залруул,Монгол хэмээх үгний зохисгүй хэрэглээний эсрэг мессэжийг дэлхийн олон түмэнд түгээхийг хүссэн зөвхөн түүний биш дауны хамж шинжтэй олон хүүхдийн хүсэл шингэсэн байсан юм.

4.Үе тэнгийнхний төдийгүй томчуудын бахархал С.Буянхишиг

Түүний хоч нь “Эко жаал”. Түүний аав Н.Зоригтбаатар зургаан хүүхэддээ “Гол горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй. Ингэвэл лус савдаг баярлаж, цэмцгэр орчинд амьдарна” хэмээн захидаг байж. Харин З.Буянхишиг есөн нас хүрч аавын захисны учрыг сая мэдэн “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болжээ.

Тэрбээр тус голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан аж. Түүний хувьд нэг удаа “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчхээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина. Бас салхиар, усаар хог их урсаж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” хэмээн хэлсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн билээ.

5.Ирээдүйн “Каспоров” Е.Төгстөмөр

Есөнтөмөрийн Төгстөмөр гэх энэ хүү шатарчин. Түүний хувьд сурагчдийн ДАШТ-аас 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дэлхийн аварга болж, алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Дэлхийн 42 улсын 550 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, манай тамирчин Е.Төгстөмөр өөрийнхөө насны ангилалд 9 тоглосноос 7 хожиж, хоёр тэнцэж аваргын алтан медалийг зүүсэн билээ. Түүний хувьд дэлхийн аваргаас гадна, Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль болон цомыг эзэмшдэг. Бяцхан шатарчин хоёр настайдаа шатар тоглож сурсан бөгөөд  гурван настайдаа дэлхийн бүх орны төрийн далбааг өнгөөр нь нэрлэж чаддаг болсон байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх