etoim.mn
photos/2019021201-810x500.jpg

Төрийн албаны зөвлөлийн  шинэ бүрэлдэхүүний төлөөлөл өнөөдөр  Удирдлагын академийн удирдлагуудтай санал солилцох ажлын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн  гишүүн Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан,  Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхцэцэг, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, дэд захирал Ш.Батсүх, Д.Цэдэв, захиргааны албаны дарга О.Дондов нар оролцлоо.

Төрийн албан хаагчдыг  сургах, тэднийг төрийн албанд  мэргэшүүлэх үйл хэрэгт хоёр байгууллага хэрхэн хамтран ажиллахын тухайд уулзалтад оролцогчид санал солилцов. Төрийн албаны хуулинд төрийн албаны төв байгууллага  болох  Төрийн албаны зөвлөл нь сургалт судалгааны нэгжтэй байхаар  хуульчилсан бөгөөд энэхүү нэгж нь Удирдлагын академитай  хамтран ажиллаж, төрийн албан хаагчдын боловсрол, мэдлэг, мэргэшилд санаа тавихын сацуу судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлд  илүүтэй анхаарал хандуулахыг чухалчилна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн  гишүүн Д.Зүмбэрэллхам  уулзалтын үеэр тодотголоо. Төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр БНСУ, БНТУ, Сингапур, АНУ, Япон  гэхчилэн олон орны туршлагыг судалсан. Цаашдаа тодорхой ганц, хоёр орны туршлага, загварыг нутагшуулах, ажил хэрэгчээр хэрэгжүүлэх талд анхаарах хэрэгтэйг ч мөн онцоллоо.

Түүнчлэн Лаос, Вьетнам зэрэг гадаадын улс орнуудаас Монголын  төрийн албаны туршлагыг судлах хүсэлт ирдэг. Тэдний хүсэлтийг биелүүлэхэд болон хөдөө, орон нутгийн төрийн албан хаагчдад богино хугацааны сургалт явуулах, сургалтын тусгай танхим байгуулах,  чиг үүргийн шинжилгээ хийж, төрийн албаны шат шатны байгууллагыг  зөвлөмж арга зүйгээр хангах зэрэгт хамтран ажиллая гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан  уриаллаа.   Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун   “Удирдлагын академи сургалтын программдаа Төрийн албаны хууль болоод даган гарч буй 47 дүрэм, журмаас багтааж өгөх нь чухал байна. Хууль сахиулна гэдэг бол тухай хувь хүнээс л шалтгаалдаг зүйл. Тиймээс төрийн албан хаагч бүр  Төрийн албаны хуулиа дагаж мөрдөхөд  хамтдаа анхааръя. Дарга хараад, эрх ашгаа бодоод хуулийг өөрөөр тайлбарладаг, цоорхой гаргадаг  тал бий. Түүнийг  халахын тулд манай хоёр байгууллага санаа нэгтэй зүтгэж, төрийн албыг үнэнхүү сэтгэлтэй хүмүүсээр  бүрдүүлж, тэднийг чадавхжуулахын тулд хамтарч ажиллая” гэлээ.  Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар  сургуулийнхаа талаар танилцуулж, цаашид хэрхэн ажиллах, ямар зарчим баримталж байгаа талаараа танилцуулахын сацуу шинэчлэн байгуулагдсан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ.

Уулзалт ажил хэрэгч санал санаачилга, харилцан ойлголцлын хүрээнд өрнөснийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тодотгоод “Ойлголт нэг бол хэрэгжилт нэг гэдэг. Бид шинэ бүрэлдэхүүнээр шинэ хандлага, шинэ соёлоор ажлаа эхэлж байна. Тэр хэрээр шинэ үр дүн хүлээж байгаа. Төрийн албаны зөвлөлийн ажил үйлс төрийн ажлын толь болох учиртай. Тиймээс зөв ажлын эхлэлийг тавина, зөв үр дүнд хүргэнэ.

Төрийн албыг чадавхжуулахад, мэргэшүүлэх, сургах үйлст манай хоёр байгууллага хамтдаа хичээн ажиллах цаг ирсэн. Сургалт бол зөвхөн сургахын нэр биш. Сургалт бол ажлын үр дүнд нөлөөлдөг, орчин үеийн төрийн албаны менежерүүдийн шаардлагыг хангадаг байх учиртай. Иргэдийн дунд төрийн албаны шинэчлэлийн хүлээлт үүсээд байна. Иргэдийн хүлээлт, итгэлд нийцэж ажиллах цаг иржээ. Энэ жил 18 мянган төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулна. Орчин үеийн төрийн албан хаагч гэж ямар байх ёстой юм. Тэр шаардлагад нийцүүлэн ажиллах учиртай. Эрин нь өөрчлөгдөхийн хэрээр төрийн албан хаагчдын хандлага хамтдаа өөрчлөгдөх ёстой” гэлээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх