etoim.mn
photos/0ef4b9_4_x974.jpg

1950-иад онд олныг цочирдуулсан аймшигт хэрэг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд гарчээ. Жирийн үед байдаг л нэг хөдөөний болхидуухан хайнга юм шиг харагдах 18 настай залуу ан хийнэ гэж эцгийнхээ калибрь буюу ТОЗ-8 маркын бууг үүрээд гэрээсээ гарчээ. Гэвч тэр “мордохын хазгай” гэгчээр зам зуур “Эмгэнбулаг” гэдэг газар байх багийн төвөөр дайрч эзгүй контороос хулгай хийх зүйл хайжээ. Гэсэн хэдий ч албаны эзгүй конторт авчихаар эд зүйл олдоогүй учир аахар, шаахар бичиг баримт, хэрэгтэй хэрэггүй юухан ийхэнийг аваад унаа тэмээндээ тохож цааш явжээ. Орой болоход нутгийн танил “Ж” гуайнд очиж хоноглосон байна. “Ж”-гийнх өөрийн хамаатан бүсгүйнхтэй айл байсан бөгөөд тэднийд өндөр настан өвгөн Дагдан гуай бага насны дөрвөн хүүхдийн хамт байсан байна. Харин тэр өдөр мөн явуулын хүн болох Лундаа гэдэг хүн айлд нь хоног тааран иржээ. Орой унтахын өмнө гэрийн эзэн хоёр ахмад тэднийхээс урьд нь унаж эдлэхээр гуйж авсан тэмээгээ эвгүй эдэлсэн ч юм уу, хэлсэн хугацаандаа авчирч өгөөгүй ч юм уу, дутагдлыг нь зэмлэх аястай цөөн хэдэн үгийг ирсэн залууд хэлээд авчээ. Гэрийн эзэгтэй өглөө эртлэн босож бие засаад өрхөө татаад гэртээ орохоор эргэтэл ирсэн хоноц нь буугаа барьж гарч ирээд шуудхан толгой руу буудаад унагачихаж. Гэрийн үүдэнд гэнэт буу тасхийн дуугарахад гэрийн эзэн ч ухасхийн гарч иртэл мөн толгой хулхи руу нь буудан газар дээр нь нам болгожээ. Ийнхүү хоёрын хоёр хүний алтан амийг хэрцгийгээр хөнөөсөн алуурчин хийсэн жигшүүрт үйлдэлдээ улайран солиорч буугаа дахин цэнэглэн хажуу айлын хүмүүсийг устгахаар чиглэн алхаж явааг хөршийнхөн яахан мэдэх. Өглөө эрт сэрүүн агаарт содон сонсогдсон буун дуугаар хөршийнхөн сэрдхийн түгшиж, ирж хоносон Лундаа айлын хаалгаар болгоомжтой шагайн харвал баруун айлын үүдэнд нь хоёр хүнийг буудан хороосон аймшигт алуурчин буутаа чиглүүлэн ирж явааг хараад хаалганы дотор баруун хатавчинд наалдан хүлээн зогсож. Гэтэл өнөөх алуурчин буугаар хаалгыг нь түлхэн онгойлгож гэрт нуугдсан өвгөн, хүүхдүүдийг хараалахад нь бууных нь гол төмрөөс шувт татан авч шидээд өөрийг нь барьж хүлэн хүмүүсийг аварчээ. Үүнийг нягтлан үзвэл уг этгээд ямар ч зорилгогүйгээр хоёр хүний амийг хөнөөж, уг хэргээ нуухын тулд хажуу айлд нь байсан олон хүний амийг хөнөөхөөр завджээ. Энэ үйлдлээрээ тэр этгээд 1951 оны нэгдүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн шүүхээс БНМАУ-ын нэрийн өмнөөс хуулийн дээд хэмжээ авсан байна. Шударга зоригтой иргэн Лундаа цагийн байдалд зөв үнэлэлт өгч самбаа зоригтой ажилласнаар онц ноцтой хэргийг таслан зогсоож олон хүний амь насыг аварч чадсан байна. Боловсрол мэдлэггүй, харанхуй бүдүүлэг, хүмүүжлийн ямар ч төлөвшил суугаагүйн дээр ажил хөдөлмөр эрхлэхийн оронд аливаа гажууд үйлдлээр зугаагаа гаргагчийн гарт халуун, хүйтэн зэвсэг орвол ямар аюулд хүргэдгийг энэхүү эмгэнэлт явдал харуулж байна

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх