etoim.mn
photos/207939_24052017_1495597419_195491947_technology.jpg

Бидний амьдралыг интернэт, гар утас, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болтол шинэ технологиуд бүтээгдсээр байна. Тиймдээ ч бидний амьдарч буй эринийг мэдээллийн технологийн эрин хэмээсэн биз ээ. Ингээд та бүхэндээ хүн төрөлхтний амьдрал, хөгжилд үгээр илэрхийлэхийн аргагүй чухал хувь нэмэр оруулах технологийн бүтээлүүдийг танилцуулж байна.

-ЯПОНЧУУД САНСАР РУУ ХҮРГЭХ “ЦАХИЛГААН ШАТ”-ЫГ ТУРШИНА-

Японы судлаачид энэ долоо хоногт “сансрын цахилгаан шат” бүтээх ажлын хүрээнд эхний туршилтын хиймэл дагуулаа сансарт хөөргөх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тойрог замд хүрсэн хойноо хоёр жижиг хиймэл дагуулын хооронд 10 метр урт кабель татаад 6 см урт, 3 см өргөн, 3 см өндөртэй цахилгаан шатны жижигрүүлсэн бүхээгийг түүн дээгүүр явуулж туршина. Хэрвээ энэ туршилт амжилттай болвол сансрын орчинд цахилгаан шат шилжин хөдлөх боломжтойг батлах юм. Хамгийн анх 1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский Парис хотын Эйфэлийн цамхагийг хараад сансарт хүргэдэг өргөгч шат бүтээх санаа гаргаж байсан гэдэг. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үүнийг бүтээх шинжлэх ухаан, технологийн боломж байсангүй. Япончууд 2050 он гэхэд сансрын цахилгаан шатаар өгсөн тойрог замд хүрэх боломжийг нээхээр ажиллаж байгаа юм.

-ОДОО АМЬДАРЧ БУЙ АМЬДРАЛДАА ХАНАСАН ИРГЭД ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖИНД ГҮН ХӨЛДӨЖ ИРЭЭДҮЙД СЭРНЭ-

АНУ-ын иргэн Роберт Эттингерийн санаачлагаар 1976 оноос “Alcor Life Extension Foundation” хэмээх байгууллага байгуулж нас барсан хүмүүсийн бие цогцсыг ирээдүйд эмчлэх боломжтой болтол нь -196 хэмийн хүйтэнд хөлдөөж хадгалах болжээ. Хөлдөөх процесс нь хүн нас бармагц судсаар нь хүний эд эсийг хөлдөхөд тэлж гэмтээхээс сэргийлсэн тусгай шингэн шахаад цогцсыг тусгай термостад саванд хийж -196 хэмийн хүйтэнд хадгалдаг ингэж хадгалсанаар хүний биеийн эд эс гэмтэхгүй хэдэн зуун жил ч хадгалж болдог аж. Одоо энэ байгууллага нь хүрээгээ тэлж хэд хэдэн улсад салбараа нээжээ. Өөрийгөө хөлдөөх зардал нь 28-200 мянган долларт хэлбэлзэнэ. Мөн бүхэл биеийг нь биш дан толгойг нь хадгалж өгдөг байна. Учир нь хүний тархинд бүх мэдээлэл нь байдаг учир ирээдүйд хүний эсээс биеийг нь ургуулж тархийг нь залгаад амьдруулах боломжтой гэж үздэг.

Харин сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдний зарим нь одоо амьдарч буй амьдралдаа ханаж, ирээдүйд олон нийтэд танилцуулагдах технологийн дэвшлүүдийг өөрийн биеэр мэдрэхийг хүсч, тэрхүү хугацаанд өөрийн бие организмыг хөлдөөх сонирхолтой хүмүүсийн тоо олширчээ. Энэхүү үйлчилгээг Шведийн “Promessа” гэх компани нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд ихэвчлэн дэлхийн нэр нөлөө бүхий, олонд танигдсан эрхмүүд эхнээсээ захиалга өгч байгаа аж.

-“GEST” БУЮУ ЦАГДАА НАРЫН АЖЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ ТӨХӨӨРӨМЖ

Та бүхэн сайн санаж байгаа бол жүжигчин Том Круз (Tom Cruise)-ийн тоглосон “Edge of the Tomorrow” кинон дээр гол дүрийн жүжигчин маань гарандаа тусгай төхөөрөмж зүүж, төмөр роботуудтай тулалддаг. Тэрхүү киноноос санаа авч уг “Gest” гэх нэртэй төхөөрөмжийг зохион бүтээж байгаа юм байна. Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж болохуйц төхөөрөмж болно хэмээн судлаачид үзэж байгаа аж. Учир нь уг төхөөрөмжийг гартаа зүүснээр тухайн хүний дуу авиаг өөрчлөхөөс гадна өөрийнх нь хүч чадлаас хэд дахин илүү чадлыг олгох юм байна. Тэр ч үүднээсээ зөвхөн цагдаа болон цэрэг армийн салбарт ажиллаж буй албан хаагчдад зориулан гаргахаар шийдвэрлэсэн байна.

-ЯВДЛААР ТАНИГЧ ТЕХНОЛОГИ-

Хятадын Шинжлэх ухааны акедамийн эрдэмтэд саяхан шинэ төрлийн амьд организмын онцлогийг танигч буюу явдлаар танигч технологи бүтээснээ танилцууллаа. Энэ нь зөвхөн явах байдлыг хараад 50 метрийн дотор нүд ирмэхийн зуур хяналтын камераар өгөгдсөн объектыг нарийвчлан таних юм. Тодруулбал, нүдний солонгон бүрхэвчээр 30 см, царайгаар таван метрийн дотор таних төдийгүй явдлаар 50 метр хүртэлх зайд 200 миллсекундын хурдтай танина. Энэ технологийг аюулгүй байдал, нийтийн тээвэр, худалдаа гэх мэт бүхий л салбарт өргөнөөр ашиглах боломжтой гэнэ. Хятад одоогийн байдлаар явдлаар танигч технологиор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа аж.

-ЦАГТ 4000 КМ ХУРДЛАХ ГАЛТ ТЭРЭГ БҮТЭЭНЭ-

Хятадын сансрын технологийн корпорац дээд тал нь цагт 4000 км хурдлах “дуунаас хурдан галт тэрэг”-ний төсөл судалгаа, нотолгооны үе шатандаа орсныг мэдэгдэж, ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний зам тээврийн сүлжээ байгуулснаар, хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчилж болзошгүй гэжээ. Төмөр замын технологийг уялдуулж, хэт дамжуулагч соронзон дүүжингийн технологи, вакуум хоолой ашиглан дуунаас хурдан галт тэргийг “газрын гадаргууд ойрхон нисгэх” юм байна. Тухайлбал, дуунаас хурдан сансрын нислэгийн технологийг галт тэрэгт ашиглаж, саатуулагчгүй вакуум хоолой бүтээн, галт тэргийг “пуужин”-гийн хурдаар аялуулах юм.

Хэрэв “пуужин”-гийн хурдыг мэдэрье гэвэл сансрын нисгэгч шиг сайн биетэй байхгүй бол болохгүй. Гэвч, дуунаас хурдан галт тэрэгний хурдаа нэмэх, хасах үйл явцыг жирийн хүний бие махбод хүлээн авч чадахуйц хурдны хэмжээнд төлөвлөж, аюулгүй байдал, аяллын тав тухай байдлыг юуны өмнө чухалчилна гэж тус төслийн мэргэжилтэн Мо Кай ярьсан байна. “Энгийн галт тэрэг хурдлах үед хүний биед төдийлөн мэдрэгддэггүй. Учир нь хурдаа аажмаар нэмж байгаа болохоор анзаарагддаггүй байна. Харин нисэх онгоц хөөрөхөөр хурдаа авах үед хурдаа огцом нэмдэг тул хүний биед мэдрэгддэг. Харин, нисэх онгоц агаарт нисэж байх үед нислэгийн хурд мэдрэгддэггүй. Иймээс мэдрэгдэх эсэх нь хурдаас шалтгаалдаггүй, харин хурдаа нэмэх хасах үйл явцаас шалтгаалдаг гэж зохион бүтээгчид хэлж байгаа юм. Иймээс бидний төлөвлөж байгаагаар хурдыг аажмаар, хүний биеийн хүлээн авч, зохицох хэмжээнд нэмнэ гэжээ. Одоо дэлхий дээр цагт 1000 км-ээс дээш хурдтай галт тэрэг судалж буйгаа зарласан компани гурав байна. Эдгээр нь АНУ-ын супер хурдны төмөр замын “HTT” компани, “Hyperloop One” компани, Хятадын сансрын технологийн корпорац юм.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх