etoim.mn
photos/51260211_809762926082724_3706824902666354688_n.png

 Цаг үеийн асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярьлцлаа.

-Сайн байна уу. Сүүлийн үед жолооч нар тэр дундаа согтуу жолооч нар зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг эвдэж сүйтгэх зөрчил бас нилээдгүй гарч байх шиг байна.

Согтуу жолооч нар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн хохирлыг барагдуулах талаар огт хайхрахгүй, арга хэмжээ авахгүй байгаагаас татвар төлөгчдын хөрөнгө согтуу жолоочоос болж сүйдэж байна гэсэн мэдээлэлийн дагуу шалгахад 2018, 2019 оны 01 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71, бусад хэлбэрээр 17 нийт 113 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол бүртгэгдсэн байна

-Дээр дурьдсан зам тээврийн ослын улмаас хэдий хэмжээний хохирол улсад учирж, үүнээс буруутай этгээдээр хэдий хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн бэ?

Дээрх 113 зам тээврийн ослын улмаас нийт 118,484,207 төгрөгний хохиролыг  учруулсан байнa.Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгний хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд бүрэн төлүүлж төвлөрүүлсэн. Гэвч тухайн байршилд байх ёстой хайс хашилтыг шинээр байрлуулдаггүй, гүйцэт биш чанар муутай сэргээн засварлаж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

 Жишээлбэл: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө болон бусад 2 байршилд  явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарлах хайс,  мод, гэрлийн шон мөргөсөн  7,750,401 төгрөгний хохиролтой зам тээврийн осолд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулан прокурорт шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 хэсгийг үндэслэн 9 жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатайгаар хасаж, бусад  зөрчил гаргасан 112 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байгаа.

 Хариуцсан байгууллагуудын дансанд 4,948,135 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч 8 байршилд нь хайс, хашлагыг шинээр болон засварлан байрлуулаагүй байна. Энэ нь тухайн байгууллагууд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.  Энэ төрлийн зөрчил дутагдлуудыг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох байгуулгуудад үүрэг чиглэл өгч хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

-Замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгсэлд хохирол учруулсан зам тээврийн ослоос ямар төрлийн осол ихээр бүртгэгдэж байна вэ?

Хайс хашлага болон гэрлийн шон мөргөсөн осол дийлэнх хувийг эзэлж байна. Энэ төрлийн ослын 23 хувь нь буюу 26 нь хайс, хашлага мөргөсөн осол, 63 хувь нь буюу 71 осол нь гэрлийн шон мөргөсөн осол байна.

-Хэрвээ хариуцсан байгууллагаас хайс, хашлагыг шинээр болон засварлан байрлуулаагүй, үүнээс шалтгаалж зам тээврийн осол, зөрчил гарвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дах хэсэгт зааснаар Зам ашиглалт,  хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж,  төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах,  хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Хэрэв уг үүргээ биелүүлээгүйгээс буюу зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх