Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1539741221_zi8.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны танилцуулгыг сонслоо.

Тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байгаа бөгөөд сар гаруйн өмнө гишүүдэд бүрэн танилцуулгыг хүргүүлсэн тул товч танилцуулга хийнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

2017 оны долдугаар сарын 10-наас 2018 оны долдугаар сарын 10-ны хугацаанд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд 8 удаа оролцож, дөрвөн удаа хориг тавьж, 3 хуулийн төсөл өргөн барьсан байна. Мөн зургаан албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг 6 удаа хуралдуулж, 15 асуудлыг хэлэлцсэн байна.

Өнгөрсөн хугацаанд нэг жилийн хугацаанд Монгол Улсын харьяат болох 17, харьяатаас гарах хүсэлт 561, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох 104 хүсэлт Ерөнхийлөгчид иржээ. Үүнээс 543 иргэний Монгол Улсын харьяатаас гарах, 3 хүнийг харьяат болох асуудлыг шийджээ. Үлдсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улсын ерөнхий прокуророос хэд хэдэн удаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан. УИХ хүлээж аваагүй. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиагүйг ард түмэн маш их асууж байна. Яагаад хориг тавьсангүй вэ. Хориг тавихгүй байна гэдэг нь УИХ-ын хүлээж аваагүй саналыг дэмжиж байсан гэсэн үг үү. Ерөнхийлөгч тэтгэвэр, оюутан, цалингийн зээлийг хэзээ тэглэх вэ. Одоо чадах эсэхдээ хариулт өгөөч. Ипотекийн зээлийн хүүг буулгах боломжтой юу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгчийн тайланд дурдсан асуудлаар би хариулт өгөх боломжтой. Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрт дөрвөн удаа хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. ЖДҮХС-ийн зээлийн асуудлын талаар олон нийттэй санал нэг байгаа. Цаашид Ерөнхий прокурор УИХ-тай харьцаад явах байх. Ерөнхийлөгч зээлийг тэглэнэ гээгүй, Ардчилсан намын зүгээс өгсөн санал байсан. Ерөнхийлөгч байгалийн баялгаас ногдол ашгийг ард түмэнд тэгш хуваарилах байр суурин дээрээ хэвээр байгаа. Шагналын журамд УИХ-ын гишүүн шагнал олгох өргөдөл хүлээж авна гэсэн заалт байхгүй. Тиймээс гишүүд өргөдлөө авахаа зогсоож, журмынх нь дагуу шийдвэрлэх нь зөв.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх: Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд жил бүр УИХ-д ҮАБ-ын асуудлаар хаалттай мэдээлэл хийдэг. Энэ хаалттай мэдээллээ хийх байсан ч чуулган хуралдаагүй учраас мэдээлэл хийж чадаагүй. Одоо ч хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьсан. Сүүлийн үед яригдахаа больсон байна. Анхны байр суурь дээрээ хэвээрээ юу. Мөн УИХ-ыг тараах саналыг би гаргасан. Ерөнхийлөгчийн институтын зүгээс УИХ-ыг тараах байр суурийг илэрхийлж байсан. Одоо энэ санал дээрээ хэвээрээ юу. ЖДҮХС-ийн асуудал ард түмнийг маш их бухимдуулж байна. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бэ. Дараагийн УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн нэг гишүүний асуудлаар хуралдаж, зөвлөмж гаргах уу. Ер нь ямар зарчим баримтлах ёстой юм бэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч тухайн үед хэлж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа. 1992 онд гарсан шинэ Үндсэн хуульд их, бага өөрчлөлт хийх асуудлыг ярих хэрэгтэй байна гэж хэлж байсан. УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцсөн ч УИХ-ын дарга асан М.Энхболд зөвшөөрөөгүй. Тиймээс хүлээзнэж байгаа. УИХ-ын дарга хэн байх нь энэ 75 гишүүний нэг нь болно. Үүнд Засгийн газар, Ерөнхийлөгч оролцох боломжгүй.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх: ҮАБЗ-ийн нэг гишүүнийг чөлөөлөх асуудлаар ҮАБЗ хуралдаагүй. Тухайн үед үүссэн жагсаал цуглаан болон үүссэн нөхцөл байдлаар хуралдсан. Тиймээс хууль гаргахыг ҮАБЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Томилгоотой холбоотой ямар нэг хурал зохион байгуулах эрх зүйн орчин байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Монгол Улсын Ерөнхийлөгчийг ҮАБЗ-ийн тэргүүн учраас нэг зүйл анхаарал хандуулаач гэж хүсч байгаа юм. Манай улсад мэдээллийн аюулгүй байдал бүрэн алдагдсан, цахим халдлагад өртөж, төрийн цахим, виртуал сервер алдагдсан. Иргэн бүрийн мэдээлэл захын хакерчид ороод мэддэг бол яаж аж төрөх вэ. ҮАБЗ-өөс энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Тодорхой зөвлөмж гаргах боломж бий юу. Ядаж төрийн байгууллагуудын цахим сайтуудыг мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх: Энэ хамгийн чухал асуудал байгаа юм. ҮАБЗ хамгийн их анхаарал хандуулж, өмнө нь энэ чиглэлээр гаргасан дүгнэлтүүдийг авч үзэж, 2019 онд тодорхой асуудал хийхээр төлөвлөсөн. Харин энэ асуудлаар нээлттэй чуулганд мэдээлэл хийх боломжгүй байна. Хаалттай хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгч Ардчилсан намаас дэвшихэд мөрийн хөтөлбөрт нь тусгасан нэг зүйл бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд баялгийн хуваарилалтыг тэгш хүртээх, ялангуяа Тавантолгойн ногдол ашгийг тараах, хүртээх асуудлыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачилж,  хуульчилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэтэл сүүлийн үед У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг яриад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч байгалийн баялаг нийт ард түмний өмч гэдэгтэй зөрчигдөөд олон жил явж байгааг буруу гэж бодож байна. Лиценз хэлбэрээр хувьд очсон байгаа ордуудын үр ашиг хувь хүнд очих ёсгүй.  Тиймээс хуулийн төсөл санаачлаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ерөнхийлөгчөөс валютын зохицуулалтын тухай хуулийг оруулж ирсэн ч УИХ дэмжээгүй. Өнгөрсөн хугацаанд ам.долларын өсөлт буураагүй байна. Тэгэхээр цаашид энэ чиглэлээр ямар ажил хийх вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгчийн хууль дэмжигдээгүй ч М.Оюунчимэг гишүүний санаачилсан хууль дотор орсон учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ижил утгатай байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчийн хууль батлагдсантай ялгаагүй.

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч дууссанаар Ерөнхийлөгчийн тайланг сонссонд тооцов. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар боллоо. Харин чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.43.144]

2019-01-31 16:03:20

Тайлаг сонссонд тооцов хийх юмгүй хийсэн юмгүй улс өөр яахав.ёстой сонссонд тооцов