Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос М.Энхболдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлээд байгаа билээ.

Ингээд УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг болох Т.Аюурсайхан ноцтой зүйл ярьсан. Намайг айлган сүрдүүлж байна гэсэн шүү дээ. Таныг хэн яаж айлган дарамталсан юм бэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бид ганц М.Энхболд даргыг чөлөөлөхийг зориогүй. Сүүлийн хориод жилд байр сууриа олсон бүлэглэлийг нураах зорилготой. Их том систем бий болжээ. Энэ системийг нураахыг зориглосон. Нийт 40 гиүүүн энэ тогтоолын төслийг өргөн барьсан. Олон нийт биднийг ойлгож байна. Гэтэл хуулийн байгууллагад оруулсан гар хөлөрөө дамжуулан биднээс ямар нэг өө шалтаг хайж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад ийм үүрэг даалгавар өгснийг би баттай хэлнэ. Миний гэрт төхөөрөмж суурилуулсныг би одоо энд хэлье. Энэ асуудлыг шийдсэний дараа бид дахин комисс байгуулна. Аюулгүй байдлын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг жижигдэнэ. Гүйцэтгэх ажиллагааг улс төрчдийн захиалгаар хийдэг шүү дээ.  Машин машинаар нь нотлох баримтыг хуулийн байгууллагынхан жалганд очиж шатаасан шүү дээ. Хуулийнхан ингэж улс төрчдийн барьцаанд орсон. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой.   

УИХ-ын дарга М.Энхболд: Таван толгой төсөлтэй намайг холбоотой юу гэж асуусанд би хариулъя. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ ордыг гаднын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх гэж байсныг Засгийн газар үүнийг дангаараа шийдэх гэж байсныг би тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд даргатай ярилцан, санал оруулж, УИХ энэ ордод хөрөнгө оруулах асуудлыг ярилцан, зогсоосон түүхтэй. Өнөөдрийн Засгийн газар мөн шинэ санал оруулсан. Ордын нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах саналыг би дэмжсэн, хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Оюутолгойн хувьд 2007 онд Монголд хамгийн ашигтай гэрээг боловсруулан, УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэлгүй хойшлуулсан. Нийт 2.8 тэрбум америк долларт хөхөнгө оруулалтыг багтаахаар, монголын тал илүү их хувь хүртэхээр, 97 хувь нь монгол ажилчид байх, хот суурин барих гэх мэт санаа туссан гэрээний төсөл байсан.

Эрдэнэтийн хувьд 2016 оны 6 сарын 28-нд би намын дарга байхдаа үүрэг өгч, мэдэгдэл хийлгэж байсан. Дараа нь 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг байгуулан, УИХ-ын тогтоолыг дэмжсэн. Гэвч хоёр Засгийн газар дамжсан ч 49 хувьийн маргаан гацчихлаа.  Сүүлийн үед надтай уялдуулсан гүтгэлэг хэрээс хэтэрлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ойрын өдрүүдэд хараагүй гишүүд цөөнгүй сууж байна. Дараа дараачаар хурлын ажилдаа идэвхитэй оролцоорой гэж хүсье. Намын удирдлагуудн үл ойлголцол төрийн ажлыг гацааж, нийгэмд хүндрэлтэй байдал үүсгэсэнд харамсаж байна. Асар олон хариуцлага үйлдэл, үг хэллэг сүүлийн 2 сарын хугацаанд явж байна. УИХ-ын даргын асуудлыг ингээд шийдчихлээ. Цаашид УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг яах вэ? Өөрсдөө зөвшөөрөхгүй бол хуулийг нь өөрчилж байгаад ажлаас нь чөлөөлөх үү, яахав? УИХ-ын даргыг огцруулж болж байгаа юм чинь чамайг бол огцруулна гэдэг үзэгдэл гарах вий гэж?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан: Өнөөдрийн өөрчлөлт маань хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан. АТГ-ын даргыг Ерөнхйилөгч санал болгож УИХ томилдог, ҮСХ, Ерөнхий аудитор болон бусад байгууллагуудыг УИХ-аас томилдог.  Хуульд тэдгээр яавал огцруулах вэ?гэдэг заалт байгаа. Тэр заалтын дагуу л явна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 60 тэрбум, МАНАН гээд яриад байх юм. Үүнийг нотлогдсон гэж үзэж байгаа бол энэ танхимд сууж байгаа МАН-ын 65 гишүүн бүгд 60 тэрбумын бүтээгдэхүүн издээ. Тэгвэл бүгд огцрооч. Бүх асуудлаа зөвхөн нэг хүнд ноогдуулж байгаа биздээ. Цаашид төрийн өндөр албан тушаалтнуудыг хуульд өөрчлөлт оруулж байгаад огцруулаад байх юм уу? Олонхи нь өөрийн сонирхолоор асуудлыг шийднээ. Дараа нь М.Энхболд даргаас асуухад 2016 оны сонгуульд энэ бүх хүн таны удирдлага доороос нэр дэвшсэн гэж бодож байгаа. Тэр үед юу ярьж байсан бэ? 60 тэрбум чинь үнэн үү?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан: Би энэ асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан. Гэвч гацаанд орсон. Ядаж УИХ-ын гишүүдийн давхар дээлийг асуудлыг шийдье. Ингээд 2-3 хуульд өөрчлөлт хийх гээд ажлын хэсэг нь ажиллаж байгаа боловч бусад асуудлаас үүдээд удаашраад байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд: Энэ танхимд УЕП 60 тэрбум бол эрүүгийн хэрэг биш яриа байсан гэж хэлсэн. Энэ 60 тэрбумыг хууль хяналтын байгууллагууд олон шалгасан. Одоо ч гэсэн шалгаж байгаа. Энэ танхимд сууж байгаа  64 хүн бол миний гарын үсэг зурж, сонгуулийн байгууллагад нэрийг нь өгч УИХ-ын гишүүн болсон хүмүүс байгаа. Ямар нэгэн хөрөнгө мөнгө байхгүйгээр зөвхөн орон нутагт нь судалгаа явуулж, боломж бололцоог нь харж байж, туршлага бүх юмыг нь судалж байж нэр дэвшүүлж байсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Одоо байнгын хорооны санал дүгнэлттэй уялдуулж гишүүд үг хэлж байна.

 

Бэлтэгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх