etoim.mn
photos/51221438_225587455014471_4492200444864495616_n.jpg

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Ерөнхийлөгч намрын чуулганыг сунгах саналаа УИХ-д хүргүүлсэн бол УИХ-ын дарга М.Энхболд суудлаасаа огцрохоо мэдэгдэж, УИХ-ын шинэ дарга цагаан сарын өмнө сонгогдоно гэв. Харин өнгөрсөн долоо хоногт хугацаат цэргийн албанд мордсон хүү золгүйгээр амиа алдсан нь нийгмийг цочирдуулж, эх хүн бүрийг уйлуулж дуулуулав.

Дараагийн УИХ-ын дарга хэн бэ?

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй байгаа юм. Иймээс маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээр товлоод байна.

УИХ-ын дарга М.Энхболд “Энэ хуулийг хэлэлцэх хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан. Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна” гэж мэдээлсэн юм.

Тэгэхээр энэ долоо хоногт УИХ шинэ даргатай болно гэсэн үг.  Харин УИХ-ын дарга М.Энхболдын орыг хэн залгах вэ, гэх таамаг  олон нийтийн дунд хөвөрч байна. Төрийн ордноос Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын нэрс яригдаж байгаа тухай бор шувуу нисээд амжив. 

Намрын чуулганыг хугацааг сунгахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүллээ.

Ерөнхийлөгчийн энэхүү саналд УИХ-ын гишүүд өөр өөрийнхөөрөө хандаж зарим нь чуулганыг үргэлжлүүлэн хуралдах нь зөв хэмээгээд "Хуулиараа чуулганы нэгдсэн хуралдааныг 14 хоног сунгах боломжтой байдаг" гэх тайлбарыг өгч байсан юм. УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг хуулийн заалттай бөгөөд энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд баасан гарагт чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Дэгийн тухай хуулиар хоёрдугаар сарын 10-ныг хүртэл намрын чуулган хуралдах учиртай. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх асуудал хуулийн хувьд боломжтой. Үнэхээр бид энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж чадахгүй цаг алдсан зүйл бий. Би энэ бичгийг хоёр бүлгийн даргад явуулсан байгаа. Бүлгийн дарга нараас хариу ирсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.    

Эр цэргийн албанд мордсон хүү амиа алдав

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох шүүмжлэх нэг үйл явдал бол цэргийн албанд хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү золгүй байдлаар амиа алдсан хэрэг байв. Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан А нь энэ сарын 22-нд амиа алдав. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь гадны нөлөөтэй нас барсан гэж байгаа бол цагдаагийн байгууллагаас “Гадны нөлөөгүй нас барсан” гэсэн мэдэгдэл хийж олон нийтийн шүүмжлэлд их өртсөн. Тухайлбал, талийгаач хүү биедээ хөх эрээн толбо, няцралт ихтэй нас барсан бөгөөд үүнийг нь “Хүүрийн толбо” гэж мэдээлсэн байдаг. Харин салбарын яам болон ЗХЖШ-ын газраас энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас дахин шинжээч томилж, хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулан тус газарт ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Ар гэрийнхэн нь хүүгээ, дүүгээ бусдад зодуулж амиа алдсан тул тухайн ангийн удирдлагууд болон зодсон ангийн ахлагчид хариуцлага тооцохыг хүссэн юм.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх