Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/OTGO9728-1_b.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгөв.

ЭНЭ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан. Утаагүй зуух, түлш зэрэг аар, саархан зүйлд олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын мөнгийг үрэн таран хийсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гээд тодорхой тоо, баримтуудыг дурдан өгч байгаа юм.

Жишээ нь, 2008 оноос улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна. ТЭЦ-2 дээр гэхэд 18 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулсан мөртлөө 1 кг ч түлш гаргасангүй. Ерөнхийлөгч энэ асуудлыг хоёр жилийн өмнө ч ярьж байсан”

гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандсан албан бичгийг гардуулж өгөв.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:

“Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлж буй албан бичгийг хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, үүргээ хүлээн аваад надтай анх удаа уулзахдаа утааны асуудлыг ярьж байсан. Үүний дагуу тодорхой шалгалт явуулж, 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. Шалгалтын ажил удаашралтай явагдаж байгаа. 2008-2017 оны хооронд бидний авсан мэдээллээр улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 100 гаруй сая ам.доллар авч зарцуулсан байдаг юм байна. Үнэхээр та, бидний мэдэж байгаачлан Улаанбаатар хотын агаарын бохирдол сайжрахгүй байгаа. Хуулийн байгууллага анхаарал хандуулан ажиллах болно.

Агаарын бохирдлыг бууруулах ажил 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж, нилээдгүй мөнгө зарцуулсан тул энэ бүхнийг нэг бүрчлэн шалгахад хугацаа орж байна” гэсэн юм.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх