Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Pecpvea1IJIKJn1atO98.jpg

Монголын улс төрд “дүрэмгүй” тоглогчид олширлоо. Тэдний тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар манлайлж, араас нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд явж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж өнгөрсөн хэдэн сарын хугацаанд АН, МАН хэд хэдэн хийтэй гишүүдийн төлөөлөл жагсаал хүртэл хийв. Энэ хийрхлийн хариуд М.Энхболд “Хуулиа л дагана” гэдэг ганц өгүүлбэрийг тоть шиг давтаж суусныг хэн хүнгүй харсан.

Улс төрийн энэ түгжээг мултлахаар Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдэж, үүгээр Их Хурлын даргын  албан тушаалыг авахаар санаархаж байна.

Яг үнэндээ Ерөнхий сайдын бодлогоор өргөн барьсан хууль гэдгийг нэг биш гишүүн яриандаа тодотгож хэлсэн. Тэгээд ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл хуулийн салбарынхны шүүмжлэлд өртөх боллоо. Нэртэй нүүртэй хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг хараад хэлэх үг олдохгүй байна хэмээж байна.

 Тэдний нэг бол хуульч, МУИС-ийн багш О.Мөнхсайхан “Одоо үүсээд байгаа асуудлыг зөвхөн Үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрлэхгүй бол бүх юм хөл толгойгоо алдана. Үндсэн хуулийн 20-р зүйлд "хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш. Ингэвэл УИХ байх утгагүй болох нь. Хуультогтоох эрх мэдлийг ҮАБЗ-ийн чиглэлийн хүрээнд эдэлнэ гэж юу гэсэн үг үү? Үндсэнхууль зөрчиж гарч ирсэн хүнд Үндсэн хуулийг итгэж хадгалуулж болох уу” гэжээ.

Харин өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн “М.Энхболд байна уу, хэн байх нь хамаагүй. УИХ-ын дарга гэдэг албан тушаалтанг хуульд заасан үндэслэлээр огцруулах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. Түүнээс гишүүд талбай дээр жагсаад мянга огцор гэж орилоод  ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Харин цаанаа улс төрийн өөр зорилготойтой юм шиг харагдаж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ олонхийн саналаар УИХ даргыг огцруулдаг энэ зүйл батлагдаад дараа нь Цэц дээр маргаан болвол би очихгүй шүү” хэмээв. 

Хуульч Д.Миеэгомбо “УИХ-ын нийт гишүүд, УИХ-ын дарга энэ хуулийг батлахад хүрвэл, УИХ-ын даргыг чөлөөлөх болон огцруулах үндэслэлийг нэг бүрчлэн зааж батлах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг “авч хаях” үндэслэл байхгүй байгаа тул үндэслэлгүй огцруулдаг жишиг л тогтоох гээд байгааг анхаарч тодорхой үндэслэл заахаас өөрөөр батлах аргагүйг тунгаана биз ээ. Энэ хуулийг батлах нь аль ч агуулгаараа парламентын тогтолцоог сулруулахад л үйлчилж ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХАД Л ҮЙЛЧЛЭХ нь даанч тодорхой байна даа” гэжээ.

Хуулийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн томчууд нь ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан М.Энхболдыг огцруулах зорилготой хуулийн төсөл нь Үндсэн хуулийг зөрчиж, парламентын дархлааг үгүй хийх гэж байгааг анхааруулж байна. Хамгийн хачирхалтай нь сүүлийн 20 хэдэн жил тасралтгүй парламентад суусан туршлагатай гишүүд болох

Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд ЖДҮ-чдийг хамгаалаад завгүй явна. Гишүүд нь хуулиа уландаа гишгэж албан тушаал руу зүтгэж, мэргэжлийн хуульчид “болохгүй” гэж хашгирсаар сууна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх