etoim.mn
photos/dndndndnd.jpg

НЭГ. Намар оройн улаан шаргал нарны туяа цацрагаараа далласаар баруун уулын цаагуур далдрав. Гэр хорооллын нарийхан гудамжийг бараан сүүдэр нэлэнхүйд нь нөмрөхөд ганц, хоёр гялгар зүйл санжигнуулсаар гудамж тойрох хөлийн чимээ сонсогдсон нь Түмэнгэрэл болоод түүний зургаан настай охин Сэндэмийнх байлаа. Бүсгүй охиныхоо гараас чанга атгасаар гудамжуруудан алхаж байлаа. Хашааны цаанаас гэнэт нохой хуцахад Сэндэм муухай чарлаж, ээжийнхээ хоёр хөлийг гараараа ороон тэврээд зогсчихлоо. Түмэнгэрэл охиныхоо духыг үнэрлэн, хурайлаад ганц хоёрхон гялгар шигтгээ нь гялтагнаж үзэгдэх том цүнхээ онгичин, гар утсаа гаргаж ирэв. Тэрбээр хэн нэгэн рүү хэд хэдэн удаа залгасан боловч хариу өгсөнгүй. Түмэнгэрэл уртаар шүүрс алдаад, охиноо тэвэрсээр цааш алхлаа.  Хааяа нэг нохой боргохоос өөр амьд амьтангүй урт гудамжны төгсгөлд хэн нэгэн хүчтэй бөгшүүлэн ханиалгах сонсогдов. Түмэнгэрэл зогтусан, гүн хар шөнийн хилэн нөмрөг доороос хэн нэгнийг хайн дөрвөн зүг, найман зовхист хараачилсан боловч юу ч олж харсангүй. “Хашаан дотор л хэн нэгэн ханиалгаж дээ” хэмээн бодоод цааш алхлаа. Түмэнгэрэл охиныхоо нялх сэвлэгийг зөөлөн илэхэд гар нь чичирэнгэ өвчтэй хүнийх шиг л салгалж байв. Зүрхнийх нь хэмнэл алдагдан, хурдан хурдан цохилж, цээжийг нь давчдуулан тийчигнэнэ. Бүсгүй булан тойрохоосоо өмнө түр зогснож, чимээ тандаад юу ч сонсогдсонгүйд гүнзгий амьсгаа аваад урагш алхав. Булан тойрмогц ганц хоёр чийдэн ёлтойж байсанд бүр ч уужрав. Харанхуйн дундуур бэдчиж яваа бүсгүйгээс 2-хон метрийн өндөрт амьтай төдийхөн сүүмийх тэр чийдэнгээр хань татан, урагш урам зоригтой алхлаа. Гэвч тэр урагш тэмүүлсэн хоёр дахь алхмаа хийж чадсангүй. Учир нь, хэн нэгний бахим гар тохойн дээрээс чангаар атгаад хүчтэй татах нь тэр . Түмэнгэрэл цочсондоо өөрийгөө чангаар уулга алдлаа гэж бодсон боловч үнэндээ ам нь хий ангалзсанаас хэтэрсэнгүй. Бүсгүй хүчинд автан эргэж хармагцаа ямар ч илчгүй болсон өлөн саарал нүдтэй харц тулгарав. Тоос шороонд дарагдсан бяцхан чийдэн ч бас яг л энэ нүд шиг сүүмгэр гэгээгээ тэдэн рүү тусгах аж. Гэвч Түмэнгэрэл болоод харанхуйн нөмрөг дороос гэнэт гарч ирсэн эр хоёрын царайг хангалттай гэрэлтүүлж байлаа. Бүсгүйн торомгор хоёр нүд аягандаа багтаж ядан тонгочиж эхлэхэд Өлөн нүдэт түүн рүү толгойгоо ойртуулан, шөвөгдөх мэт цоо ширтээд гарынхаа атгалтыг улам чангалав.  Эхийнхээ хүзүүгээр тас тэврээд, мөрөнд нь нүүрээ наан уйлагнаж байсан Сэндэм ч гэнэтхэн чимээгүй болчих нь тэр. Бяцхан охин эргэж хармагцаа л Өлөн нүдэттэй харц тулгараад муухай чарлалаа. Тэгтэл ч дотор муухайрам муухай үнэр сэнхийн, бяцхан охины нүүрний талаас ч том хар гар булбарай хоёр хацрыг нь хайр найргүй базах нь тэр. Охины амнаас авиа ч гарахаа болиод, нүд нь бүлтэгнэж байснаа бяцхан цагаан дуслууд аньсагаа халин бөмбөрч эхлэлээ. Түмэнгэрэл Өлөн нүдэтийн гарыг арайхийн тавиулаад, охиныхоо хацрыг атгасан гараас нь татан “Боль, болиоч дээ. Охиныг минь тайван байлга... Миний охион, битгий ай, битгий хашгир. Дуугүй л байж бай... Энэ ах нь чамайг яах ч үгүй ээ...” хэмээн ар араас нь угсруулан дуржигнуулав. Тэгтэл Өлөн нүдэт түүн рүү толгойгоо огцом эргүүлэн, духанд нь духаа тулган нүд рүү нь цоо ширтээд -Охиноо дуугүй болго. Хэрэв дуугүй болгож чадахгүй бол энэ бяцхан өлөгчингийн чинь амыг барьчихна шүү хэмээн сүрдүүллээ. Түмэнгэрэл юу ч хэлж чадалгүй, толгойгоо хэдэнтээ хурдан дохиод  -Миний охион... битгий хашгираарай. Уйлж болохгүй шүү, ээж нь дэргэд нь байна. Алив, ээж рүүгээ хар даа. Ээжтэйгээ хамт байгаа юм чинь миний охин юунаас ч айхгүй, тийм ээ хэмээн Сэндэмийг аргадаж эхэллээ. Өлөн нүдэт Түмэнгэрэлийн тохойн дээрээс чангаар атгасаар чимээ тандан, булан тойрч хараад  -Одоо охиноо газар буулга гэж тушаав. Бүсгүйн зүрх цохилохоосоо ч эмээж байна уу гэлтэй, чимээ анирдаад, нүдэнд нь нулимс гүйлэгнэнэ. Түмэнгэрэл толгойгоо зөөлөн сэгсэрээд -Та надад байгаа мөнгө, гар утас... бүгдийг нь ав. Надад их мөнгө байхгүй л дээ. Та энэ ээмэг, бөгжийг ч бас ав гэхэд Өлөн нүдэт юу ч дуугаралгүй, цоо ширтсээр л байлаа.  -Би ээмэг, бөгжөө танд өөрөө тайлаад өгье. Цүнхээ ч бас өгье. Охин бид хоёрыг л тайван орхичих гэж бүсгүйг хоолой чичрүүлэн хэлэхэд Өлөн нүдэт сая гарыг нь тавив. Түмэнгэрэл охиноо нөгөө гартаа шилжүүлэн тэврээд, цүнхээ мөрнөөсөө мултлан Өлөн нүдэтэд өглөө. Ээмэг, бөгжөө ч бас тайлж өгөв. Өлөн нүдэт түүний хатан сүйхтэй монетон ээмэг, бөгжийг алган дээрээ өнхрүүлэн зогссоноо уруулаа мушийлган инээмхийлээд “яв, яв” гэж толгой дохив. Түмэнгэрэл харцаараа “би явж болох юм уу, нээрээ юү” гэж асуун хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгсэнээ гэнэтхэн л эргээд гүйчихэв. Газар уруу, сул шороо ихтэй байснаас хурдыг нь сааруулж байсан ч бүсгүй гаргаж чадах хамгийн хурднаараа л гүйж байлаа. Сэндэм дуу ч гарахгүй, ээжийнхээ хүзүүгээр тас тэврэх бөгөөд нулимс нь Түмэнгэрэлийн хүзүүг бүлээцүүлэн чийгтүүлнэ. Түмэнгэрэл гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Гудамжны үзүүрт автомашины зам үзэгдэх бөгөөд тэнд л аврал байгаа мэт санагдана. Яасан дуусдаггүй зам, яасан ч урт гудам вэ? Гүйгээд л байгаа хэр нь зам нь хорогдож өгөхгүй, тэртээд харагдах автозам ойртож өгөхгүй тарчилгана. Гэвч түүнд “зам л хүрчихвэл...” гэхээс өөр зүйл бодох ч сэхээ байсангүй. Асар удаан тарчилж, мөн ч урт замыг туулсаны эцэст автозамд тун ч дөхлөө. “Одоо ердөө ганцхан харайгаад л...” гэж бодохын зуурт бүсгүй ямар нэгэн зүйлд тээглээд уначих нь тэр. Түмэнгэрэл өөрийгөө ч бодохын сөхөөгүй, гараас алдуурсан охиныхоо араас гараа сунган, элгээрээ харуулдан ойчив. Нүүрээрээ газар мөргөөд ухасхийн өндийтөл гар хүрэхээргүй газар шигдсэн охиныг нь бараан хувцастай эрэгтэй хүн тэврээд зогсож байв. Бүсгүй ухасхийн босоод, тэдний дэргэд очиж зогсон гараа сунгавал үл таних хүн Сэндэмийг тун болгоомжтой, аажуухнаар түүний энгэрт шилжүүлэв. Түмэнгэрэл охиныхоо үс, толгойг илэн харцаараа шарх сорви хайх зуурт өнөөх үл таних хүн: -Охин чинь бэртээгүй ээ. Би газарт унахаас нь өмнө барьж авсан юм гээд хувцсаа гөвж зогслоо. Бүсгүй охиныхоо духыг үнэрлэн, цээжиндээ наан тэврээд  -Танд маш их... гээд сая л өнөөх үл таних ачтны нүүр рүү эгцлэн харав. Гэвч тэр үгээ гүйцээж чадалгүй, гацаж орхих нь тэр.  “Өлөн нүдэт... биднийг дагаж байсан байх нь ээ... одоо яах вэ? Хажуугаар нь ганцхан харайгаад л зам дээр гарчихвал...” гэсэн бодол Түмэнгэрэлийн толгойд эргэлдэхтэй зэрэгцэн хэдхэн алхмын цаана харагдах автозамаар машинууд зогсоо зайгүй давхилдах нь тодхон үзэгдэх аж. Бүсгүй сэтгэл дотуур нь сүлжилдэн гүйлдэх эмх замбараагүй бодлоо цэгцлэн хэсэг чимээгүй зогссоноо сая Өлөн нүдэт рүү эгцлэн ширтээд -Танд маш их баярлалаа. Та их буянтай хүн юм аа... гэж хэлээд урагш зориглон алхлаа. Өлөн нүдэт түүн рүү нүднийхээ булангаар хяламхийгээд толгой дохин хажуу тийш болж, зам тавив. Бүсгүй түүнийг ингэнэ гэж огт бодоогүй учир гайхширангуй ширтсээр хажуугаар нь зөрлөө. Өлөн нүдэт хажуугийн хашааг нуруугаараа налан зогсоод эрүүгээ аажуухан өргөн, автозам руу толгой дохино. Хэдийгээр тэр огт аюулгүй мэт харагдаж байсан ч “хэзээ, хаанаас нөгөө муухай үнэртэй гараараа атгаад авах бол...?” гэсэн бодол Түмэнгэрэлийг тарчилгаж байсан учир бүсгүй түүнээс харцаа огт салгасангүй. Тэр уг нь одоо ганцхан харайгаад л автозам руу гарчихна. Гэтэл тэр хөлөө зөөж ядан урагш хоёр, гурав алхав. Гэвч тэр хоёр, гуравхан алхам Түмэнгэрэлд хоёр, гурван зуун километр зам шиг л санагдлаа. Басхүү энэ бүхэн ганц минут ч хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн боловч Түмэнгэрэлд хоёр, гурван цаг шиг санагдав. Тэрхүү хэтэрхий сунжирсан айдас түгшүүрт агшиныг арайхийн гэтлээд, Өлөн нүдэтээс харц салган, хүсэж тэмүүлсэн зам руугаа харлаа. Цэлийсэн өргөн замыг тэр чигээр нь гийгүүлэх хурц тод гэрлийн чийдэнгүүд, зогсоо зайгүй сүлжилдэх том, жижиг машинууд, цонхоороо ундааны сав, тамхины иш шидэх залуус... энэ бүгд түүнийг дуусашгүй мэт үргэлжилсэн айдсаас гэтэлгэх аврал билээ. Авралдаа хүрэхэд хэдхэн алхам үлджээ. “Одоо хэдхэн алхам...” гэж бодохын зуурт Түмэнгэрэлийн сэтгэл хачин их уужирав. Бүсгүй ганцхан гүнзгий амьсгаа аваад, баруун хөлөө урагш холоо сунган цээжээ урагш түрсэн боловч дээр өргөсөн хөлөө газар тавьж чадсангүй. Бариу хар цувных нь захнаас хүчтэй атгасан тэр гар түүний хүзүүний арьсыг хуйлруулан татах шиг л санагдав. Цувны зах хоолойг нь шахан, амьсгалыг нь боогдуулж байсан ч Түмэнгэрэл хүчлэн урагш тэмүүллээ. Өлөн нүдэтийн гар бяцхан мутрыг нь шүргэхэд Сэндэм цочсондоо ээжийнхээ хүзүүгээр тэвэрч байсан гараа тавьсан аж. Бяцхан охины тунгалаг хар нүдний цөцгийд ухархайдаа шигдэн хөнхийсөн саарал нүд, ёрын муухайгаар тачигнуулан хавирах шаргал шүднүүд тодрон тусахад Сэндэм эхэр татан уйлж эхлэв.  Түмэнгэрэл хэдэнтээ урагш тэмүүлээд, хүч мөхөсдөхөө ухаарч, Сэндэмийг газарт буулгалаа. -Сэн...дэм ээ.... гүйгээрэй. Гүй...гээд байгаарай. Зам руу гүй... гэж бүсгүй хүчлэн хашгираад хүчинд эрхшээгдэн гэдрэг савав. Өлөн нүдэт түүний бэлхүүсээр ороон тэврээд, өөр рүүгээ татах зуурт хэдэнтээ бөгшүүлэн ханиалгав. Шүлс нь бүсгүйн хүзүү рүү үсчин, амьсгал нь арьсыг нь эрвэгнүүлж байсан ч Түмэнгэрэл гудамжны голд зогсоод, эхэр татан уйлах охиныхоо зүг гараа сарвайн -Миний охион гүй... гүй. Эндээс хурдан зугт. Зам руу оч. Замын хажуугаар л гүйгээд байгаарай. Гүйж байхдаа гараа өргөөд машинд суу хэмээн хашгирлаа. Гэвч Сэндэм зогссон газраасаа огтхон ч хөдөлсөнгүй. Өлөн нүдэт хачин муухай цахиртуулан инээгээд, шүлсэндээ орооцолдсон хойтон хэлээрээ бүсгүйн хүзүүг эрвэгнүүлэн долоож эхлэв. Түмэнгэрэл: -Сэндэм ээ... гүйгээч. Би чамайг гүй гэж байна. Юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ? Гүйгээч дээ хэмээн бачимдан ориллоо. Сэндэм байрнаасаа огтхон ч хөдлөхгүй зогсоод, түүн рүү цоо ширтсээр л байлаа. Түүний булбарай хоёр хацрыг даган болор дуслууд зогсоо зайгүй бөмбөрч, гомдолтойяа өмөлзөх уруулыг нь чийглэн доошлоод, эрүүн дээр нь бөнжигнөж байгаад газарт бууна. Тэдгээр дуслын зарим нь бяцхан шаахайн дээр, зарим нь шороон дээр дуслахыг Түмэнгэрэл тодхон харж байлаа.  Өлөн нүдэт бүсгүйн хүзүү, эрүү, хацрыг долоохын зэрэгцээ хоёр гараараа хөхийг нь базлах зууртаа Сэндэм охин руу хааяахан хяламхийх аж.  -Гүй... би чамайг гүй гээд байгаа юм биш үү? Гүйгээч! гэж бүсгүй хэд хэдэн удаа уурсан хашгирсан боловч охин байрнаасаа огт хөдлөхгүй байгаа нь түүнийг бүр ч ихээр бачимдуулна. Сүүлдээ тэр: -Яв... яваач дээ... яваад өгөөч... ээж нь чамаас гуйж байна хэмээн цөхөрсөн өнгөөр аргадан уйлав. Охин түүний нүд рүү цоо ширтээд байгаа хэрнээ сонсож байгаа шинж ч алга.  Өлөн нүдэт бүсгүйн эрүүн дороос бахим гараараа тулан өөр рүүгээ эргүүлээд, уруулыг нь озолж эхлэв. Улмаар цувных нь товчийг тайлаад, цамцных нь энгэрийг зад татах нь тэр. Түмэнгэрэл зогссон газартаа таг хөшчихөөд, нулимс дүүрэн нүдээр тэднийг цоо ширтсээр байгаа охиноо нүднийхээ булангаар ширтэн  -Яв... яваад өгөөч. Зайл чи! хэмээн орилж, хөлөө сарвалзуулан зөөлөн өшигчиж эхлэв. Түүний хөл Сэндэмийн гар, гуяыг шүргэхэд бүсгүйн толгойд “охиноо гэмтээчих вий дээ” гэсэн бодол харвах нь тэр. Гэвч тэр “гэмтээгээд ч хамаагүй эндээс л холдуулах хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулаад Сэндэмийг хүчтэй өшигчиж эхэллээ. Сэндэм: -Ээж ээ... хэмээн хашгирсан боловч зогссон газраасаа хөдөлсөнгүй. Хоёр гараа элгэндээ зөрүүлэн тэврээд, ээжийнхээ хөлийг биедээ хүрч байгааг ч огт мэдрэхгүй байгаа мэт гөлрөн зогссоор л байлаа. Өлөн нүдэт Түмэнгэрэлийг хашаанд нуруугаар нь налуулан зогсоогоод хөхийг нь базалж, бэлхүүсэн дээгүүр нь хэлээ мушилзуулан доошлуулсаар өмднийх нь товчийг тайлав. Бүсгүйн толгойд охиноо хэрхэн холдуулах тухай бодол эргэлдэн тарчилж байтал гэнэт хурц гэрэл гялбасхийх нь тэр. Түмэнгэрэл “Машин” хэмээн дотроо уулга алдаад -Туслаарай хэмээн хашгираад Өлөн нүдэтийг хоёр гараараа хүчтэй түлхэн урагш ухасхийлээ. Өлөн нүдэт үснээс нь зулгаан татахад бүсгүй огцом эргэж хараад, эмзэг эрхтэн рүү нь өшиглөж орхив. Мунаг эрийг эвхрэлдэн тонгойх зуурт Түмэнгэрэл охиныхоо гараас шүүрээд хурц гэрлийн зүг ухасхийлээ. Тэгтэл хурц гэрлийн дороос өндөр нуруулаг, махлаг эрийн дүр тодрон үзэгдэв. Бүсгүй түүний өмнө гүйж очоод, гараас нь атган -Биднийг авраач. Охиныг минь авраач хэмээн гуйв. Даанч өнөөх залуу түүнийг сонссон ч шинжгүй хажуугаар нь зөрөөд алхчих нь тэр. Түмэнгэрэл гайхширан толгой сэгсэрээд -Миний охион, явъя гээд охиныхоо гараас атгахаар тонгойтол Сэндэм дэргэд нь байсангүй. Бүсгүй сандран ийш тийш харсанаа Өлөн нүдэтийн зүг харц бэлчээвэл Сэндэм нөгөө л газартаа хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Түүний хажуугаар өнгөрсөн залуу Сэндэмийн өмнө өвдөг нугалан явган суугаад хацар дээрх нулимсыг нь хоёр эрхий хуруугаараа арчиж үзэгдэв. Харин Өлөн нүдэт хашаа налан зогсоод түүн рүү доогтой мушилзаж байлаа.  Түмэнгэрэл зориг муутайхан алхсаар Сэндэмийн дэргэд ирж зогслоо. Тэгтэл ч гудамжны үзүүрт хоёр, гурван машин ирж зогсох нь тэр. Тэдгээр машин дотроос Түмэнгэрэлийн дотны найзууд, үеэлүүд нь бууж, Өлөн нүдэтийн налж зогссон хашааны хаалгыг онгойлгон орцгоов. Харин Сэндэмийг аргадан суугаа залууг л Түмэнгэрэл огт танихгүй байлаа. Залуу охиныг аргадан тайтгаруулаад гараас нь хөтлөн хашаа руу орох гэсэн боловч Сэндэм толгой сэгсэрэв. Тэр Түмэнгэрэл рүү харан зогсоод -Баатараа ах аа, та манай ээжийг ч гэсэн дагуулаад орооч гэлээ. Баатар охины энэ үгэнд цочих мэт болсноо хэсэгхэн бодлогошроод -Тэгж болдоггүй юм аа. Ээж нь одоо энд байхаа больсон. Танай ээж чинь мундаг зураач болохоор Бурхан багш байшингаа чимэглүүлэх гээд дуудаад аваад явчихсан юм байхгүй юу? гэх нь тэр. Сэндэм Баатарын гараас гараа угз татан аваад -Үгүй ээ, миний ээж энд байна. Миний ээж уйлаад байна шүү дээ. Би ээждээ хань болоод эндээ байж байя гээд буруу хараад зогсчихов. Баатар арга барагдсан бололтой, толгой гудайлган зогсож байтал хашааны хаалга дахин онгойв. Энэ удаа гарч ирсэн хүн нь Түмэнгэрэлийн төрсөн дүү Түмэннасан байлаа. Тэрбээр:  -Өө, миний дүү энд байсан юм уу? Ах нь чамайг ямар удаан хайв аа? гэсээр хүрч ирээд Сэндэмийг өргөн тэврэв.  -Та хэзээ ирээ вэ? Ор л доо... гэсээр хашааны хаалга онгойлгоход нь Баатар дагаж алхсанаа -Намайг ирэхэд Сэндэм энд ганцаараа уйлаад зогсож байсан. Ээжийгээ л санаад байгаа бололтой гэж гунигтай өгүүлэв. Түмэннасан санаа алдан -Аргагүй байх аа... гэснээ Сэндэмийг газарт буулгаад -За, миний дүү гэртээ гүйгээд ор гэхэд охин толгой сэгсрэв. Түмэннасан түүний өмнө өвдөг нугалан явган суугаад -Аав чинь ирчихсэн байгаа шүү дээ гэвэл охины нүдэнд оч гэрэлтээд, гүйгээд одох нь тэр. Баатар охины хойноос харуулдан зогссоноо -Нээрээ аав нь ирчихсэн юм уу? гэж асуухад Түмэннасан толгой дохив. Тэд Сэндэмийн араас алхах зуурт Түмэннасан хэнгэнэтэл санаа алдаад -Манай хүргэн ах гурван жилийн өмнө өөр хүүхэн дагаад явсанаас хойш сураг ажиггүй л байсан юм. Өнөөдөр харин хүрээд ирлээ... гэв. -Ашгүй дээ... гэхдээ өөр эхнэртэй болчихсон юм уу?

 

Цэдэндамбын Баттуяа -Тийм ээ. -Энэ бяцхан амьтан одоо яана даа? -Манай эгч нарын нэг нь өөр дээрээ аваад өсгөчих биз дээ? Би уг нь дүүгээ өөр дээрээ авмаар л байна. Даанч эгч нар намайг хүүхэд өсгөж чадахгүй гээд байна аа. -Хөөрхий минь эмэгтэй хүний дэргэд өссөн нь дээр байх аа. Ээжийгээ л их санаж байгаа бололтой. -Тийм ээ, сүүлийн хэдэн шөнийн турш л ээж ирчихлээ гэж зүүдэлж сэрээд байгаа юм. -Сая ч бас ээж энд байна гээд байна лээ шүү. -Тэгдэг юм аа. Хагацал зовлон гэдэг ч айхтар юм байна шүү дээ. Найз нь өмнө нь ямар ойр дотны хүнээ алдаж, үхэлтэй нүүр тулж үзсэн биш дээ. Тэр орой би л унтчихаагүй бол ийм хэцүү зүйл болохгүй байсан юм шүү дээ.  -Одоо өөрийгөө буруутгаад яах вэ... Дүүгээ л сайн халамжилж, сайн хүн болгож өсгөхөө бод. Хоёр залуу ийн ярилцсаар хашаан доторх байшин руу ороход тэднийг даган алхаж явсан Түмэнгэрэл хаалганы гадна үлдэв. Тэрбээр дороо бүтэн эргэн, орчин тойрноо ажиглавал аавынхаа хашаан дотор зогсож байлаа. Хашаан дотор отрын гэрээ гаргаж бариад өрхийг нь бүтээчихсэн байх нь нүдэнд тодхон тусав. Зориг муутайхан алхсаар гэрийн үүдэнд очвол хаалга нь цоожтой байлаа. Түмэнгэрэл цоожноос барьж хэсэг зогсов. Тэгээд байшингийн цонхны дэргэд очиж зогслоо. Цонхоор дотогш шагайвал гэр дүүрэн хүн цуглажээ. Хамаатнууд, найзууд, ажлын газрынхан нь гээд бүгд түүний ойр дотныхон аж. Гурван жилийн өмнө нэгдүгээр дамжааны оюутантайгаа дэр нэгтгээд, түүнээс салж одсон Батсайхан хүртэл ирчихсэн сууж байлаа. Бүсгүйн ээж орон дээрээ суугаад эрхи эргүүлэх бөгөөд байсхийгээд л хоймрын авдар руу харж, санаа алдана. Түмэнгэрэл ээжийнхээ харцыг дагуулан харвал хоймрын жижигхэн модон авдар дээр өөрийнх нь зураг залаастай, өмнө нь есөн зул бадамлаж байх нь тэр.  Сэндэм Түмэннасангийн өвөр дээр сууж байснаа гэнэтхэн босоод хоймрын авдарны өмнө гүйж очоод зогсчихов. Тэрбээр ээжийнхээ зурагны дэргэдэх хүрдийг хэдэнтээ эргүүлсэнээ огцом эргэн харахад цонхны цаанаас энэ бүхнийг ажиглаж зогссон Түмэнгэрэл давхийн цочив. Сэндэм харин бяцхан гараа зүрхэн тушаа өргөөд бяцхан хуруунуудаа хөдөлгөн, түүн рүү инээмсэглэн ширтэж байлаа. Түмэнгэрэл чийгтсэн аньсагаа долоовор хуруугаараа илсээр буцаж алхав. Тэгтэл хэн нэгний хөл дээр гишгэчих мэт мэдрэмж төрөх нь тэр. Зогтусан ажиглавал тоос шороонд дарагдсан хуучин бакал нүдний нь өмнө тодорлоо. “Аав аа” хэмээн дотроо уулга алдаад толгойгоо өндийлгөвөл эцэг нь гэрийнхээ хаалгыг татах зууртаа хэдэнтээ хэнгэнэтэл санаашраад, Түмэнгэрэлийг анзаарсан ч шинжгүй ороод явчихав. Бүсгүй түүний араас гараа сунгатал тос дааж халтартсан бахим том сарвуу бугуйн дээрээс нь атгаад авах нь тэр. Түмэнгэрэл хөл дээрээ тогтож ядан гуйвагналаа. Гэвч өнөөх бузар сарвууны эзний зүгт хорсолтойгоор ширтэв. Тэр энэ удаа шунал тачаалаар ангасан өлөн саарал нүдтэй бус гуниг зовлонгоор дүүрэн шаналант саарал нүдтэй харц тулгарвай. Үргэлжлэл бий...

Таалагдахгүй байна

6
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Уншигч

[124.158.95.187]

2019-01-18 13:12:05

Үргэлжлэл хэзээ тавигдах вэ

Bitgii unshaarai

[36.11.224.23]

2019-01-17 18:04:44

Yu ch unshchihav daa, muuhai yumaa , boon har dardan zuud shig,