etoim.mn
photos/165374.jpg

Өнгөрсөн баасан гарагт парламент ЖДҮ-чин гишүүдээ авч үлдэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Олны анхаарлыг татсан энэ асуудалд улс төрчид хэрхэн хандана тэр чинээгээрээ улс төрчид шударга уу эсвэл худалч уу гэдгийг нь тодорхойлох байлаа. Мэдээж улс төрийн шийдвэр хэрхэн гарсныг хүн бүр мэдж байгаа. Шударга ёсны тухай өгүүлэх эрхэм төрийн түшээдүүд маань аман дээрээ шударга, амин чанартаа худалч, хулгайч гэдгээ нотолсон билээ.

Хэрэг хийсэн хэд ч улайхгүй, ичихгүй тайлбар өгчихөөд "БИ БУРУУГҮЙ" маягийн юм яриад суучих юм. Уг нь та нар буруутай гээд прокуророос бичиг оруулж ирсэн бус уу. Ийм атал  мэлзээд суух нь УИХ-ын гишүүд бүгд шударга бус гэсэн дүгнэлтийг нийгэмд төрүүлсэн юм. Ерөнхий прокурорын ч тэвчээр алдагдаж “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Энэ хүмүүс хуулиар "ингэж болохгүй, тэгж халдаж болохгүй" гээд олон бүрэн эрх байдаг” гэлээ.

Эрхэм гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг оруулж ирнэ гэдэг нь тэд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэсэн үг. Гэтэл гишүүд нь хууль зөрчөөгүй гэж кноп дараад УИХ-ын дарга нь алх цохчихлоо. Иймээс одоо Ерөнхийлөгч ЖДҮ-чдийг шалгах асуудлыг эргэн харах боломжийг УИХ-д дахин олгох хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэр хориг тавьдаг. Нэгэнт үхэн хатах зууралдсан ширээнээсээ гишүүд өөрийн дураар буухгүй. Тэд бүрэн эрхээсээ татгалзах хэмжээний ёс суртахуунтай хүмүүс биш. Иймээс Ерөнхийлөгч та, ЖДҮ-чдэд хууль зөрчсөн гэдгийг дахин сануулж, тэдний бүрэн эрхийг хэвээр нь үлдээсэн парламентад асуудлыг эргэн харах боломжийг олгооч.  

ЖДҮ-чин гишүүдийн хэргийг эргэн сөхвөл...

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь 2017 онд ЖДҮХ сангаас “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийг зээлсэн байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: “Хас говь транс” ХХК-ний нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлсэн. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Улмаар, ЖДҮХС-аас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: “Сафир стоун” компанид авч өгөхдөө өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэжээ.

УИХ-ын гишүүн Г.Солтан:  “Монгол шаазан” компанийнхаа нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. 

Ийнхүү эдгээр гишүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар яллагдагчаар татаж, хуулийн дагуу шалгахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналаа Улсын Ерөнхий прокурор хүргүүлсэн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх