etoim.mn
photos/5c345171960e63.88888916.png

Баянхонгор нутгаас урлагийн алтан тайзнаа нэр алдраа дуурсгасан олон уран бүтээлч тодрон гарч, түмэн олны хүндэтгэл, төрийн хайр хишиг, ивээлийг даасан байдаг.  С.Гончигсумлаа, М.Бирваа, Ч.Сангидорж нарын зэрэг алдар, суут хөгжмийн зохиолчдын өлгий, Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн, Т.Галсан, Г.Аюурзана, Дан.Нямаа тэргүүтэй үгийн дархчуулын тэрлэсэн шүлэг, дууг эгшиглүүлэн дуулж, Монгол түмний сонорыг мялааж яваа Д.Сосорбарам, Н.Баасандорж, В.Батзориг, Д.Отгонжаргал, шинэхэн гавьяат М.Баярмагнай зэрэг олны танил олон дуучид буй. Тэдний залгамж халаа болж, нутаг орныхооо нэрийг дуу хууртайгаа хамт өргөж яваа залуу дуучин Дэмбэрэлийн Нямжавтай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул иргэн юм. Хамгийн анх “Нутгийн бараа” хэмээх дуугаараа Монгол түмний сонорыг мялааж гарч ирсэн. Тэрбээр улиран одсон оны төгсгөл дээр  өөрийн дуулсан олон сайхан дуугаа нэгтгэсэн “Тэр л зүгт” цомгоо гаргасан юм. Харин шинэ оны өндөр босгыг дөнгөж алхаад анхны бие даасан “Учирах тавилан” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо дуунд дуртай, урлагт хайртай монгол түмэндээ өргөн барихаар бэлтгэлээ базааж байгаа юм. Ингээд нийтийн дууны урлагт шинэ тутам гялалзаж буй залуу дуучны ярилцлагыг танд хүргэе.

Анхны бүхэн сэтгэл догдлуулсан, бас айдас дагуулсан, урам зориг нэмсэн тийм сайхан байдаг. Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Тоглолтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Бүх реклам зар сурталчилгаа нь бүгдээрээ цацагдлаа. Тоглолтынхоо тасалбарыг худалдаанд гаргасан. Шинэ оны анхны урлагийн тоглолт учраас үзэгчид, сонсогчид маань нэлээд сэтгэл хангалуун, догдлон, яаранхан худалдан авч байна.

Д.Нямжавыг дуучин гэдгээр нь сайн танина. Өөрөө аль нутгийн уран бүтээлч вэ? Манай уншигчдад товч танилцуулаач

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж өссөн. Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийг төгссөн. СУИС-ийн дуурийн дуулаач мэргэжлээр 2014 онд сурч дүүргэсэн. Оюутан байх хугацаандаа уран бүтээл хийж, анхныхаа “Нутгийн бараа” дууг сонсогчдын хүртээл болгосон. Түүнээс хойш уран бүтээлээ чимээгүйхэн хийж явлаа.  Одоо энэ олон жил юу сурсан мэдсэнээ сонсогч түмэнд хүргэж, шалгалтаа өгөхөөр догдолж байна.  

Та сургууль төгссөнөөс хойш хожуу тайлан тоглолтоо хийж байна. Гэтэл зарим дуучид сурч байхдаа хүртэл тайлан тоглолт хийсэн тохиолдол байх юм.

Тухайн уран бүтээлчээс л шалтгаалах зүйл юм. Тоглолт хийе гэж нэг их яараагүй. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, түүндээ тохирсон чанартай байдаг гэж боддог. Одоо миний цаг хугацаа, нийтэд юу сурсанаа тайлагнах мөч ирлээ. Үзэгчид бол хамгийн мэргэн шүүгч. Олон жил бэлтэглээ. Хамгийн анхны цомог маань 11 дуутай “Тэр л зүгт” гэсэн нэртэй  гаргасан.  Олон нийтэд хүрсэн уран бүтээлүүдээ багтаасан. Миний дуулсан бүх уран бүтээлүүд орсон байгаа. Тоглолтонд маань олон уран бүтээлч урилгаар оролцоно. Шинэхэн гавьяат, миний алтан нутгийн түшигтэй  Маскийн М.Баярмагнай ах маань гавьяат цолоо мялааж, уран бүтээлийн тоглолтонд  минь ая дуугаа өргөнө. “VOICE” группийн Д.Отгонжаргал эгч, Харанга хамтлагийн ахлагч, МУУГЗ, ая зохиогч Ц.Чулуунбат ах, МУГЖ, нэрт дуурийн дуучин У.Далантай ах маань оролцоно. Анхны тоглолт гэдэг мэдээж гоё л доо хамгийн том дурсамж, хамгийн том туршлага. Тоглолтоо шөнө зүүдлээд нойр хүрэхгүй байна. /инээв/

Мэдээж урлагийн замд хөтөлсөн багш нараа дурсахгүй байж болохгүй... Багш нартаа хандаж талархлын үг хэлэх боломж олгоё

Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театр гэж байдаг. Монголын хамгийн анхны хүүхдийн театр. Хүүхдүүдэд бүжиг, дуу, зураг зэрэг урлагийн бүх чиглэлээр сургалт явуулдаг том театр. Энэ театрын найрал дууны Ганбаатар хэмээх гүн хүндэтгэлт багшид аав маань цэцэрлэгийн намайг хөтлөн оруулж байлаа. Анх урлагийн замд хөтлөж, дуу хэмээх гайхамшигт урлагт сургасан Ганбаа багш, захирал Б.Ганчимэг багш, Алтанцэцэг, Д.Долгорсүрэн, Хишигт багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Та нарын нисгэсэн шувуу урлагийн тэнгэрт өөрийн нэрээ, нутаг ус аав ээж, багш нарынхаа алдрыг өргөж явна. Бахархалтай сайхан байна.

-Уран бүтээлчдийн тайлан тоглолтын нэр бүхэн цаанаа өвөрмөц, гүн утга агуулж байдаг. Та яагаад “Учрах тавилан” хэмээн нэрийдэв?

Учрах тавилан гэдэг дууныхаа нэрийг өгсөн. Анхны уран бүтээлээрээ яагаад нэрлэж болоогүй юм. “Нутгийн бараа” гэж нэрлэхгүй яагаав гэж олон хүн хэлсэн. Гэхдээ анхны учрал, заяа тавилан гэдэг бол хүний амьдралыг түүхийг бүтээдэг. Учрах ёстой хүмүүс учирдаг гэж  үгтэй. Өөрийн уран бүтээлүүдээс надад их таалагдсан, хайр, учрал, амьдарлыг билэгдсэн байдаг. Ер нь учрах ёстой хүмүүс учирдаг, тавилантай хүмүүс тааралддаг.

Тоглолтоо хийсний дараагаар орон нутагт аялан тоглолтоо хийх үү?

2019 оны нэгдүгээр сарын 18 – нд Улаанбаатар хотын сонсогчдод шалгалтаа өгчихөөд Хонгор нутагтаа очиж тоглоно. Сар шинийн дараагаар Баянхонгор  аймгийн бүх сумдаар тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?

Харангын Чука ахтай хамтран  “Нутгийн чулуу” гэж 1988 онд зохиогдож байсан хит дууг сэргээж дуулсан.

 Та нийтийн дуу, зохиолын дууг юу гэж ойлгодог вэ, Уяачид дуулж байна гэх мэт уралдаан тэмцээнүүд байнга болох юм. Мэргэжлийн сургуулийг нь төгсөөд чиг баримжаа авчихсан хүний хувьд мэргэжлийн бус хүмүүс дуулах хоёр өөр ойлголт шүү дээ?

Мэдээж сургуулийг нь төгссөн хүнийг мэргэжлийн дуучин гэж хэлнэ. Дуучин гэж зарлуулах эрхтэй. Хоолой сайтай, сайхан дуулдаг малчид, иргэд олон бий. Манай ах дүүс дотор ч ийм хүмүүс бий. Урлагийг ганцхан минийх гэж өмчилж болохгүй. Гэхдээ дуртай болгон нь дуулаад байх юм бол мэргэжлийн дуучинтай байх шаардлага байхгүй. Энгийн хүн дуулах, мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлч хоёр дуулах чинь тэс ондоо зүйл.Ардын авьяастан, сайн дурын уран сайханч хүмүүсийг буруутгах аргагүй. Гэхдээ хоолой, гамм, нот, нугалаа, аяаа сонсох мэдрэх, өргөх, буулгах гээд маш олон зүйлийг сурсан хүн л дуулах эрхтэй, дуучин гэж цоллуулах, зарлуулах эрхтэй гэж боддог.

Таны уран бүтээлийг сонсохоор нэг тийм уянгын гэмээр мэдрэмж төрдөг. Гэхдээ эх оронлог юм. Ийм арга барилыг эзэмшихэд хэцүү биз...?

Мэргэжлийн дуучин хүн бол бүх чиглэлээр дуулж чаддаг байх ёстой. Уран бүтээлд маань бүх төрлийн дуу байгаа. Би хувьдаа уянгын талдаа дуу дуулдаг юм болов уу даа. Дуулсан дуунууд минь дандаа л тийм намуухан тайван байдаг.

Мэргэжлээрээ ажиллаж байна уу?

Мэргэжлээрээ ажиллах нөхцөл манайд тааруу шүү дээ... Ганц мэргэжлийн театртай. Тэнд нь СУИС төгссөн бүх дуурийн дуучин оочерлож байдаг. Хаа нэг газар заримдаа дуулж байгаа. Ор тас бол хаяагүй.

Сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа. Дараагийн уран бүтээлд амжилт хүсье. Бас учрах тавилантай хүмүүсийг олноор нь холбоорой гэж ерөөе...

Тоглолт маань маш сайхан болно гэдэгт би итгэлтэй байна. Танай хамт олонд маш их баярлалаа. 2019 оны нэгдүгээр сарын 18 нд миний анхны бие даасан “Учрах тавилан” тоглолтондоо  танай сэтгүүлийн уншигчдыг урьж байна.

Ярилцсанд баярлалаа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх