Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/chamgaa.jpg

"ЧАМАЙГАА ҮҮРД ЖАРГААНА ГЭЖ АМЛАСАН БОЛОХООР НАДАД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ"  Бодит амьдралаас сэдэвлэв

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Ходоодны хорт хавдраар идэрхэн насандаа бурхны орныг зорьсон нэгэн эрийн түүхийг гэргийнх нь сэтгэл зүрхний өвдөлттэй хамт сонссоноо ийнхүү буулгасан юм. Энэхүү зохиомжийг талийгаачийн өдрийн тэмдэглэл хэлбэрээр зохиомжлох санааг гэргий нь надад өгсөн билээ.

2008 оны тавдугаар сарын 28. Өнөөдөр миний 39, хүүгийн минь гурван насны ойн баярын өдөр. Гэвч баярлаж чадахгүй нь. Учир нь, би өнөөдөр 14 хоногийн өмнө өгсөн шинжилгээний-хээ хариуг авч, ходоодны хорт хавдартай гэдгээ мэдлээ. Бид гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэхээр хотын төвд байрлах нэгэн ресторанд ширээ тойрон суув. Гурван настай хүүгээс минь бусдынх нь нүдэнд гуниг тодроод, хоол ч хоолойгоор нь давахгүй байгаа бололтой. Би энэ өдрийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх учиртай. “Хамгаас хайртай хүмүүстэйгээ хамгийн сүүлчийн удаа ширээ тойрон сууж байгаа ч юм бил үү” гэсэн бодол толгойд харван орж ирэх бүрт би өөрийгөө хүчлэн инээмсэглэж байлаа. Гэвч миний сэтгэлийг юу ч хөдөлгөхөө больжээ. Нарт хорвоо дээр өнгөрүүлсэн 39 жил, басхүү цаашид гэрэлт нарыг харах өдрүүдээ сэтгэлдээ зураглан бодлоо. Цаг хугацаа ямар хуурамч юм бэ. Жаргаж, зовж, гуниглаж, баярлаж туулсан 39 жил минь ресторанд суугаад, гэртээ ирэх гуравхан цагт л багтчих гэж. Эмч “Ходоодны хорт хавдар хоёрдугаар шатандаа ороод зогсохгүй, зарим эрхтэнд тань үсэрхийлсэн байна. Гадаадад эсвэл монголдоо яаралтай хагалгаа хийлгэхгүй бол оройтож мэднэ” хэмээн зөвлөсөн учир эхнэр минь гэртээ ирмэгцээ л интернэт орж, хагалгаа хийлгэх газар судалж эхэлсэн. Тэр компьютерийнхээ дэлгэцэнд нүүрээ наах шахам тулж суучихаад, бүхнийг хичээнгүйлэн уншиж, хажуудаа тавьсан цаасан дээрээ зарим зүйлийг тэмдэглэж байна. Тайван байхыг хичээж байгаа нь илт боловч сэтгэлийг нь бүчин авсан айдас харцанд нь тодроод, үйл хөдлөл бүр нь яаруу тэвдүү, болхи харагдана. Ойр дотны минь хүн бүр сандарч тэвдэж байгаа энэ мөчид би тайван байж, тэднийхээ сэтгэлийг зовоохгүй байх учиртай.

2008 оны зургаадугаар сарын 20. Хоёрхон хоногийн дотор хагалгааны мөнгө, бичиг баримтаа бүрдүүлээд, дайн дажнаас дүрвэх мэт яаруу сандруу гэрээсээ гарсан тэр өдрөөс хойш 19 хоног өнгөрчээ. Одоо би Сингапурын нэгэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Би зургаадугаар сарын 2-нд хагалгаанд орсон ч арав хоногийн дараа хүндрэл өгч, түгжрэл үүссэнээс цээжээ дахин нээлгэсэн юм. Наашаа нисч явахад миний сэтгэл дотор “Би нэг бол хүний газарт ясаа тавина. Үгүй бол эв эрүүл, сав саруул болчихоод хоёр хүүдээ очно” гэсэн бодол өөд өөдөөсөө харж суучихаад, “Чи ялах уу, би ялах уу” гэж байгаа юм шиг л санагдаж байж билээ. Юутай ч би нарыг дахин харлаа. Бүтэн 20 хоног цурам ч хийлгүй сахисны эцэст ухаан орсонд минь сэтгэл нь амрав бололтой, миний хөлд хэвтээд, хэсэг зуур зүүрмэглэх гэргийн минь нүүрэн дээр нарны туяа тусчихаж. Яасан үзэсгэлэнтэй юм бэ, чи...

2008 оны долоодугаар сарын 1. Хагалгаа хийлгэх үед цусаар дамжин хорт хавдар дотор эрхтэнд үсэрхийлсэн тул химийн тариа хийлгэхээр Сингапурыг дахин зорив. Эхнэр минь интернэтэд орж үзээд, МАХН-ын байр шатаж, асар олон залуу цагдаа нар руу шил, чулуу нүүлгэж буй аймшигт бичлэг олж үзлээ. Ямар аймаар юм бэ. Магадгүй, эрэгтэй дүү нарын минь нэг нь тэнд явж байгаа юм биш биз гэсэн бодол сэтгэл хэрдхийлгэв. Энэ бодол намайг хором ч тайван байлгахгүй байснаас Монгол руу ярилаа. Ашгүй, зуны дэлгэр цаг тул дүү нар маань зусландаа байна. “Сонгууль будлиантай болсон байж магад” гэсэн ард түмний хардлага сэдэрчээ. Миний сэтгэлд ч бас үдэш бүр “Маргаашийн нарыг үзэх болов уу” гэсэн хар төрсөөр сар гаруйн хугацааг ардаа үдлээ. Амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёр миний баруун, зүүн гараас зуурчихаад хоёр өөр зүг рүү чангаан чаргууцалдсаар уд­лаа. Хэн нь ялах бол. Эсвэл эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын золиос болсон энэ л залуус шиг амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёрын дунд явагдах энэ тэмцлийн золиос нь миний бие юм болов уу.

2008 оны долоодугаар сарын 11. Химийн тариа анх хийлгэснээс гурав хоногийн дараа орны цагаан даавууг минь унасан үс бүччихсэн, хамаг яс хэзээ мөдгүй салж унах гэж байгаа юм шиг янгинаад л, толгой яг одоо л дэлбэ үсрэх гэж байгаа мэт өвдөж байхад “Би энэ бүхнийг тэсвэрлэж чадахгүй нь ээ” гэж бодож билээ. Гэтэл би өнөөдөр гэр бүлийнхнийхээ хамт Санзайн амралтад ирчихээд, монгол түмний уламжлалт наадам гэдэг сайхан баяраа тэмдэглэж байна. Бүгд баярлаж байна. Надаас дутуугүй шаналж, сэтгэлээ шархлуулж яваа гэргий минь хүртэл бага хүүгээ тэврээд, нүүр дүүрэн инээмсэглэж сууна. Өдрөөс өдөрт эрхтнээс эрхтэнд үсэрхийлэн, хэдэн арваараа үржих өт хорхой мэт хорт хавдар биеийг минь зовоож байна. Гэтэл нөхрийнх нь өвдөлт, зовлон шаналал энэ бүсгүйн сэтгэлийг хорт хавдраас ч дутахааргүй шархлуулж, тарчлаан зовоож байгаа биз ээ. Гэвч бие засч чадахгүй байгаа намайг шээлгэх гэж 00-ын өрөөнд бүтэн цагийн турш аяганаас аяганд ус гоожуулж, ухаангүй хэвтэх намайг сахин, орны минь хажууд цурамхийлгүй хонож байсан мөчөө бүрмөсөн мартчихсан мэт гэргий минь инээмсэглэж сууна. Бүх зовлон гуниг манай гэр бүлээс нэгмөсөн холдон одсон мэт санагдаж байх чинь.

2008 оны арваннэгдүгээр сарын 20. Химийн тариаг зургаан удаа л хийлгэх ёстой. Би зургаа дахь удаагаа хийлгэсэн ч эмч нар “Дахиад хэд тариулаад үзэх үү” гэсэн санал тавьсан нь амь тавьчих шахам бөхөлзөж байсан сэтгэлийн минь гал дээр цучил нэмэхтэй адил зүйл болсон юм. Хань минь “Хэзээ ч тавихгүй” гэсэн мэт миний гараас тас атгачихаад, бодолд автаад суу­чихаж. Нөгөө гараараа мөрөнд нь зөөлөн хүртэл давхийтэл цочоод, өөрийгөө хүчлэн инээмсэглэж байна. Анх 90 кг жинтэй байсан би 50 кг болтлоо турж эцсэн ч дахиад ганц сар ч гэсэн амьд явах найдвар байгаа л юм байна.

2008 оны арванхоёрдугаар сарын 13. Хэсэг дугхийчихэж. Яагаад ч юм, үхээд босч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Цав цагаан тааз дээрээс цоо ширтэж, тавилгаа зарсаар ханхайж хоосорсон өрөөний минь дөрвөн хана сэтгэл сэрдхийлгэв. Сэрэх бүрт хань минь орны хажуу дахь сандал дээр сууж байдагсан. Тэр минь эзгүй байна. Эргэн тойрноо хэчнээн ажаад ч амьд амьтан олж харсангүй. “Ханийн минь турьхан бие энэ их зовлонг яаж дааж яваа юм бол доо. Нэг л өглөө сэрэхэд минь хоёр хүүхдээ дагуулаад, намайг орхиод явчихсан байх вий” гэсэн айдас минь биелж байх шиг. Намайг ганцааранг минь орхиод явчихлаа гэж үү. Үгүй байлгүй дээ. Хамаг бие хөшчихөөд, гараа хөдөлгөхөд хүртэл хэцүү байсан ч хараа хүрэх газар бүрээ нүдээрээ “нэгжлээ”. Эцсийн хүчээ шавхан “Хань аа..., миний хань аа...” гэж дуудсан ч хариу алга. Ам цангаж, хөл, гарын яс янгинана. Гэвч “Байхгүй байна. Явчихаж” гэсэн бодол “Үгүй” гэсэн итгэл рүү минь довтолсоор, хэдхэн хормын дотор сэтгэлийг минь бүхлээр нь эзлээд авчих нь тэр. Амьсгалах тоолондоо “Явчихжээ” гэсэн бодолдоо үнэмшиж, хамаг өвчнөө мартаад “Хань аа... Хань аа” хэмээн хамаг тэнхээгээрээ хашхирлаа. Хариу алга. “Тэмдэглэлийн дэвтэрээс минь өөр хань надад үлдсэнгүй дээ” гээд цэг тавьж амжаагүй байтал хаалга сэвхийтэл онгойв. Амь, амьдрал минь... Гэрэл гэгээ минь... Нарыг бус чамайг л харах гэж өглөө бүр эцсийн хүчээ шавхан байж нүдээ нээдгээ сая л ойлгов. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ "ТАРИМАЛ ЦЭЦГИЙН СҮМ" НОМООС

Таалагдахгүй байна

6
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[66.181.160.83]

2019-01-11 14:54:06

uvchin gej hetsuu shuu hamgiin hetsuu eruul bhad buh yum bolnodoo