etoim.mn
photos/hongorzul.jpg

Зохиолч: Тогтохбаярын Хонгорзул, "Хайрын амт" номоос

Нэг үг, ердөө л үг ийм хүнд байдгийг, тэгэх тусмаа сөхөрч унам хатуу байдгийг энэ мөчийг хүртэл ойлгоогүй явжээ. Хэлэхээс аймаар, аманд үл эвлэм тэр үг одоо хүртэл чихэнд нь хангинан, болдог бол ой санамжаа угааж цэвэрлээд бүхнийг мартчихмаар. “Үнэгүй янхан” ...”Чи ердөө л үнэгүй янхан”...Хахир хоолойгоор тавлан байж хэлээд гашуун инээдээр даруулсан үгс одоо цээжийг нь самардан урж, дотрыг нь бачууртал химлэнэ.  Залуу охин шөнийн клубын мушгиралдсан шатаар өндөр өсгийтдөө бүдрэх шахам яаран, цувныхаа энгэрийг байдгаар нь хумиад уйлчих шахан хөмхийгөө зуун уруудаж байлаа. Бүдэг гэрэлд тохируулж тодовтор будсан нүүрнийх нь будаг, хэт ягааруулсан хацар, дэндүү сүүдэртүүлсэн зовхи, час улаан уруул. Аль нь ч залуу сайхан төрхийг нь чимэх бус гутааж байгааг гэнэхэн охин яахан ойлгох. Хэзээд нуруу гэдгэр, нүүр бардам гунхалзан ордог хаалгаараа хөөгдсөн мэт яаран гүйж гарсан учраа ч бүрэн ухсангүй. Тэр дөнгөж арван зургаан настай.  Дэндүү хөөрхөн, түрүүхэн хажуугийн ширээний эгчмэд хүүхнүүд атаархан шивнэлдэж байсан царай нь будаг нулимс хоёрт халтартан шөнийн клубын үүднээс бусадтай уралдан тосож суулгасан таксины арын суудалд чимээгүй уйлж суулаа. Галбираа бүрэн олж амжаагүй турьхан биеэ гайхуулах гэж өмссөн өндөр өсгийт, бариу банзал, энгэр задгай цамц нь хүнийх юм шиг зохимжгүй байгааг өөрөө ч мэдэхгүй. Таксины жолооч хорь орчим насны залуу нүднийхээ булангаар нулимсаа урсган, үе үе нусаа шорхийтэл татах охиныг хулгайн нүдээр ажина. Шөнийн хотын амьдрал ид буцалж байх шөнийн 2 цаг. Гудамжаар машинууд өдөр мэт сүлжилдэн, зугаа цэнгээний газруудын гэрэл гялалзан, зорин ирэх нэгнийг урин дуудна.  - Хаашаа явах вэ? - 1-р хороолол.  Гэртээ харингуут хэн нэгэн нь унтаагүй сэрүүн хүлээж байх вий гэдгээс учиргүй эмээнэ. Хаана байснаа, хэнтэй юу хийж байснаа тайлбарлан худал үг зохиох гэж ээрч мууран, баригдвал зэмлэсэн үгс, алганы амт ч үзэж мэднэ. “Ядаж 18 хүрчихээд ингэж тэнээч” гэх аргаа барж цөхөрсөн байдал нь дууны чангад далдлагдсан аавынх нь дуу сонсогдох шиг. Цүнхээ тэмтэртэл байсангүй. Ухаангүй шахам гүйж гарахдаа шөнийн клубт орхисоноос зайлахгүй. Юм бүхэн дэндүү бүтэлгүй, яг л хорвоо ертөнц бүхлээрээ түүний эсрэг байгаа юм шиг. Тэр муухай үгийг нүүр лүү нь шүлсээ үсчүүлэн байж хэлсэн ихэмсэг зантай залуугийн өмнө дахиж очно гэхээс яс нь хавталзавч өөр арга байсангүй.  - Буцаад саяны газар луугаа явъя даа.  Жолооч залуу дуулгавартайгаар машинаа эргүүлэн тэд шөнийн клуб руу явцгаалаа. Үүдэнд нь үргэлж дугаарлан зогсох хүмүүс бужигнан, хөлс чийг даасан нэл хийсэн бүгчим танхимд орох гэж үхэн хатан зүтгэж, байдгаараа гоёж гангалсан залуу охид хөвгүүд сүлжилдэн байх энэ газар юунд тэдний сэтгэлийг ийн татдагийг Урангоо мэднэ. Тэр дотор, тэр бүжгийн талбай, түүнийг тойрон байх буйдангууд, зав зайгүй гүйлдэх зөөгч нар, бүжгийн дотор донсолгом ая, хэн нэгний өдөж шохоорхсон харц гээд огт өөр ертөнц энд бий. Сургууль, гэр, өөр хаана ч мэдэрч болохгүй зүйлсийг энд үзэж мэдэрч болно. Энд шөнө бүхэн шинэхэн учрал сонихон тохиолоор дүүрэн. Энэ бол адал явдалт, хөгжөөн цэнгээнт, зүйрлэшгүй сэтгэл татсан газар учраас тэр ч найзуудынхаа хамт гэрийнхэндээ худлаа ярин, зугтан барин байж ийшээ ирдэг.  Яг таван сарын өмнө анх тэр энэ газарт ирж билээ. Найзынхаа ятгалгаар нүд сормуусаа будаж, уруулаа өнгөлсөн тэр өөрийгөө дэндүү будчихлаа гэж эмээж байсан бол харин клуб дотор орсон хойноо тэнд хамгийн балчир гэнэн, хүний нүдэнд үл торох нэгэн гэдгээ олж мэдлээ. Өндөр өсгийт өмсөж гуя хасаа гялалзуулсан, ар нуруу нь онгорхой хувцастай дэгжин охид бөгсөө хаялан алхаж, хээнцэр ганган, царайлаг залуус харагдана. Энд түүнийг хэн ч юу хийж байгааг нь анзааран хорьж цагдсангүй, эрх дураараа бүжиглэж хөгжиж, бас анх удаа шахам залуустай танилцаж үзсэн. Өөрийг нь шохоорхон харах, бүжгэнд урих, тэгээд танилцахыг хүсэх, магтан хэлэх үгс толгойг нь эргүүлэн, дөнгөж танилцсан залуустайгаа шөнийн хотоор салхи татуулан хөгжим хангинуулан давхих үзээгүй жаргал нь байсан шүү дээ.  Харин тэр нэг шөнө тэр огт өөр ертөнцийн хаалгыг татсан. “Охидуудаа, одоо энэ орой болсон хойно бүх газар хаалттай байгаа шүү дээ. Хэдүүлээ нэг газар нүдний хор гаргаж байгаад харьцгаах уу?” Хар нүдний шилтэй өндөр залуу нүүрэмгий нь аргагүй тулган хэлэхэд Урангоо юу гэхээ мэдсэнгүй, дэмий л найз охин руугаа нэг харлаа. Найз охин нь тоомжиргүй нэг мөрөө хавчсанаа “Татгалзах юм алга” гэх нь тэр. Найзынхаа гэрт ч тоотой хонож үзсэн Урангоо анх удаа өөр газар танихгүй шахам хүмүүстэй шөнийг өнгөрөөхөөс айвч, нэг бодлын сониуч зан төрөх шиг, тэгээд ч үүр цайх ойртсон энэ үед гэртээ орсноос нэг найзындаа хоноод очлоо гэж худлаа хэлэх нь дээр санагдан эргэлзээ тээнэгэлзээ нь өөрийнх нь сэтгэлийг түрүүнүүс хойш гижигдэх залуугийн ятгасан харцанд дарагдаж, нэг л мэдэхэд хэзээ ч орно гэж бодоогүй газраа оччихсон байсан.  Нулимс, өвдөлт, харуусал дүүрэн өнгөрсөн анхны шөнийн дараа ирсэн хоёр дахь шөнө яг тэр газар, үүрийн цагаан гэгээнд сайн танихгүй ч гэнэхэн сэтгэлээрээ итгэн татагдсан ялдам залуугийн өвөрт өнгөрчээ. Маргааш нь тэр залуугийн энхрийлэл, үнсэлт, тэврэлт бүхнийг шинэхэн мэт санан үгүйлж утсаа сэмхэн харуулдан ярих, эсвэл мээсэж бичих байх гэж баахан хүлээсэн ч хүний урманд утас нь нэг ч дуугарсангүй. Гэрийнхэндээ загнуулан үглүүлж, гэрээс нэг хэсэгтээ гарах эрхгүй болсон нь зөвхөн түүний л төлөө байсан тул ингээд л өөрийг нь орхичих юм гэж даанч санасангүй. Арга барсандаа найз охинруугаа ярилаа.  - Чамруу Тэмка ярьсан уу? - Үгүй ээ, харин чамруу нөгөө өндөр нь ярьсан уу? - Мэдэхгүй ээ, таг чимээгүй л байна. Эсвэл би таалагдаагүй юм болов уу?  - Чи арай унтчихсан юм биш биз дээ?  - Үгүй ээ, яалаа гэж... - Тэгвэл юун сүртэй юм. Ийм юм байж л байдаг ш д. Зүгээр мартаа. Тэгээд ч чи унтчихсан байсан ч ямар онгон байсан биш... Найз охиных нь задгай яриа зүрхийг нь зүүгээр шивэх шиг өвтгөөд авлаа. Охин биеэрээ биш байсан ч гэсэн тэр хүнд итгэж, сэтгэлээ, биеэ, байх бүхнээ тушаасан шүү дээ. Тэр гоё үгс, салахгүй юм шиг дурлалаар шатаж байсан нүд, орхихгүй юм шиг тэвэрч байсан энхрий гар, бүгд худал хуурмаг байсан гэж үү? Нэг л аймшигтай буруу зүйл хийчихсэн, тэгээд хир буртагт баригдчихсан, тэр нь угаавч арилахгүй юм шиг, тэгэх мөртлөө тэр сайн танихгүй залууг үзэн ядах сэтгэл ундрана. Хорвоо түүний бодсоноос өөр гэдгийг ухаарч эхэлсэн нь ч энэ байж магадгүй.  Дахиад хэзээ ч тэр газар луу зүглэхгүй гэж амласан ч ахиад л нөгөө найзтайгаа, бас түүний нэг найзтай нь оччихлоо. Ингээд л бүх юм эхлэв. Бүхий л ундууцал гомдол, сэтгэлийн дарамт бүхэн тэр газар очмогц хийссэн мэт арилж, өөрийнхөө хичнээн үзэсгэлэнтэй сэтгэл татам залуу бүсгүй гэдгийг гагц тэнд мэдрэнэ. Анх удаа хүчлэн уусан шар айрагны охь толгойд гарч, ертөнц бүхлээрээ бүжгийн талбайн хамт хөл дор нь эргэлдэн, санаж бодохгүй зүйлийг бүхнийг чадах мэт. Тэгээд гурав дахь шөнө, дөрөв дэх шөнө, бас тав дахь ч гэж байсан. Энэ бол шөнийн ертөнц гэдгийг охин ухаарах шиг болсон. Яг л мэндлээд гар бариад салдаг шиг чи хэн нэгэнтэй, таалагдсан хүнтэйгээ учраад салж болно. Магадгүй бүх л эрэгтэйчүүд ийм худалч, хөнгөн хийсвэр, нэг шөнийн төлөө хорвоогийн хамаг сайхан үгээр ч булж мэдэх хүмүүс.  Гэтэл таван сарын дараа одоо хүртэл мартаж ядан сэтгэлийнхээ гүнд санаж явсан өнөөх залуутай тэр газраа тааралдсан. Яг л өөрийг нь анх хараад нүдээ ирмэж, ялдам инээмсэглэн мэндчилж, ингэх бүрэн эрхтэй би гэх шиг бэлхүүсээр нь тэврэн бүжиж байсан газраа тэр өөр нэгнийг тэврэн зогсож байлаа. Энэ өөр ертөнцийн хаалгаар хөтлөж оруулж, эхлэл төгсгөлгүй олон шөнүүдийн эхийг тавьсан түүнийг хараад бага зэрэг халамцсан аагандаа очиж мэндлээд, бас гоморхол, шаралхал ханхалсан хэдэн үг хэлсэн. Харин хариуд нь тэр ердөө л “Чи юу юм бэ? Чи зүгээр л нэг ҮНЭГҮЙ ЯНХАН шүү дээ” гэж билээ. Яг тэр үг толгой дундуур нь татаад авах шиг болж, түрүүхэн манаран дуниартаж байсан тархи нь саруулсан, ичих, гутрах мэдрэмж түрэн авч эргэж ч харалгүй тэндээс гарсан. Харин одоо өөрийг нь танихгүй болтол далдалсан будаг шунхыг харууслын нулимсаараа угааж сууна.  Такси зогслоо. Толинд нь нүүрээ хальтхан харчихаад нулимсаа арчин, үсээ янзалж, өөртөө итгэлтэй алхан дотогш оров. Хөгжмийн чанга нүргээн, энд тэнд гуйвлах согтуу хүмүүс, хүмүүсийн хөөрүү чанга яриа, шөнийн клубын оргил цаг. Бүжгийн талбайн хажуугийн ширээнд найз охин нь өөр танихгүй хүмүүстэй сууж байснаа Урангоог хармагцаа нүдээ томруулан угтан ирлээ. “Чи чинь хааччихав аа гэнэтхэн?” Урангоо зүгээр л толгойгоо дохиод мартаж орхисон цүнхээ авч, дотор нь байсан бүх мөнгийг гартаа хумхин базлаа. Уяхан цагаан хуруунууд нь сандрах мэт чичрэн, сэтгэл нь хөвчрөн догдлоно. Бүжгийн талбайн голд өнөөх залуу эргэн тойрондоо байх охидыг харцаараа ангуучлан ихэмсэгхэн зогсоно. Урангоо түүнийг чиглэн алхахад, бүх хөгжим шуугиан алга болж гагц өөрийнх нь алхам бүр нь чихэнд нь тодхон дуулдах шиг санагдлаа. Залуу өөрийг нь таниад тавлах мэт инээмсэглэлээ. “Яасан? Дахиулмаар санагдаа юу?” гэж зэвүүцэм өгүүлэхэд нь Урангоо гартаа атгаж явсан бүх мөнгөө нүүр лүү нь цацчихлаа. “Май. Энэ чиний нэг шөнийн хөлс.” Охин бүгдэд дуулдам чангаар ингэж өгүүлээд бардамхан эргэж гайхсан хүмүүсийн харцанд үдүүлэн шөнийн клубээс гарч одлоо.  Сэтгэлийг нь дарж буглаж байсан бүхнийг сая тэр залуугийн нүүрлүү цацчихсан мэт ер бусын хөнгөн, тайван санагдаж, хэзээ ч ахиж эргэж ирэхгүйгээр шийдсэн газраа итгэл төгс орхин гарав. Өөртөө байсан хамгийн үнэтэй зүйл болох үнэ цэнээ бүр алдахаасаа өмнө амжиж ухаарсандаа баярлан инээмсэглэнэ. Үглэж загнавч өөрийг нь хэн ч болсон адилхан хайрлах аав ээжрүүгээ, гэрлүүгээ яарна. Охины инээмсэглэхийг жолооч залуу сэмхэн хараад, уйлахаа больсонд нь дотроо баярлана. Шөнийн хотын дундуур бусдаас үл ялгагдах нэгэн такси давхина. Харин бусдаас ялгаатай нь тэр зөв замаар явна.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх