etoim.mn
photos/hos.jpg

Ж.Дүүрэнжаргал 

Нэг удаа Цогоо бас л эзгүй байж. Бороо орох гээд тэнгэр муухайрчээ. Гэтэл тэдний хонь нэлээд хол байсан тул Сувд мордохоос өөр арга байсангүй. Түүнийг мордонгуут бороо орж эхлэв. Битүү үүлтэй тул газрын баримжаа, зүг, чиг олоход хүндхэн болжээ. Хонины зүг яаравчлавч байсангүй. Нар жаргаж, харанхуй боллоо. Бороо ч тогтож. Юун хоньтой манатай бүсгүй гэрийн зүг явтал төөрчээ. Ашгүй айл харагдангуут тэднийд очив. Түүнд гэрийн байршил гадаа байгаа мал ахуйг анзаарах сөхөө байсангүй. Гэрээ асуухаар яарчээ. Том гэрт орж, мэнд мэдээд: -Цогоогийнх хаахна байгаа бол… хэмээн асуутал: -Юу гэнэ ээ, хүү минь… гээд орноосоо өндийж ирсэн хүн нь хадам аав нь байжээ. Гаднаа ирчихээд хадмынхаасаа гэрээ асуусан Сувдын онигоо тэр зунжингаа яригдаж инээлгэсэн гэх. Хонь нь аль хэдийнэ хотондоо ирээд хэвтжээ. Эзгүй байсан нөхөр нь түүний араас дуугүйхэн орж ирэхдээ: -Чи бороогүй байсан ч төөрдөг биз дээ хэмээн бараг үнэнийг зэмлэнгүй хэлж… Энэ мэт түүнд хөгтэй явдал цөөн бус. Өвлийн өглөө галлаагүй гэрт босно гэдэг түүнд хамгийн хүнд. “Босохгүй бол болохгүй” гэдгээ мэдэж байвч хөнжилдөө шурган хэвтэж байтал хадмын дуу гарна. -Сувд… Хөөе, Сувд үхрээ тавиарай… Даарч байснаа мартан шууд босоод гарна. Холхиндог гутал өмсчихсөн тууж л явна. Дотуураа цамц дулаан хувцсаа өмсч амжилгүй үстэй дээл хэдрээд гүйх ч энүүхэнд. Хэдэн үхрээ тавьж туучихаад гараа дулаацуулах санаатай орж ирээд зогсч байтал ахиад хадам дуудна. -Хүйдсэндээ… Миний хүү эртхэн ажлаа амжуул… гээд хангинах. Гэртээ байсан бол дулаан байшинд, хөнжилдөө шургаад үд хүртэл унтана даа гэж бодох үе зөндөө… Мал мэдэхгүй, хөдөөний ажлаас дэндүү хол тэр бүсгүйд нутаг усныхан ам сайтай. Ажилсаг, зочломхой, наргианч гээд магтана. Хөдөөнийхөө найзуудад уншсан ном, үзсэн киногоо ярьж өгөхөд тэд бүх ажлаа умартан, тэднийд өнжих нь олонтаа. Хөдөө очсон хотын бэрдээ нутгийнхан, хадмын талынхан бүгд хайртай байлаа…

*** *** *** *** *** Хөдөөнөөс орж ирээд хотод амьдрах болсон түүнтэй тааралдвал бараг эвэртэй туулай үзсэн мэт гайхаж: -Дахиад хөдөө явахгүй биз дээ… гэх үгийг цөөн бус сонссоны дараа Сувд “Миний толгой эргээгүй… Хайр дурлалдаа төөрсөн” гэх дүгнэлтийг хийжээ. Хэрэв Цогоо хүн шиг байсан бол тэр “Хот, хөдөө хаана ч амьдарсан яах вэ…. Сайхан байна” гээд нүүр бардам инээгээд явж чадах байсан. Цогоо усанд хаясан чулуу шиг алга болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Хоолонд дургүй болж, хааяа огиулаад байсан бүсгүй жирэмсэн болсон байв. Хүн чанараа гээсэн тэр залуугаас дахин хүүхэд тээгээд хоцорсон Сувд “Гэрийнхэндээ мэдэгдэхгүйг хичээсэн болохоос түүнийг тээхгүй, төрүүлэхгүй” гэж нэг удаа ч бодож үзээгүй. “Эцэг нь муу, муухай…” гэж хэвлийдээ бүрэлдэн байгаа үрийг ад үзээгүй нь тэр бүсгүйн гайхамшигт чанар. Эх байх, ээж болохын сайхныг тэр их сайн мэднэ. Хүүхдэд тийм их хайртай… Эмэгтэй хүнд бурханаас өгсөн тэр л гайхамшигт тавиланг дэндүү сайхнаар төсөөлж, хүлээж авсан нь Сувдын онцлог. Гэвч түүнд ганцхан айдас давалгаалж байлаа. “Эгч нар минь юу гэх бол…” гэх . Тэдний хэлэх үгийг сайн мэдэх учраас ийн айж эмээсэн хэрэг. Ээжтэйгээ хуйвалдан, жирэмсэлснээ нууж явтал бүгдийг мэдсэн байлаа. Хөдлөөд хоёр сар гаруй болсон амьтныг “Битгий гарга” гэж хэлж чадаагүйд баярлавч, эцэг нь энэ хүүхэд хэвлийдээ ийн торнин байгааг мэдэхгүйд гомдоно. Заримдаа эгчийнхээ хэлсэн үгэнд эмзэглэнэ. -Эцэггүй энэ олон хүүхдийг чи яаж хүн болгож өсгөх хүн бэ… Энэ хоёрыгоо олигтойхон хүн болгохын оронд дахиад хүүхэд гаргана гэж санаанд чинь багтлаа гэж үү… Харахаараа ухаангүй болчихдог тэр залуу чинь одоо яаж байна… Чамд өөрийн гэсэн толгой алга… Манай удамд ийм хүн байхгүй. Аав, ээж хоёр минь биднийг яаж өсгөж, хүмүүжүүлж, ямар сайхан сургууль соёл төгсгөсөн билээ… Энэ бүх үг үнэн гэдгийг Сувд сайн мэднэ. Гэвч “Намайг муу муухайгаар хэллээ…” гэх гоморхол тээх нь бий… Хаврын хавсаргатай зэврүүн өдөр. Сувд өвдөж эхэлжээ. Хоёр охиноо гаргахад төдийлөн дуншаагүй, өвдөөгүй атлаа энэ хүүхдийг төрүүлэх үед бүтэн гурав хоног өвдөв. Энэ үед Сувд “Эрүүл саруул, эсэн мэнд амаржин, хөөрхөн хүүхэдтэй болно” гэсэн тэмүүллээр өөрийгөө босгож байлаа. Тэрээр үүрээр хагалгаанд орж дахиад хөөрхөн охинтой болжээ. Удаан өвдсөн, сэтгэл санааны хувьд тийм сайн биш үед хагалгаа хийлгэсэн тэрээр тэнхрэх гэж нэлээд удав. Бусдын хөхөөр амлан хүний гар дамжин, хооллож яваа охиноо өрөвдөвч, өөрөө хурдан тэнхрэхийг хичээжээ. Сувд охиноо харж тэжээгдэж, охиноо тэвэрч тэнхэрчээ. Хөхний сүү сайн байгаагүй ч охиноо хоолшуулна. Хоног хоногоор булцайж өнгө засах охинтойгоо хамт байсан хоёр сарын хугацаа Сувдад хамгийн ихийг бодогдуулж, ойлгуулжээ. Гэхдээ тэрээр “Миний буруу сонголт, алдаанаас болж миний охиныг хэн ч ад үзэхгүй” гэдэг дээр хатуу зогсов Эгч нар, гэрийнхэн нь “Охиныхоо ирээдүйг бас өөрийгөө бод…” гэх. Яаж бодож, тунгаагаад Сувд тэдний саналыг хүлээж авах хэцүү ч, шууд эсэргүүцэж чадсангүй. Бяцхан охины нь ирээдүйг бодон, хэлж, ярьж гаргаж буй гэрийнхнийхээ шийдвэрийг дахин эсэргүүцэж зүрхлээгүй. Зөрөх, өөрийнхөөрөө зүтгэх гэдэг Сувдын хувьд алдаа болсон учраас тэр … Хоёр сар хүрсэн жаахан охиноо хүнд өргүүлэхдээ харамсаагүй. Охиныхоо ирээдүйн зам мөрийг гэрэл гэгээтэй байг гэсэн эхийн сэтгэлийн хат ийм чанга байв. Харин айлын сайхан охинтой ханилан сууж, гурвын гурван хүүхдийн аав болсон тэр залуу дуулдаг хоолой шигээ сайн, сайхан байж чадаагүй. Тэр бүү хэл, тэрээр бага охин нь хорвоод мэндэлсэн гэдгийг огт мэдээгүй яваа. Хэрэв мэдсэн бол тэр залуу хүний урманд “Бие чинь сайн уу, ямар хүүхэд гарав” гээд утсаар асуучихаж чадаагүй. “Аав” байх, эр хүн байх хоёрын хооронд их том ялгаа байж болох ч хүн байхын утга учраас хазайна гэдэг аймшигтай… Халуухан зүрхэндээ хайрын тамга даруулсан энэ бүсгүй одоо ч Цогоогийн дуулдаг дууг сонсох дуртай. Хайрынхаа тамга, дурсамжийг ингэж тод хэвээр хадгална гэдэг бахархмаар. Хайрыг ямар баллуурдаж болох биш. Зүрхэндээ тамгатай энэ бүсгүй хайрандаа умбаж явна. Тулгын гурван чулуу шиг чандманлаж өссөн охидууд нь ээжийнхээ дутуу хайрыг нөхөж явна… Ажил, амьдралаараа сувд адил гялалзаж яваа хүн бол Сувд. Далайн сувд ховор атлаа эгэл харагддаг ч ямар их үнэ цэнтэйг бид мэднэ. Энэ бүсгүй тийм л хүн. Эгэл атлаа эрхэмсэг байх хамгийн гоё.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх