Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/apply.jpg

Оны сүүлийн улирлын борлуулалтын таамгаа бууруулж тооцох болсноо Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк зарлалаа.

Тэрээр Хятадын эдийн засгийн удаашрал өнгөрөгч улирлын компанийн үр ашигт муугаар нөлөөлснийг хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа тайлбарлажээ.

Күкийн захидал нийтлэгдэх үед хөрөнгийн зах зээл Apple-ийн хувьцааны арилжааг түр зогсоосон байна. Дараа нь арилжааг үргэлжлүүлэхэд хувьцааных нь үнэ 7.45 хувиар унаж, Apple компанийн зах зээлийн үнэлгээ $55 тэрбумаар багассан юм.

“Хөгжиж байгаа орнуудын зах зээлд хүндрэлүүд тохиолдохыг тооцож байсан ч Хятадын эдийн засгийн удаашралыг бид урьдчилан харж чадсангүй” гэж Тим Күк захидалдаа бичжээ.

Күкийн мэдэгдлийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлүүд доргисноос гадна валютын зах зээлд гэнэтийн цочрол үүсэж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү хошуурч эхэлсэн тул гол валютуудын ханш хэдхэн секундын дотор унасан юм.

Apple компани 2002 оноос хойш анх удаа орлогынхоо талаар муу мэдээ дуулгаж байгаа нь энэ бөгөөд ухаалаг гар утасны бизнес эхэлснээс хойш бас анхны тохиолдол болж байна.

Хятад улс бол Apple-ийн хувьд АНУ, Европын дараа гурав дахь том зах зээл нь юм. Тим Күк Хятадын эдийн засаг удааширсны гол шалтгааныг АНУ-тай хийж буй худалдааны дайны нөлөө гэж тайлбарлажээ.

Гэхдээ тэр эцэст нь “Хятадын зах зээл бидний хувьд гэрэлт ирээдүйтэйд тооцогддог” хэмээн хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зассан байна.

2018 оны сүүлийн улиралд Apple компанийг $89-$93 тэрбумын борлуулалт хийнэ гэж тооцоолж байв. Харин одоо таамгийг $84 тэрбум болгон бууруулж байна.

Наймдугаар сард дэлхийн анхны $1 их наядын үнэлгээнд хүрсэн компани болж байсан Apple оны төгсгөлд үнэлгээгээ 7 хувиар бууруулсан нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш хамгийн муу үзүүлэлт нь болж байна.

Яг одоо Apple нь Microsoft, Amazon хоёрын дараа гурав дахь өндөр үнэлгээтэй компани болоод байгаа юм.

Гэсэн хэдий ч тус компанийн ашиг өндөр хэвээр, дансандаа нийт $237 тэрбумын бэлэн мөнгө хуримтлуулаад байна.

 

Эх сурвалж: The Guardian

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх